Гэснээс энэ Photoreading аргыг ашигласнаар ямар үр дүнд хүрсэн тухай хүмүүсийн туршлага бичигдсэн байсан.
Яг хэрэгжүүлээд, ашиглаад, өөрийн болгоод авчихсан тохиолдолд асар их үр дүнтэй шиг санагдсан.
Гэхдээ л хуучны, уламжлалт хэв маягаараа уншчихаад байх юм билээ. Яахав, миний, номоо авчихаад эргүүлж тойруулж үздэг, зураг хөрөг байна уу гэж хардаг, гарчгийг нь хальт гүйлгэж хардаг, өмнөх үг, төгсгөл үг, зохиолчийн танилцуулга зэргийг эхлээд уншчихдаг нь нэг ёсондоо энэ photoreading аргын нэг хэлбэр юм гэж бодлоо.
Ингэснээрээ би тухайн номыг унших сэдэл дахин төрдөг, мөн бичигдсэн цаг үеийнх нь нийгмийн байдал зэрэг нь анхаарал татдаг, зохиолч нь ямар хүн байсныг мэдэж авдаг гэх мэт давуу талтай л даа.
Нэг номыг унших гэж "ихээхэн маягладаг" минь бас учиртай ч байж магад гэж бодогдоод явчихсан шүү. Хойшид ч "санаа зололгүйгээр" маяглан байж номоо уншина шүү. Баярлалаа, талархлаа. Хэ хэ.
За тэгээд яг тэр арга, энэ арга гэхээсээ илүү таалагдаад явчихсан хэсгээсээ оруулна аа. Хойшид өөрөө би блогоо сөхөн хараад санаж байхын тулд.Түүнээс дахин номын сан ороод, дахин энэ номыг зээлээд, дахин тэр таалагдсан хэсгээ олж уншина гэдэг лөөлөө байх.
Тийм болохоор л уншсан номныхаа тухай хальт ингэж тэмдэглээд байдаг юм шүү дээ, үүнийг уншдаг, бичдэг хүмүүс л ойлгох байх дөө, тийм ээ?
- Анхаарал төвлөрүүлэх шилдэг аргын нэг бол толгой дээрээ жүрж тавих. "Анхаарлаа төвлөрүүлэх жүржийн арга" гэж нэрлэдэг. Хүний анхаарал төвлөрөх хамгийн сайн байрлал бол толгой буюу зулай гэж үздэг бөгөөд биеэ болон тархиа суллан анхаарлаа төвлөрүүлэх арга юм. Ингэхдээ гарын алган дээрээ нэг ширхэг жүрж байна гэж төсөөлнө. Тухайн жүржийнхээ жин, өнгө, гаднах хальс, үнэр зэргийг төсөөлөн нөгөө гар луугаа хөнгөн шидэж шилжүүлнэ. Энэ мэтээр хоёр гартаа ээлжлэн шилжүүлнэ. Үүний дараагаар зөв гартаа бариад толгой дээрээ 15-20 см-ын зайтай барина. Тэр хавийн газрыг гараараа нэг тойруулаад мэдрэх хэрэгтэй. Дараагаар нь гараа буулган, мөрөө суллана. Ингэхдээ өнөөх жүрж жимс толгой дээр чинь байсаар л байна гэж төсөөлнө. Тэр бол ид шидтэй жүрж бөгөөд чи түүнийг хаана тавина, тэр газарт байж л байна. Нүдээ анин толгой дээрх жүрж жимсийг унагаахгүйн тулд тэнцвэрээ олно. Ингэж төсөөлөх үед бие болон сэтгэл санааны хувьд ямар нэгэн өөрчлөлт мэдэгдэж буй эсэхийг анзаараарай. Та тайвширахын зэрэгцээ анхаарал чинь дээд зэргээр төвлөрсөн байх болно. Нүдээ аньсан чигтээ хараа тань улам тэлсээр буйг мэдрээрэй. Анхаарал төвлөрөлтөө хадгалангаа нүдээ нээн, унших зүйлээ уншиж эхлэнэ.
- Өмнөх бичвэрт "Хурдацтайгаар суралцах төлөв" гэдэг ойлголт гарч ирсэн дээ. Миний орчуулга жаахан оноогүй байж магад. Энэ төлөвт шилжихийн тулд дараах зүйлсийг хийнэ. 1. Биеэ суллах. Анх удаагаа хэрэгжүүлэх гэж буй бол эхлээд хэвтэж тайвширч, хүчээ суллаад босож суух. 2. Гүнзгий амьсгаа аван нүдээ аних. 3. Бүх биеэ суллаад гүнзгий амьсгал авч хэсэг түгжээд аажмаар удаан гэгч нь амьсгалаа гаргана. Ингэж амьсгалаа гаргахдаа 3-ын тоог төсөөлж бодно. Мөн relax гэдэг үгийг давтан хэлнэ. Энэ нь таны бие тайвширч буй дохио юм. Толгойноосоо хөлийн хуруу хүртэлх бүхий л булчингаа суллана. Булчинг нэг бүрчлэн суллан хүчийг гадагшлуулна. 4. Дараагийн удаад сэтгэл санаагаа чөлөөлж, тайвшруулна. Уртаар амьсгал авч, түгжээд буцаагаад удаан гэгч гаргана. 2-ын тоог толгойдоо төсөөлж болонгоо relax гэж давтан хэлнэ. Энэ нь таны сэтгэл санаа тайвширч буй дохио юм. Өнгөрснийг ч, ирээдүйг ч мартан зөвхөн одоо цагтаа төвлөрөх. 5. Дахин нэг гүнзгий амьсгал авч, түгжээд мөн л удаанаар гаргана. Толгойд чинь өөрийн эрхгүй 1-ийн тоо төсөөлөгдөх буй за. Энэ үед нэг ширхэг үзэсгэлэнтэй цэцэг төсөөлөөрөэй. Энэ нь та анхаарлаа төвлөрүүлж тархин доторх нуугдмал чадвар, өөрөөр хэлбэл маш том бүтээлч чанар, сурах чадвараа ашиглах боломжтой нөхцөл байдалд ирсний дохио юм. Өөрийгөө маш тайван, нам жим үзэсгэлэнтэй газар байна гэж төсөөлөөрэй. Тэнд харагдаж буй бүхий л юмс, сонсогдож буй бүхий л дуу чимээ таныг тайвшруулж байх ёстой. Энэхүү хурдацтайгаар суралцах төлөвт шилжих нь тархийг өндөр чадвараар мэдээлэл боловсруулах тогтолцоотой холбож өгдөг бөгөөд ингэснээр баруун тархи идэвхитэй ажиллаж мэдээллийг хүлээн авахад бэлдэнэ. Тархи нь таны эерэг бодлын хүчээр улам идэвхитэй ажиллах болно.
Өндөрлөчих гэсэн чинь болдоггүй шүү. Дараа дахин нэг бичвэр оруулна аа. Бас нэг хөөрхөн зүйлийн талаар бичихгүй бол горьгүй нь.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿