2023年12月24日日曜日

Орно оо, хайлна аа

Орно оо гарна аа гэдэг шиг. Энд цас нэг ороод л, нэг хайлаад л байж байна. 

Хүйтэрч ч байна. Хэмийн хувьд монголын намар цаг шиг хэрнээ жиндүү байдаг шүү. Ирж үзээгүй хүмүүс гадаах хэмийг сонсчихоод дулаахан гээд байдаг юм. Дотор нь байгаа бид хөлдчих гээд.

Сэтгэлдээ бол хөдөө малчин айл, хотын гэр хороололд түлээ нүүрс хэрэглэдэг айлуудыг бодоод, тэснэ шүү, олон долоон юм ярьж гоншигонохгүй шүү л гэж бодон арлын орны жиндүү хүйтнийг давдаг даа. Хэ хэ. 

Жаргалтай мөнгөнд бүхий л зүйлд талархах гэж бичсэн байдаг. Энэ талархах зүйл дээр бол би гайгүй юм билээ. Үргэлж л талархах сэтгэлээр ханддаг шүү. 

Багахан орсон цасыг зүгээр өнгөрөөлгүй, гэрийн минь том жижиг хоёр хөвгүүн гадаанаа Олаф хийсэн. 
Ингэж бөөрөнхийлөх чинь санаснаар болохгүй юм байна гэж байсан. Зулзага яахав наана нь шулганаад л, заагаад л гүйгээд байсан. Би хааяа нэг цонхоор харж баясчихаад л. Хи хи.
Хамар бол мэдээж лууван. Нүдийг нь харин киви жимсээр хийсэн. Гэрт яваад байсан юм. Хүйтэрсэн чинь бас хүйтэн жимс идмээргүй санагддаг юм байна аа. 

Хөршүүдийнхээ өгсөн энэ киви жимсийг нэг л идэх хүсэл төрөхгүй явсаар байгаад Олафын нүд болгочихлоо. Уучлаарай. 

Энэ жил дулаахан өвөл болно гээд байсан юм. Монголд хүйтрэхээр энд хэд хоногийн дараа хүйтэрдэг юм. Монголд Сибирийн хүйтэн агаар ирдэгтэй адил. 

Эх оронд минь хүйтний эрч жаахан сулраасай тийм ээ. Ижий аав, элгэн садангуудын минь сэтгэл санаа ч уяраг. 

Түүнээс ойрд их л бухимдалтай байх шиг байна тийм үү? Нүүрс, тог цахилгаан, сургууль соёл, хулгай дээрэм. Эндээс бид бас уншаад, сонсоод бухимддаг шүү. 
Заримдаа ч хэдэн он билээ? Хэдэн жилийн өмнөх л яриа гэж өөрийн эрхгүй бодогдоно оо. 

Он гарах ч дөхлөө, наана нь энд зул сарын баяр гээчийг амжилттай давах хэрэгтэй. Бэлэг сэлтээ хальт л бэлдлээ. Өнөө орой зулзагуудыг унтсан хойно нь бооно доо. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿