2023年12月26日火曜日

Өвөөгийн бэлэг

За ачтай буянтай Санта өвөө манайхаар ороод гарсан шүү дээ. Зулзагууд хөөр баяр дүүрэн л байна. Ялангуяа бага зулзага. Нүд нь гялалзаад, баярлаад байгаа нь үнэн хайр татам. 

Дунд зулзага ч яахав, өөрөө захиалж бэлгээ бэлдүүлсэн болохоор нэг их сүйдтэй баярласан юм алга. Их л үнэтэй бэлэг захиалаад. Төсвөөс илүү гарсан гээд батлагдаагүй. Төсвөөс илүү гараад байна аа гэж учирлаад байхад л зүтгээд байх юм. Ээ дээ, одооны энэ хүүхдүүд үү? Хэ хэ. 

Аль хэдэн зуун жилийн өмнө л "одооны энэ хүүхдүүд үү" гэж ярьдаг байсан юм гэсэн. Яалтай. Тэгэхээр бидний хүүхдүүд бас томрохоороо дээрх үгийг хэлж үглэх байх даа? Ха ха. 

Ямартай ч бэлэг бүхний дээд бэлэн мөнгө боогоод бэлэглэлээ. Өөрийнхөө цуглуулганаас нэмж байгаад тэрхүү чухамхүү үнэтэй зүйлээ авах байх. 

Бид бялуу аваагүй, зүгээр л өөрсдийн дуртай амттанаа авч идсэн. Тэгээд ч 7 хоногийн өмнө бялуу идсэн болохоор. Гэснээс бялууны үнэ нэмэгдээд, үнэтэй болжээ. Юм юмнаас л гарахгүй бол, бүхий л хүнсний зүйлийн үнэ нэмэгдсэн. 

Хөршүүдийнхээ өгдөг амттанг л хүлээж байгаад иддэг болохоос. Ха ха.  

Хань ижил гарынхаа хоолыг хийж өгсөн. Би байцааны салат хийсэн. Нийслэл салат хийхээс залхуурсан. Одоо ч юм юм хийхээс залхуу хүрдэг болжээ. Цаг хайран, оронд нь номоо уншаад, блогоо бичээд суумаар санагддаг болжээ. Хи хи. 

Өө тийм, КФС-с тахианы мах захиалж идсэн. Би бол зүгээр л гэрийн хоолоо л идмээр байсан. Хань ижил л баяр шүү дээ гээд байх юм. Энэ эрчүүдийн шинэлэг юм хүлээж авдаггүй тархийг заримдаа ч дотор нь орж байгаад эргүүлээд эргүүлээд, холиод солиод тавьчихмаар санагддаг шүү. Ха ха.

Та нарт тэгж бодогддог уу? Ганцхан надад л тэгж санагдаад байна уу? 

Ундаа аваагүй, ундаа уулгадаггүй юм. Тэгснээ өөрсдөө шар айраг аваад уудаг. Энэ томчууд уу? 

Зулзагууд нэхдэггүй юм өө. Хүн өгвөл, хааяа энд тэнд явж байхдаа харин уучихдаг талтай. Угтаа блогоороо, нүүрномоороо дамжуулаад ундаа хэрэггүй ээ гэж бичээд л байдаг юм, ойлгуулчих санаатай. 

Гоё зурагтай стаканд ус хийгээд, хамтдаа тулгачихсан. Бага зулзагат бол тэр ус нь их л амттай байх шиг байсан. Ха ха.

Нас яваад ер нь л баярыг их энгийн, нэг их тансаг биш, төсөрхөн тэмдэглэмээр санагддаг болчихдог юм уу? Эсвэл би энд тэндээс "эсэргүү" зүйлс олж уншчихаад түүнийгээ хэрэгжүүлэх гээд байна уу? Бүү мэд. Ккк. 

За одоо 31-нийг хүлээгээд л, бушуухан шиг амраасай гэж хүсээд л, хүлээгээд л явж байя даа. Он гарах үеэр оргилуун дарс буудуулна даа. Яаж зүгээр байхав. Хаа нэгтээ орж гарахаа сайн шийдээгүй л байна. 

Албанаасаа тарж ирээд шууд л бэлгээрээ тоглож байна. Шинэхэн тул хэсэгтээ төвлөрөөд суух янзтай. Энэ завшааныг ашиглаж би блогоо бичиж сууна. Хи хи. 

Түр баяртай. Шинэ оноо сайхан угтаарай. 

0 件のコメント:

コメントを投稿