Оноос өмнө уншина гэж төлөвлөсөн номны нэг. Ойрд би японы зохиолчдын номыг ихээр уншиж байна. Угтаа япон хэлээр нь унших ёстой байх. Гэхдээ монгол орчуулагчдаа бас дэмжих ёстой тийм үү?
Энэ удаагийн ном японы орчин үеийн уран зохиолыг үндэслэгч гэгддэг Нацүмэ Соосэки. Номын нэр "Күсамакүра".
Зохиолч нь багадаа адармаатай харилцаат гэр бүлд төрж өссөн. Тэр нь хожмоо уран бүтээлд нь нэлээд нөлөөлсөн гэж үздэг юм байна. 1867 он 2 сарын 9-нд төрсөн. 1915 оны 12 сарын 9-д таалал төгссөн.
1900 онд англид суралцах даалгавар авч 3 жил суралцсан. Нутагтаа буцаж ирээд бага сургуулийн багш, ахлах сургуулийн багш зэргээр ажилласан. Зохиолч болох мөрөөдөлдөө хөтлөгдөн 1907 онд багшийн ажлаа өгч, зохиол бичихэд анхаарлаа хандуулж төвлөрсөн.
5 охин, 2 хүүтэй. 5 дахь охин нь ой гарантайдаа онош тодорхойгүй гэнэтийн өвчнөөр өөд болсон. Хожмоо Соосэкийг таалал төгсөхөд түүний цогцсыг нь задлан хийхэд бага охиных нь үхэл тодорхой хэмжээгээр үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг юм байна.
За энэ мэдээллийг түүний намтрын тухай бичсэн wikipedia-гаас олж уншсан шүү. Дэлгэрэнгүй мэдмээр байвал өөрсдөө ороод уншина биз дээ?
Монгол хэлэнд орчуулагдсан зохиолуудаас нь нэрлэвэл "Боччан", "Сэтгэл", "Муур миний өчил" гэх мэт. Миний бие "Сэтгэл", "Боччан"-ыг нь уншсан. "Муур миний өчил"-ийг япон хэлээр уншиж байсан. Одоо ингээд "Күсамакүра"-г нь уншиж байна.
Хуучин ондоо багтааж уншиж дуусгана гэж бодсон амжаагүй ээ. Учир нь нэг өдөр нь би нэгэн бүсгүйтэй орж гарсан. Бусад өдрүүдэд нь зочинтой байсан. Бас нэг өдөр өөр муж яваад ирсэн. Тэгэхдээ захьсан байсан хоёр номоо олж ирсэн. Хэ хэ.
Агуулга нь нэгэн зураач залуу халуун рашаан бүхий уулын бэлд ирнэ. Гол зорилго нь зургийн сэдэл олчих санаатай. Гэвч олж чадалгүй хэдэн өдөр тэр хавиар сэлгүүцнэ. Нутгийн хүмүүстэй ч уулзана.
Халуун рашаанд ч орно. Нэг ёсондоо байгалийн үзэсгэлэнг харж баясан, шүлэг тэрлэнэ. Ингэхдээ мэдээж дээр үеийн Хятад, Европ гэх мэт орны алдартай зураач, зохиолчдын бүтээлээс иш татна.
Өрнөл буюу үйл явдал бараг байхгүй, уран бүтээлч хүний нэг тийм "ойлгомжгүй" сэтгэл сэрлээр аялсаар байгаад зохиол дуусах шахна. Төгсгөл хэсэгт зургийнх нь гол баатарт дутагдаад байсан зүйлийг олж харна.
Ингээд л зохиод төгсөнө.
Орчуулагчийг нь харин манайхан маш сайн мэднэ байх. Сүүлийн хэдэн жил олон олон нийтлэлээрээ танигдаад байгаа Болушка. Би ч хаа нэгтээ нийтлэлтэй нь таарахаараа уншина.
Зарим нийтлэл нь таалагдана, зарим нь таалагдахгүй. Мэдээж надад 100 хувь таалагдах албагүй.
Мөн энэ орчуулгаа орчуулгын хяналтгүй хэвлэсэн. Их л олон шалтгаанаар гэж байна. Бас л айхтар зориг гэх үү? Өөртөө итгэх итгэл гэх үү? Биширье өө.
Угаасаа эх хэлээрээ ч нэлээд хүнд буюу эртний хэллэгээр бичигдсэн тул уншихад хэцүү гэгддэг. Мөн роман гэхээсээ илүү зохиолч өөрийн дотоод сэтгэлийн дүр зургаа өгүүлсэн гэж ч үздэг.
Ямартай ч япончууд ч өөрсдөө уншаад тэр бүр ойлгоод байдаггүй бүтээлээс нь бидэнд орчуулж хүргэсэн орчуулагчид баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿