2024年2月27日火曜日

Эмэгтэй

Нэгэн орчуулагч бүсгүйн орчуулсан номнууд дандаа дугаар дайрч орж ирэн, надад уншигддаг. Ха ха. 

Өнөөдөр бас л дугаар дайраад, бүр зүтгээд, намайг унш, намайг унш гээд чичрээд дайрсан ном бол "Эмэгтэй". Зохиолч нь Нобелийн шагналт Анни Эрно.

Болортуяа орчуулагчийн орчуулсан номнуудыг уншихаасаа өмнө тухайн номны зохиолчдыг нь ч мэддэггүй, сонсож дуулаагүй байдаг. Энэхүү орчуулагч бүсгүйн нүүрном болон ютүб хуудсыг дагаж, уншдаг, сонсдог болсноор миний уншдаг жанр тэлсэн. 

Өмнө нь хайр дурлалын голцуу сэдвээр л уншдаг байсан хүн маш олон төрөл, жанрыг уншиж эхлэх болсон. Үүндээ ч дуртай, мөн талархаж явдаг. 

Энэ удаагийнх нь орчуулгын номыг гартаа авч дэлгэхээсээ өмнө Анни Эрно гэх зохиолчийг ч  "дүрмийн дагуу" мэддэггүй байлаа. Одоо мэдэж авлаа. Дараа дараагийн орчуулгыг нь ч тэсэн ядан хүлээнэ. 

Агуулгын хувьд бол бодит амьдралд, өдөр тутамд тохиолддог зүйлийг бичсэн, маш ойрхон сэдэв. Зохиолч ч өөрөө туулсан, мэдэрсэн. 

Дэлхийд өндөр наслалт, урт наслалтаараа нэгт бичигддэг япон оронд ч  "зохиолчийн ээжийнхээ туссан өвчний" тухай бичсэн энэ тохиолдол маш өргөн хүрээнд яригддаг, бичигддэг сэдэв. 

Мөн өндөр настны асрамжийн газар ч олон. Харин тэнд ажиллах залуу хүч, ажилтны тоо маш дутмаг. Тэр ч утгаараа асаргааны чиглэлээр гадаад орноос ажилчдыг ихээр ирүүлж ажиллуулах сонирхолтой. 

Өндөр настнуудын асрамжийн газар ажиллах нь маш их стресстэй, хүнд хүчир ажлын байрны нэгт орно гэж ярих хүмүүс ч бий. Учир нь боддоо, яг л жаахан хүүхэд мэт аашилдаг "томчууд". 

Хүүхдүүд бол асарч, тойлсны үр өгөөж нь нүдэнд ил, өсдөг, хөгждөг, гараас гардаг. Харин жаахан хүүхэд шиг "настнууд" хэзээ ч үр өгөөжөө өгөхгүй, эсрэгээрээ улам дордоно. 

Тэгэхээр дэргэд нь асарч буй хүмүүс их бухимддаг, уурладаг. Хэдий төрсөн үр хүүхэд нь ч бай. Тийм болохоор асрамжийн газар өгдөг. Үүнийг энд ачлалгүй, энэрэлгүй гэж үздэггүй. Учир нь тэд бас амьдрах хэрэгтэй, үр хүүхдээ өсгөх хэрэгтэй...

Дээр бичсэнчлэн сэтгэл зүйн болон, биеийн хүчний ачаалал их учраас зарим нэг асрамжийн газарт ажилчид нь өдөр тутмынхаа уур бухимдлыг тухайн газрынхаа өндөр настанд гаргаж зодох, дээрэлхэх, бүр алчихсан тохиолдол ч гардаг. 

Амьдарч буй улсад минь, нийгэмд нь энэ өвчний тухай их яригддаг тул энэ удаагийн "Эмэгтэй" ном сэтгэлд маш ойр байлаа. Мөн өөрийн минь ижий хэрэв ийм өвчинд нэрвэгдвэл би яах бол гэж бодон бодон уншсан. 

За ээжийнх нь залуугийн үеийн дурсамж, ээжийгээ харж буй өнцөг, ээжийн тухай бодол гэх зэргийг уншаад би охиддоо хэрхэн харагддаг бол гэж, би сайн ээж чадаж байгаа болов уу? гэж бодон бодон уншина. 

Одооноос үг, үйлдлээ хянаж байхгүй бол ч, үр хүүхдэдээ эргэн дурсагдахдаа "хөвсгөр, зэвүүн ээж" гэж дурсагдах вий гэж айж энэ тэр. Ха ха. 

Учир нь эх хүн үр хүүхдийнхээ төлөө гэж хэлсэн үг, хийсэн үйлдэл нь үр хүүхдэдээ хүрээд байдаг нь ховор ч юм шиг. Ямар ч утгагүй үглээ болдог шиг...

Мөн бид бол ээжийнхээ тухай ихэнхдээ магтаж, сайшааж ярьдаг, дурсдаг тийм үү? Харин Анни Эрно зохиолч яг байгаагаар нь, тухайн үед хэрхэн уурлаж, үзэн ядахдаа үзэн ядаж, хайрлахдаа хайрлаж байсан тэр л мэдрэмжээ бичсэнд нь баярлав. 

Би ч өсвөр насандаа ээждээ уурлахаараа ил хэлэхгүй ч амандаа, дотроо муухай үгээр хэлчихдэг л байсан...

За тэгээд "Эмэгтэй" номонд ээж нь ямар өвчин тусчихаад намайг ийм зүйл бодоход хүргэсэн тухай та бүхэн номыг нь авч уншиж байж л мэднэ.

Шинэ зохиолчтой уулзуулдаг орчуулагч Болортуяа "дарга"-даа баярлалаа. Дараа дараагийн уран бүтээлд нь амжилт хүсье. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿