2024年2月24日土曜日

Хүүхдийн хүмүүжил 2

Номоо уншаад дуусгалаа. Унших явцад номын агуулга нь ихэнхдээ бага насны, бага сургуулийн, зарим нэг зөвлөгөө нь дунд, ахлах ангийн сурагчдад зорилусан шиг санагдсан. 

Дажгүй юм, хэрэгжүүлээд явчих юмсан гэснээсээ ганц нэгийг түүж оруулав. 

1. Хэрэв хүүхэд чинь game тоглоод, амласан амлалт буюу гэртээ game тоглох дүрэм журмаа зөрчөөд байвал шууд л "болиоч ээ, аль түрүүн л дууслаа гэж хэлсэн биз дээ?" гэж үглэх биш "дурмээ баримтлахад хэцүү дүрэм бол дүрмэндээ өөрчлөлт оруулах уу?" гэх мэтээр эерэг хандлагаар хэлэх. 

Эцэг эх үглээд ирэхээр хүүхэд цаанаасаа зөрүүдэлмээр болдог. ПС тоглоомыг ад үзэх биш, аль болох сул тал муу талыг нь тайлбарлаж, дүрэм тогтоогоод баримтуулах. 

Тэгээд ч орчин үед пс, IT салбар улам л хэрэгцээ шаардлага нь ихсэнэ. Багаасаа зөв харьцаад сурчихвал пс тоглоом тийм ч муу зүйл биш. 

Манайх гэртээ элдэв пс тоглоом байхгүй ч энэ аргыг бас ашиглаж болохоор. Дунд зулзага хааяа миний гар утсыг аваад дуу сонсоно. Хааяа айпадаар юүтүб үзнэ. Би падаа нуучихдаг. Хэ хэ. Нэг л их том падтай улсууд. Ашиглаж чадахгүй л байна. Зулзауудаасаа нуух гэж. 

2.  "Алдсан ч хамаагүй ээ, чадахгүй байсан ч хамаагүй, хийгээд үз, оролдоод үз" гэдэг үгээ "хамтдаа хийгээд үзье, хамтдаа оролдоод үзье" гэж хэлэх. 

Чухам үнэн юм шиг санагдсан. Би ч бас алдаанаас айж болохгүй, алдаж байж сурдаг гэх мэтээр их үглэнэ ээ. Мэдээж нэлээд том болоод, дунд, ахлах ангийн хүүхдэдээ бол хэлж болох юм. 

Түүнээс бага зулзагадаа бол жишээ нь хамтдаа дээс үсрэх үү? хамтдаа дугуй унах уу, хамтдаа ном унших уу? гэж л хэлэх ёстой юм байна гэж ойлголоо. 

3. "Тодорхой ярь, олигтойхон шиг хэл, хэлэхгүй бол ойлгохгүй шүү дээ" гэдгийг "Энэ (тэр) талаар юу гэж бодож байна?" гэдгээр солих. 

Зээ, энэ ч бас чухал юм шиг тийм үү?. Томчууд бид хүүхдүүдээ нэг л их том хүн шиг яриулах гээд байдаг даа, заримдаа. Энэ өгүүлбэрээс харахад бол найз нөхөд шиг нь юу гэж бодов? гэх мэтээр асууж ярилцах нь байх тийм ээ?

Хүний өмнө ичээд сайн ярьж чаддаггүй, сандардаг гэх мэт хүүхдүүдийн хувьд үүнийг нь сул тал гэж харалгүй, яаж илэрхийлэх аргаа сайн мэдэхгүй байна гэж хандах. 

Ийм ичимхий хүүхдийг хүчээр яриулах биш, эцэг эх нь тусламжийн гараа сунгах.

4. "Удаан чанарын хүүхдийг яаруулж сандаргах бус тухайн хүүхдийн хурдад тааруулах арга бодож олох". Жишээ нь 10 минутын дасгал ажлыг 20 минут зарцуулж хийдэг хүүхэд байлаа гэж бодъё. 

Тухайн даалгавар ч юм уу тооны бодлого гэх мэтийг нь тал хувааж байгаад 10 минутанд ажиллаад үзэх үү? гэж санал тавиад ажиллуулах. 10 минутандаа амжаад ирэхээр нь бага багаар агуулгыг нэмэх. 

10 минутанд амжаад хийчихсэн үед нь магтаж урамшуулахаа мартавзай. 

Зээ, охид харьцангуй гайгүй байсан шиг санагдана. Бага ангид нь сургуульд, багшид л найдаад, даалгасан. Гэртээ бол яахав, хамт номын сан орж ном зээлэх, хамтдаа ном унших, бие биедээ ном санал болгож, тэр номынхоо талаар ярилцах зэргээр л тулж ажилласнаа санадаг юм. 

Түүнээс учиргүй тоог нь бодоход нь туслаад гэх мэтээр хамтраагүй. Тэгээд ч хэлний мэдлэг минь маруухан тул охид тэр тал дээр өөрсдөө л биеэ даагаад, нухаад явдаг байж, одоо бодоход. 

Заримдаа боддог л юм, багадаа тооны хичээлийг, хими, физикийн хичээлээ шамдан хийж л байдаг байж гэж. Тэр үед том болоод ээж болно, ээж нь хүүхдэдээ хичээлийг нь заана гэж төсөөлж ч байсангүй. Хэ хэ. 

Учир нь миний өөрийн ээж аав ч бидэнд хичээлийг минь заагаад сүйд болдоггүй байсан. Бид өөрсдөө л учраа олдог байж, хуулах үедээ хуулна, хуулуулах үедээ хуулуулна. Хи хи. 

Тэгэхээр хүүхдийн хүмүүжил, сурлага гэх мэтэд тухайн орчин их нөлөөлдөг гэдэг нь батлагдаад л байх юм даа тийм ээ? 

5. "Дуртай л хичээлээ хийгээд байхаар дургүй (тааруухан) хичээлээ хийсэн нь дээр биш үү?" гэж үглэдгээ "хэлний хичээлд дуртай юм аа даа, улам сайн шамдаарай" гэдгээр солих. 

Хүүхэд чинь дуртай буюу чаддаг хичээлээ л хийгээд байна уу? Энэ бол гайхамшиг шүү. 

Дуртай хичээлээ улам сайн зүлгээд, хүссэн оноогоо аваад ирэхээр хүүхэд аяндаа сэтгэл ханамж нь өндөрсөөд бусад тааруухан хичээлээ ч хийх юмсан гэсэн хүсэл, зорилго нь ундраад ирнэ. 

Давуу талаа талаа улам зүлгэх нь амжилт өөд өгсөх дөт зам юм. 

Үүнийг уншаад яг л намайг хэлсэн байлаа. Би ч мөн адил дээрх шиг үглэнэ. Тааруухан хичээлээ сайн давтаач ээ, уншаач ээ гээд л. Одооноос үүнийгээ засна. Нэг бол энэ талаар огт үглэхгүй, нэг бол яг энэ ном бичсэнчлэн "үглэж" үзнэ. Хи хи. 

Өнөөдөртөө ингээд өндөрлөе. Үргэлжлүүлж уншмаар байвал гараа өргөөрэй, Нэг бол гялс хариу. Хи хи. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. Хамтдаа хичээцгээе.

0 件のコメント:

コメントを投稿