2024年4月12日金曜日

Хайрхаан

Ззэ, энэ номыг хань ижил захиж авчруулсан. Гэхдээ өөрөө одоогоор уншаагүй байгаа. "Завтай"-гаараа би түрүүлээд унших уу даа? Хэ хэ. 

Гэснээс саяхан Осака дахь найзаасаа бэлгэнд бас нэгийг авсан. Байгаа гэж хэлж зүрхлээгүй. Уучлаарай. Байгаа гээд хэлчихвэл, өөр бэлэг хайгаад, санаа нь зовоод, найздаа төвөг удчихна гэж санаа зовоод. 

Илүү нэгнийгээ дүүдээ бэлэглэсэн. Шимтэн уншаарай гэж хүсье.

Сүүлийн үед ямар ч шашинд жаахан шүүмжлэлтэй ханддаг болсон ч шинэ зүйл мэдэж авсандаа баяртай байна. Угтаа лам хүн, шашныг дээдэлдэг хүндэлдэг хүмүүсийн мөн чанар энэ номд гардаг Лувсанхайдав гуай шиг байвал тийм ээ? 

Оноос өмнө уншина гэж төлөвлөсөн, амжсангүй. Өдийд л дуусгаж байна. 

Шашныг үгүйсгэх гээд байгаа өөртөө, үе үе иймэрхүү агуулгатай ном уншиж байх нь зөв гэж дүгнэлт өгсөн. Тэгэхгүй бол эх орондоо болж байгаа шашны хэт туйлшралыг хараад бухимдаад, өөрийн эрхгүй үгүйсгэх гээд байдаг болчихсон байна лээ. 

За тэгээд Лувсанхайдав гуайн амьдрал тэг чигээрээ адал явдал байжээ. Өөрийнх нь хэлснээр "Хайрхаан! Амьдрана гэдэг чинь үхэхээс бусдыг үзэхийг хэлдэг юм байна" 

Мөн зохиогч Ширчингийн Баатар гуай ч мөн их уран сайхан бичжээ. Олон сайхан зүйр үг, хэлц үгтэй таарлаа. Тэр бүгдийг тодруулж, цаас нааж тэмдэглэв. 

Учир нь би чинь уншаад л байдаг хэрнээ яриандаа жаахан тааруу. Зүйр үг, хэлц үгээ буруу хэрэглээд байна гэж шоолуулдаг хүн шүү дээ. Хо хо. 

Хань ижил шараар одруулж байхыг харчихаад би уншина шүү дээ, дараа нь. "Битгий ингэж тэмдэглээд бай, яах гэж ийм үгийг тэмдэглэсэн юм бол? Иймхэн үг мэддэггүй юм байх даа гэж бодоод, номдоо төвлөрч өгөхгүй байсан" гэнэ ээ. 

Би ч мөчөөгөө өгөхгүй, түрүүлээд уншиж бай, гол нь хурдан унших хэрэгтэй гэв. Ха ха. Цаг зав нь болдоггүй, дээрээс нь над шиг сиймхий л гарвал ном барьж авдаггүй хүн л дээ. 

За юу ярьж байлаа? Аан тийм. Лам хуврага улсууд бас их хөөрхийлөлтэй хувь заяаг туулсан байх юм. Хэдэн жилийн өмнө "Ногоон нздэн лам"-ыг уншаад бас л их өрөвдөж байж билээ. 

Хэлмэгдүүлэлтээр чадалтай хэдэн лам хуврагаа алчихсан, тэгээд хойч үеийнхээ толгойг шашин бол хар тамхи, лам нар бол шар хувалз гээд тархийг нь угаачихсан. 

Гэхдээ "Оройгүй сүм" роман бол өөр шүү. Өөр өнцгөөс нь харж бичсэн. Үнэний хувь ихтэй. Нэг хэсэг энэ романы тухай нэлээд ширүүн хэлэлцүүлэг нүүрномоор болоод өнгөрсөн. Би ч уг зохиолыг, зохиолчийг нь өмөөрөх талдаа...

Бурхан, суврага барих гэж бас л их хөрөнгө зардаг байжээ, их эртнээс. Сүсэгтэй хүнд бол сайхан. Над мэт шиг сүсэггүй юм уу гэхээр хааяа маань уншчихдаг, сүсэгтэй юм уу гэхээр элдэв шашны хэрэгслийг тоодоггүй, хэрэглэж мэддэггүй хүнд дэмий зардал мэт санагдах. 

Мөн уг номын нэг гол санаа нь "хүний газар гүний нутагт явахдаа монгол гэдэг нэрээ эрхэмлэн хайрлаж явах, монгол хүн монгол хүндээ нөмөр нөөлөг болж явах, хүний газар уур омгоо дарж явах" тухайг өгүүлдэг. 

Үнэн үнэн. Японд бидний цөөхөн монголчууд харьцангуй нэр хүнд сайтай ч бас бус хүмүүсийн олиггүй зан авир, шунал тачаалаас болоод үе үе мэдээгээр гарна. "Нэг эврийн үхэр доргивол мянган үхрийн эвэр доргино" гэгч л болно. 

Мөн японы тухай гарна. Хөөрхийс япон хэлтэй, тэнд сурсан лам нараа бас японы тагнуул гээд хороочихдог, ай хөөрхий үнэн тэнэг гэнэн байж дээ гэж бодогдох...

Япон хүнийг зүйрлэн хэлсэн нь үнэхээрийн үнэнд ойрхон санагдаад эндээ хуулж бичив. Хи хи. 

"Наран хүн гэдэг чинь ха гэхээр хаждаг, хөж гэхээр хөөсөрдөг атан тэмээний улаан нүдээ эргэлдүүлэн, туулайн сэтэрхий уруулаараа цухуйх дорсгор шүдээ орсойлгоод, бөхөн хамраараа уурын тэрэг шиг утаа манаруулан хоёр талдаа байн байна хаяад, алагдаага мэт энд тэнд алд дэлэм дэгдэн харайж явдаг". 

Халхчууд ингэж дүрслэн цуурхдаг байсан гэнэ. Инээд ч хүрэх чиг. Одоо үед мэдээж шүд энэ тэрээ янзлуулдаг болчихсон л доо. Хөөрхий минь уруул нь нэг их сэтэрхий юм байхгүй л дээ. Ха ха. 

Ззэ нэг ийм сонин сайхан ном уншчихлаа. Нэг сайхан дураа хүрвэл номонд бичээстэй сонин содон хэлцийг түүж бичиж оруулна аа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿