Ирж яваа цаг тул дулаараад сайхан л байна. Мэдээж үе үе жиндүү салхилна, бороо шивэрнэ. Энд бороо орохоор уянгалж, эморохгүй ээ. Орж гарахад нороод, угаасан хувцас хатахгүй, амьдралд жаахан тав тух алдуулаад байдаг юм. Хэ хэ.
Хүн гэдэг чинь их дасамтгай, уйдамтгай, өөр юу билээ? Мөрөөдөмтгий, уярамтгай...
Үүгээр түүгээр зугаалахдаа цэцэгсийн зургийг л их дарах юм даа.
Энэ гэхэд нэр усыг нь мэдэхгүй. Төгөлдөр хуурын багшийн гэрийн гадаах цэцэг. Өмнө нь байгаагүй. Сая очиход байж байна шүү. Мэдээж зураг дарна. Дэлбээг нь ойртуулаад харахад их гоёмсог өө. Сэтгэл сэргээм. Надтайгаа тувт хэлхээтэй байдаг зулзага хүртэл ээж ээ, гоё цэцэг гэдэг болсон байна лээ. Хэ хэ. Цаанаа л нэг тийм тансаг. Эмзэг... Их өвөрмөц ягаан өнгөтэй.Хорвоо дээр чинь хэдэн төрлийн өнгө байдаг юм бэ дээ? Урлагийн хүн бол ч бүр зүрх сэтгэлээрээ мэдрэх байх даа.
Би чинь цэцэг тарьж мэдэхгүй ч харж бол баясаж чада өө. Боломж гарвал нэр усыг нь асуудаг л юм. Тэмдэглэж авахгүй бол мартчихна бас.
Өдөр тутмынхаа амьдралаас жаахан ч гэсэн баяр баясал олж мэдэр гэж уншаад, хэрэгжүүлдэг ухаантай юм. Юу ч байж болно. Цэцэг, зулзагуудын инээд хөөр, мөн тэдний эсэн мэнд оршихуйд гээд л.
Болоогүй ээ, номынхоо хуудсыг ганц хуудас уншсан ч сэтгэлд таатай санагддаг болсон. Огт уншаагүй, бас ч гэж нэг нүүр, нэг хуудас уншаад амжлаа гээд л. Хи хи.
Аан тийм, жаахан бага ярих санаатай. Хань ижил "чи хэтэрхий их бураад байна, хааяа сонсож сур" гэж айлдсан. За л гэлээ. Хо хо.
За тэгээд эх оронд минь, төрөлх хотод минь шороон шуурга, цасан шуурга, дээрээс нь сонгуулийн хэнээ...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿