Энэ номоо гялс биччихээд буцаахгүй бол хугацаа хэтэрсэн нэгт.
Дараагийн номдоо төвлөрч өгдөггүй ээ, хоёрдугаарт.
11. Аливаа зүйлээр хэт хангавал хүүхэд "оролдлого"-гүй болчихдог. Эцэг эхийн зүгээс хүүхдийнхээ асуудалд хэт их оролцоод, хэт их хангаад байвал хүүхэд "би юу ч хийж чадахгүй юм байна, дахиад л ээж аавын туслалцааг авчихлаа" гэж бодоод, аливаа зүйлийг оролдоод үзье гэсэн хандлагаа гээчихэг.
Мэдээж туслалцаа хэрэгтэй цаг үеийг нь олж туслах л хэрэгтэй. Түүнээс бидний туслалцаа огт хэрэггүй гэсэн үг бас биш юм.
12. Хүүхэд тань таны үгийг сонсохгүй байна аа гэдэг нь та бид хүүхдийнхээ үгийг сонсдоггүй ээ л гэсэн үг.
Хэрэв хүүхэд тань үгийг чинь сонсохгүй бол эсрэгээрээ та хүүхдийнхээ хэлж ярьж байгааг түрүүлж сонсохыг зөвлөж байна. Хэрэв ингэж чадвал хүүхэд тань таныг "аан, миний яриаг сонсож байна, намайг ойлгохыг хичээж байна" хэмээн бодоод, илүү нээлттэй болж эхлэнэ.
Хүүхдээ бодвол бид илүү оймс илээснээрээ нэг алхам ухраад, түр хүлээцтэй хандах хэрэгтэй.
Мөн харилцан бие биенээ сонсохгүй байна аа гэж үзвэл эсрэгээрээ хоёуланд нь ярилцах зүйл ихтэй байна аа гэж ойлгох хэрэгтэй.
13. Хүүхдийнхээ яриаг сонсох гэдэг "хүүхдийнхээ яриаг зүгээр л сонсох" юм. Учир нь бид хүүхдийнхээ яриаг сонсохдоо хажуугаар нь заавал тасалдаг. "Наад үг чинь тохиромжгүй байна, гэхдээ байна шүү дээ, тэгээд яасан?" гэх мэтээр заавал нэг юм хэлж хүүхдийнхээ яриаг тасалчихаад байдаг.
Үүнийгээ болих. Зүгээр л дуустал нь сонсох. Хүүхэд тань тантай ярьж байх харилцан ярианыхаа явцад тодорхой хэмжээгээр хөгжиж байдаг.
Хэлж ярьж байгаа нь нэг ойлгомжгүй, авцалдаагүй байгаад байвал "орооцолдсон утас" гээд л ойлгочих. Тэр орооцолдсон утасны орооцолдоог нь гаргаж болдог доо. Ярихдаа хөгжиж байдаг тэд нэг л мэдэхэд утга учиртай, нэгтгээд дүгнээд ярьчихдаг болчихсон байх вий.
14. Томчууд бидний "заагаад өгөөч" гэдэг үг хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.
Үе үе хүүхдээсээ тусламж хүсч, туслалцаа авч байх. Тэгвэл хүүхэд томчууд өөрийг нь хүлээн зөвшөөрч байна хэмээн үзэж өөртөө итгэх итгэл нь нэмэгддэг.
"Сайн мэдэхгүй байна" гэдэг хариулт хүүхдийн зүрх сэтгэлийг хаачихдаг нэлээд онцгүй хариулт.
Хүүхдийнхээ хэлсэн ярьсаныг сонсоод, тэр дор нь тэмдэглэж аваад, шалгаад, маргааш нь эргэн хариулдаг, ярилдцаг байвал нэн сайн.
15. Хүүхдийнхээ амьдралд би байна гэж үзэх. Томчууд бидний нэг сул тал нь томчууд бидний амьдралын нэгээхэн хэсэгт хүүхэд байдаг гэж үздэг. Эсрэгээрээ хүүхдийнхээ амьдралын нэгээхэн хэсэг нь ээж аав буюу томчууд бид байдаг гэж үзэх хэрэгтэй.
Хүүхдийнхээ ч амьдралыг, өөрийнхөө ч амьдралыг хүндэтгэн үзэх. Хүүхдийг минь өсөж том болоход, амьдарахад надаас гадна өөр олон хүмүүс ч дэмжлэг үзүүлэн, хамтдаа энэ хүүхдийг дэмжиж байна гэж хүлээн зөвшөөрөх.
16. Ээж аавын бухимдал хүүхдийг "сайн хүүхэд" болгочихдог. Та уурлаад, бухимдаад байвал хүүхэд ээж аавыгаа уурлуулахгүй байх, бухимдуулахгүй байлгах гээд "сайн хүүхэд" болж жиүжиглэдэг.
Мөн би буруу зүйл хийчихэж, миний ямар нэгэн үйлдэл ээж аавд минь таалагдсангүй дээ гээд хүүхэд өөртөө бурууг өгөх хандлага байдаг.
Хүүхэд их аймхай, юмыг өөртэйгөө холбож бодох нь их. Ээж аавдаа хаягдчих вий, надад уурлачих вий гэж айдаг.
Хэрэв хүүхэд тань их сайн хүүхэд болж харагдвал та өөрийгөө нэг хөндлөнгөөс харах шаардлага гарах нь. Би уур бухимдлаа хүүхэд лүүгээ хандуулаад, уураараа түрий бариад байгаа юм биш байгаа гэж.
17. Уур бухимдлаа дарах шидэт үг. Хэрэв та хүүхдэдээ бухимдаад уур чинь хүрч байвал эхлээд хүүхдээсээ жаахан холдоод өөр өрөөнд орох. Тэгээд дотроо "сэтгэл минь чөтгөрлөг болж болно, үг минь харин чөтгөрлөг болж болохгүй шүү" гэж 3 удаа хэлэх.
Ингэж нэг удаа хэлэхэд ойролцоогоор 2 секунд орчим болно. 3 удаа хэлэхэд нийт 6 секунд болно. Энэ 6 секунд их чухал. Хэдийгээр богино мэт санагдах боловч бидний бухимдал нэлээд тайвширсан байх болно.
Ингэж хэлэх үгээ, загнах үгээ чөтгөрлөг байдлаас аварч чадвал хожим нь ийм үг хэлчихсэн дээ, тийм ч үг хэлчихсэн дээ гэж харамсахгүй байхад хэрэгтэй.
18. Хүүхдийнхээ ирээдүйн мөрөөдлийг хэт их асуухгүй байх. 3 сарын дараа оройн хоолонд юу идмээр байна? гэж асуувал утгагүй байгаа биз дээ? Түүн шиг л утгагүй асуулт бол хүүхдийнхээ ирээдүйн мөрөөдлийг нойтон хамуу шиг асуух явдал юм.
Орчин үед амьдарч буй тэдний хувьд ирээдүйн мөрөөдөл гэдэг нь зүгээр ч нэг ажил мэргэжил биш болчихсон цаг үе. Хэдийнээ мөрөөдлөө олчихсон, хийх зүйлээ олчихсон хүүхдүүд энэ асуултыг тийм ч таатай хүлээж авдаггүй.
Тэгээд ч томчууд бидний хүүхэд насны мөрөөдөл тэр бүр биелсэн байдаг билүү?
Тэгээд ч энэ асуулт томчууд биднийг тайвшруулах гэсэн асуулт хариулт биш шүү дээ.
Энэ тухай түхайн цаг үед нь л шийдээд явбал болмоор санагддаг.
19. Хүнтэй мэндэлнэ гэдэг хүүхдэд нэлээд том даваа байдаг. Зарим хүүхдүүдэд энэхүү мэндэлнэ гэдэг нь өөрөө нэлээд хэцүү даалгавар байдаг. "Миний дуу хоолой энэ хүнд хэрхэн сонсогдох бол? Эргүүлээд мэндлэх болов уу?" гэх мэтээр дотроо шаналчихдаг хүүхдүүд ч бий.
Тийм болохоор мэндэлсэнгүй, мэндлээч гэх мэтээр загнахгүй байх, хүчлэхгүй байх нь зүгээр. Харин томчууд бид өөрсдөө зөв мэндэлж хүүхдүүдэд үлгэр дуурайлал үзүүлээд явахад аяндаа тэд биднээс суралцаад л явчихна.
Зээ энэ асуудал манайд үе үе гарна. Гэрт минь зочид гийчид ирэхэд зулзагуудаа мэндлээч том хүнтэй гэж ирээд л загнах үедээ загнана, учирлах үедээ учирлана. Санаснаар болохгүй ээ. Мэндлээч гэхээр тэл улам л зөрүүдлээд, дуугаа хураачихдаг юм.
Ашгүй, энэ хэсгийг уншаад бага зэрэг тайвширлаа. Нээрээ л цаг нь болохоор өөрсдөө мэндэлдэг болно дөө. Заавал томчууд бидэнд таалагдах гэж өөрсдийгөө хүчлэх хэрэггүй л юм байна. Тийм үү?
20. Хүүхдэдээ аз жаргалыг хүсч байвал та ч өөрөө аз жаргалтай байх хэрэгтэй. Ээж аавынхаа хэцүү байдалд байгааг, аз жаргалгүй байгааг хүүхдүүд ажиглаж мэдсэн байдаг.
Та хүүхдэдээ аз жаргалыг хүсдэгчлэн хүүхэд тань ч танд аз жаргалыг хүсдэг. Хүүхдээ л бодоод, гэрийнхнийгээ бодоод өөрийгөө хойш нь тавиад байгаа юм биш биз?
Өөрийгөө магтахаа хойш тавиад байгаа юм биш биз?
Хүүхэд аз жаргалтай томчуудыг хараад өөрийгөө хайрлахад, өөрийгөө үнэлэхэд суралцаж байдаг. Тиймээс та хэт их хичээлгүй өөрийгөө ч үе үе хайрлаж байгаарай.
Энэ удаад үүгээр өндөрлөе. Түр баяртай.Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿