Номын сангаасаа жижиг номнуудаа түүж уншихаар шийдсэн дээ. Хамгийн ойр нүдэнд харагдсанаар нь энэ бяцхан хөөрхөн ном.
"Тэжээмэл". Японы зохиолч Ооэ Кэнзабүроо. Нобелийн шагналт. Бас их өвөрмөц бичдэг хүн бололтой шүү. Энэхүү "Тэжээмэл"-ийг уншсан чинь.
Зохиолч нь японы үндсэн 4 арлын нэг болох Шикокү арлын Эхимэ гэдэг мужид төрж өссөн гэнэ. Би тэр Эхимэ мужид ажлаар очиж, японы хамгийн анхны халуун рашаанд орж үзэж байлаа. Жуулчид их очдог газар байсан.
За тэгээд дайны цаг үеийн хүүхдүүдийн тухай өгүүлсэн. Энэ утгаараа Агота Кристофын өнөөх айхтар 3 цувралтай төстэй санагдаад. Сэтэрхий уруулт жаал гэж гардаг юм. Бас их зэвүүн жаал. Хэ хэ.
Агуулга нь ч их сонирхолтой. Олон хоног борооны улмаас тэднийг хоттой холбодог байсан гүүр нь нурж унаснаас болоод "мартагдчихдаг" нэгэн жижигхэн тосгон.
Тэндхийн оршин суугчид болох хүүхдүүдийн төлөөллийн тухай гарна. Уйтай зуны амралтынх нь нэг өдөр тосгоных нь бөглүү нэгэн ууланд "дайсан"-ы онгоц осолдож сүйрээд нисгэгчид нь амь үрэгдэнэ.
Нэг л нисгэгч амьд үлдээд, олзлогдоно. Хар арьст хүн. Түүнийг харгалзаж, хооллож ундлах, мөн амьтны ертөнцийн амьтан сониучирхан харж буй мэт ажиглах нь зуных нь амралтыг зугаатай болгож өгнө.
Хотын захиргаа руу тэрхүү олзны хүнээ яах тухай шийдвэр хүлээх богинохон хугацаанд болж өрнөдөг үйл явдал ч хүүхдийн сэтгэлд хэрхэн нөлөөлдөг, хүүхэд гээч нь хичнээн сониуч гэнэн болох тухай гардаг.
Зохиолын би гэх баатар нь нэгэн үйл явдлаас хойш томчуудыг үзэн ядна. Ингээд л уншихаар хүүхдийн сэтгэл санаанд томчууд бидний "тэнэг" шийдвэр, үйлдэл үүрд хадагдан үлддэг юм байна гэж ойлгоод, зулзагуудынхаа ой санамжид арилашгүй хар толбо үлдээчихгүй юмсан гэж өөрийн эрхгүй бодогдоно.
Мөн зохиолч маань Нобелийн шагнал авахдаа уншсан илтгэлийг орчуулж оруулсан байсан. Бас их сонин агуулга бүхий илтгэл байна лээ. Ганц уншаад ойлгохооргүй. Хаант засаглалын эсрэг үзэл бодолтой байсан бололтой.Энэ нь хаант засаглалын мугуйд шийдвэрээр дайн өдөөж, Хирошима болон Нагасаки хотууд атмын бөмбөгдөлтөд өртсөн хор уршигтай гэж дайныг ихэд зэвүүцэн, эсэргүүцдэг нэгэн байсан бололтой.
Ерөнхийдөө гол зарчим, үзэл бодол нь энхтайвныг эрхэмлэгч.
Мөн зохиолчийн өөрийн хувийн амьдрал ч ээдрээтэй байсан бололтой. Ууган хүү нь сэтгэцийн өвчтэй. Энэхүү өөрийн амьдралаасаа сэдэвлэн бичсэн нэгэн зохиол нь бас л их шуугиан тарьж байсан бололтой. Уншина даа гэсэн бодол тээв.
Унших зохиол, бүтээл ч ар араасаа ундраад байдаг. Амжуулна даа, тийм ээ? Бусад хүмүүс амжуулаад байхад. Хэ хэ.
Гэснээс хамаатныхаа нэгэн охинд ном унш гэж их үглэнэ ээ. Ном унших ийм тийм ач холбогдолтой гэх мэтээр нэг их үглэлгүйгээр үлгэрлэчих санаатай. Өвлийнхөө амралтаар нэг ном унших юм гэсэн. Хо хо.
За түр баяртай. бүгдийнх нь ажил үйлсэд амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿