Энэ жилийн цагаан ногоон сар айлчин ихтэй байна аа. Дуусдаггүй ээ. Далимаар нь сайхан бууз л их идэж байх шив дээ. Түүнээс энд чинь "за өнөөдөр ямар хоол хийх вэ?" гэж өөрөөсөө асууснаа, "ямартай ч будаагаа агшаачихая" гээд будаатай хуурга маягийн хоол хийчихдэг. Хо хо.
Бид гэхдээ будаатайгаа хольдоггүй. Тус тусад нь таваглаад иднэ ээ.
Айл хэссэн тухайгаа монголд буй ижий аавдаа хэлсэн чинь хоёрхон айлаар хэссэнээ хорин айлаар хэссэн мэт л сүртэй ярих юм аа гэсэн. Хэ хэ.
Бид хоёр айлаар зочилсон.
Харин манайд хориод хүн ирсэн. Мэдээж нэг дор биш л дээ. Увж цуваад л, тус тусынхаа цаг завийг харж байгаад л ирнэ, ирүүлнэ.
Шөнө дөл болтол суухаар бас ядардаг насандаа иржээ. Залуухан байхад ч нэг их тоодогүй байж, маргааш нь ажилдаа гялалзаад, алздаггүй байж.
Тэгсэн одоо яаж байна? Маргааш нь үүрэглэдэг болж. Халуун боргол ууж байж л нэг өдрийг барж энэ тэр. Гэхдээ нэг авууштай нь үүрэглэлээ гээд борголынхоо тоог нэмэхгүй ээ? Үдээс өмнө, үдээс хойш нэг нэг аягыг л ууна.
Харин оройхон нь эртхэн унтах минь гээд л орондоо орно доо. Гэхдээ их сонин гэртээ харихаараа сэргэчихнэ. Хи хи.
Энэ жилээс идэш уушаа үнэхээрийн зохицуулах минь гэдэг уриа лоозон тавьсан. Нэг мөнсөн мартын 8 өнгөрөхөөр болох уу гээд явж байна. Худлаа худлаа, хэрэгжүүлээд эхэлсэн.
Амттан идэхгүй 7 хонож байна. Өдөр бүр болсон болоогүй зүйл хивж байдгаа болих санаатай. Ингэж бичиж л байсан байх, өмнө нь. Яахав ээ, хүн чинь мартдаг шүү дээ.
Хүн чинь мартдаг шүү дээ угаасаа гэж бага зулзага хүртэл хэлээд, өөрийнхөө амласан зүйлээ хэрэгжүүлэхгүй байхад. Зурагт үзүүлэгүй шүү гэж хэлснийг минь маргааш нь та мартчихаагүй юм уу? гэж ч байх шиг.
Аан тийм, суугуул нутагт минь монголчууд нэмэгдсээр. Заримтай нь бүр хамаатан байдаг шүү. Цагаан сараар монголд золгоцгоосон улс үр хүүхэд нь япон явсан тухайгаа, японд байдаг тухайгаа ярилцаад, нааш нь хэлээд, бид уулзалдаж байх жишээний.
Тэгсэн ганцхан хүн ажилладаг юм байх гэсэн чинь бүр дөрвүүлээ байдаг гэнэ. Энэ удаад ганц хамаатныг нь л гэртээ авчирч бууз жигнэж идлээ. Миний биш, хань ижлийн хамаатан...
Тэгээд л дадлагажигчаар ирсэн залуус их бололтой. Ажил үйлсэд нь амжилт хүсье ээ. Тааралдвал мэнд усаа мэдэлцэнэ ээ. Надаас айгаад зугтаачихгүй л бол. Хо хо.
Тэртээ олон жилийн өмнө нийслэл хотынх нь метронд хэдэн монгол залуустай таараад, мэнд мэдсэн чинь намайг тоогоогүй шүү дээ. Тэр олон сая хүмээсээс биесээ олоод таарчихсан улс чинь мэндтэй л байвал гэж бодсоных л доо.
Түүнээс хойш өөрөөсөө гүйж очоод мэндэлж намба алдахгүй ээ гэдэг бодолтой болсон ч цагаа тулахаар бас үгүй юм билээ. 2 жилийн өмнө, дэлгүүрт 3 монгол залуутай тааралдаад, хөөх та нар монголчууд юм уу? гэж мэндлээд, дараа нь бүр гэртээ авчраад цай цүү болсон юм даг. Ха ха.
Хүний нутагт сүрхий биесээ дэмжээд сүйл болдоггүй юм гэхэд хал балгүй, мөрөөрөө сайхан ажлаа хийцгээгээд явахад болно дөө. Түүнээс ч миний талхны минь мөнгөнөөс хумслаад, элдэв арга хэрэглэн миний хийх байсан ажлыг булаачихсан ч хүн байна, энд. Бодохоор л гомдоод байх юм. Ккк.
За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿