Мөнгөний тухай номныхоо эх хувийг нь уншаад талдаа оров. Маш удаан зээллээ. Буцааж өгөөд, буцааж зээлээд явлаа. Гол нь хажуугаар нь өөр ном уншиж гүйгээд, мөн зав гаргахгүй дэгдэж гүйгээд...
Мөнгө санхүүгийг чиглэлээр япон хэлээр барагтаа уншдаггүй тул аминдаа ийм салбарыг үг хэллэгээ бага багаар баяжуулах санаатай, заавал уншиж дуусгана гэж зүтгэсэн.
Тэгэхгүй бол шууд л мэргэжлийн хэллэгтэй ном барьж авбал толгой хүлээж авахгүй юм билээ. Монголоороо ч хүлээн авахгүй байхад. Хэ хэ.
Агуулгын хувьд монгол орчуулгаас нь бага сага түүгээд бичсэн ч энэ удаад дахин "тийм шүү" гэж бодсон зүйлээ бичив.
Бид мөнгөлөг амьдарч байгаа хүмүүсийг хараад, нэг бол бид тэднийг мөнгөлөг гээд бодчихсон хүмүүсийн үйлдлийг, гаднах байдлыг хараад уурладаг. Бид адилхан л ажиллаад, хөдөлмөрлөөд байх юм, тэгтэл яагаад мөнгөгүй байгаад байна гэж бухимддаг.
Үнэн тийм ээ? Хи хи. Аминдаа л ажиллаад л, гэртээ ч зүгээр суучихгүй санаатай л зүтгээд байхад гээд бухимддаг байлаа.
Мөнгөний тухай уншаад, баячуудад атаархах хэрэггүй юм байна, харин тэдэн шиг сэтгэх хэрэгтэй юм байна гэж бага багаар ойлгоод л байна. Хо хо.
Хамаг хүчээ шавхан, эрүүл мэндээ золин байж ажиллах нь "мөнгөтэй болох"-ын хариулт биш.
Үүнийг бас өдий насандаа ойлгож байна. Залуухан байхдаа, монгол руу болсон болоогүй мөнгө гуйвалдаг байхдаа, энэ тухай олж уншаад эртнээс ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулах ёстой байж дээ гэж бодогддог болсон.
Тэгсэн бол алдсан ч оносон ч залуу насандаа "омогшоод" эргээд босох чадалтай байж. Одоо болохоор мөнгөгүй болчих вий гэдэг айдас нь ноёлоод байна.
Хүмүүс мөнгөний тухай их айдастай байдаг. Ирээдүйд би мөнгөгүй болбол яах вэ? Миний цуглуулсан хуримтлал хүрэлцэхгүй бол яах вэ?
Байна байна. Нэг их ил хэлээд байхгүй ч, ирээдүйд санаа зовоод байна. Зулзагуудаа их дээд сургуульд сургах мөнгө цуглуулахгүй бол, хуримтлуулахгүй бол гэх мэт айдсууд хөвөрнө.
Энэ мэт айдсууд нь эцэг эхийн, нэг бол ойрын хамаатан садных нь мөнгөнд хандаж буй хандлага их нөлөөлдөг гэнэ шүү. Үнэн байх.
Зулзагууддаа энэ мэт мөнгөний айдсаа, түгшүүрээ, хандлагаа халдаачихгүйхэн шиг, тунг нь тааруулж зөв ойлгуулаад явахсан даа. Үүний тулд мөнгөтэй хэрхэн харьцах тухай бичигдсэн ном л худалдаж авч тавина даа.
Сонирхоод унших байх гэж найднам.
Энэ айдсын эсрэг нь "ХАЙР". Гэхдээ бид хүүхдээ хайрлаж байна гээд зүгээр л айдаст автдаг. Чадахгүй байх, алдах байх гээд айгаад, тэр айдсаа хайрлаж байна гэж зарлаад, эсрэгээрээ хүүхдүүдээ уяад байдаг.
Хайр нь гэдэг нь байгаагаар нь л хүлээн авах, бүх зүйл амжилттай болно гэж итгэх.
Үнэн тийм ээ? Алдсан ч хараад л, ажиглаад байж байх ёстой юм шиг байна. Чадах болов уу даа? Нэг мэдсэн л үглэчихсэн явж байх юм...
Одоо цагтаа оршихуй. Өнгөрсөнд харамсаж, ирээдүйд санаа зоволгүй, яг одоо цагтаа амьдрах. Одоо хийж буй үйлдэлдээ, одоо болж буй явдалд, одоогийн байгаа байр байдалдаа талархах, баярлах. "ТАЛАРХАХ, БАЯРЛАХ"...
Энэ "яг одоодоо амьдар" гэж их яригдаж байна тийм үү? Эсвэл миний уншиж буй ном, бичвэрт их гараад байх шиг.
Мөнгө та хоёрын харилцаа хайраар бялхсан байх. Энэ нь та хүссэн ажлаа хийж байна, хангалттай цалин авч байна, наад захын хэрэгцээ минь хангагдсан байна, болж байна, бүтэж байна гэж хандах.
Танд мөнгө орж ирэхэд "АРИГАТО" буюу баярлалаа гэж хэлж байх. Мөнгөтэй хүндэтгэлтэй харьцах.
Дээхэн үед наймаачид бараагаа зарчихдаа мөнгөөрөө үлдсэн бараагаа цохиод байдаг байсан даа. Монголд байхдаа зах дээрээс юм авахад эгч нар голцуу тэгж мөнгөөрөө бараагаа цохьдог байж билээ.
Тэр нь нэг ёсондоо баярлалаа гэсэн үг нь байсан байхдаа, тийм ээ? Хи хи.
Би ч цалин минь орж ирсэн байвал, энд тэндээс мөнгө орж ирвэл аригато гэж хэлдэг хэлдэг.
Баярлалаа, аригато гэдэг үгэнд асар их хүч агуулагдаж байдаг шүү. Өдөр тутамдаа хэлж сурах, хэвших.
Мөн өдийг хүртэл дотроо бодож ирсэн нэг талархал бол "Олон залуус гадаад явах гээд чадахгүй, боломж нь гарахгүй байхад би энд ирээд ажиллаж амьдарч байгаадаа талархах хэрэгтэй, зүгээр л нэг цаг нөгцөөж болохгүй юм шүү" гэж боддог юм.
За тэгээд мөнгийг ад үзэлгүй, мөнгөнд хандах хандлагаа нэг харж үзээд, бүгдэд талархах ёстой юм шиг байна, тал хүртэл нь уншсан зүйлээ базаад хэлэхэд.
Түр баяртай, үлдсэн тал хэсгийг нь базаад дахин нэг бичвэр оруулна аа.
Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿