Бидний 2 сард унших ном. Ишигүро Казүо "Өдрөөс үлдсэн зүйл".
Өнгөрдөг зун монгол явахдаа хальт шагайсан номын дэлгүүрээсээ авсан. О.зулзага харчихаад японоор нь уншаач, эндээс ном чирээд гэж үглэсэн. Зөрөөд худалдаж авсан.
Япон хэлээр уншина гэдэг чинь алаан байхгүй юу? Ядаж байхад би их маягтай уншина. Заавал бал цаас хажуудаа тавиад, мэддэг ч юм шиг зүйлсээ хүртэл аан ингэж хэлж болж байх нь гэж бодон тэмдэглэж авдаг.
Эргэж сөхсөн нь тун ховор. Тэтгэвэртээ гарахаараа сөхөж харна. Ха ха. Тэгээд ч хүмүүс тэтгэвэрт гарахаараа хэсэгтээ хийцгүйрээд, сэтгэл санаагаар унадаг гэсэн биз дээ?
Гол нь тэр хүртэл хорвоогийн тоос хөдөлгөж байх хэрэгтэй. Хи хи.
Зохиолч нь 6 настайдаа англид очиж суурьшижээ. Миний о.зулзага 3 настайдаа ирсэн юм. Эвий эвий. Ямар байсан бол гэж бага зэрэг гадарлаж энэ тэр.
Бичих авъяастай байжээ. Гоё юм өө, бичих, дуулах, зурах, хөгжимдөх, бүжиглэх гэх мэт авъяастай хүмүүст атаархаад ханашгүй. Хайрлаж, хөгжүүлж яваарай, та нар наад авъяас чадвар аа. Ха ха.
Гэснээс би Нобелийн шагнал авсных нь дараагаар нэг номыг нь худалдаж авсан юм байна аа. Жижиг ч билүү? Санадаггүй. О.зулзага уншсан байх. Охиныхоо номын санг нэг уудлая байз.
Нээрээ эгчийнхээ үлдээсэн номыг дүү нь уншаад байгаа харагдана лээ. Удахгүй бага зулзага бас бага эгчийнхээ номнуудаас уншиж эхлэх байх даа. Хөөрхөн.
Агуулгыг бичих илүүц байх тийм үү? Энд тэнд залуус уншсан номныхаа тэмдэглэлийг их бичдэг болсон тул.
Мэдрэмж гэвэл. Ямартай ч их цэмцгэр бичигджээ. Дэл сул үг үгүй. Аргагүй л ажилдаа мэргэшсэн даамлын яриа. Ажилдаа "ноён нуруу"-тай ханддаг шиг ээ энэхүү дурсамжаа бичсэн мэт үнэхээр гоё бичжээ.
Уншиж буй би хүртэл уншихдаа нуруугаа цэгцлээд, ихэмсэг зангаар уншсан. Ооё. Жишээ нь хажуудаа ямар ямттангүйгээр, гар утсаа хол тавих гэх мэт.
Аавыгаа өнгөрч буй цаг мөчид ажилдаа үнэнчээр хандан эзнийхээ зочдод таагүй сэтгэгдэл төрүүлэхгүй гэж хичээж буй хэсэг өр өвдөм.
Английн тэр том шилтгээнүүдийг нүдэндээ төсөөлөөд л уншлаа. Гэхдээ багадаа бол их гайхдаг байж. Хэдхэн хүн л амьдардаг байж тийм том ордноор яадаг байна аа гээд л.
Жинхэнэ англи жентелмэн одоо байдаг болов уу? Одоо ийм үнэнч даамал бий болов уу? гэж бодон бодон уншсан.
Мөн "...Би хамаг сайхан он жилүүдээ лорд Дарлингтонд зориулсан. Хамаг ур чадвараа, байгаа бүхнээ түүнд зориулсан, одоо одоо ингээд харахад надад өгөх өөр юм үлдээгүй шив дээ..." энэ мөртүүд хүн аливаа нэгэн зүйлд өөрт буй хамгаа хэт зориулах нь эцэстээ нэг тийм ганцаардал, энэлэл, уй гунигийг өгдөг юм байна, өөртөө өгөх юм үлдээх хэрэгтэй юм байна гэж бодов.
За тэгээд хэн хэндээ "хайртай" байсан шүү, "татагддаг" байсан шүү гэдгээ хэлж чадахгүй явцгаагаад, уур хүргээд байсан. Кентон авхайн хувьд бүсгүй хүн гэдэг утгаараа хэлж зүрхлэхгүй байсан бол Стивенс ажлаас өөр зүйлд ач холбогдол өгөхгүй, эзэндээ чухам үнэнч, хариуцлага өндөртэй тул түүндээ баригдаад бас сэтгэлээ илэрхийлэхгүй явсаар дуусч байгаад бухимдав.
Хамаг сайхан залуу насаа нэг л шилтгээнд өнгөрүүлнэ гэдэг ямар бол? Орж гардаг ч болоосой, жаахан ч гэсэн гадаад ертөнц үү өнгийж хараасай гэж бодно оо бас, зохиол гэж мэдсээр байж...
Кино нь байдаг юм байна. Боломж гарвал үзнэ ээ. Гоё ч жүжигчин тоглосон байна билээ.
Гоё ном уншаад дууссаны дараагаар сэтгэл санаа хүртэл гоё байдаг шүү.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿