Чинагийн Галсан гуайн нэгэн "хөөрхөн" тууж. Жижигхэн атлаа агуу ном.
Би энэ туужийг уншсан байна билээ. "Чинагийн Галсангийн туужууд" гэдэг номноос уншсан.
Уншсанаа мартаад, монголоос бэлгэнд захьсан. Хэ хэ. Уншиж эхлээд л хаа нэгтээ уншсан санагдаад, блогоосоо хайв. Тэгсэн яг энэ номоор нь биш туужуудынх нь цувралд байсан зохиол болсон.
Тэр номоо сөхөж хараагүй л дээ. Агуу хүний туужийг дахин уншихад илүүдэхгүй гэж бодон, шимтэн уншсан. 10 сард уншиж таарсан, сонин тохиол юм даа. 2 хоногийн бяцхан томилолт аялалаар явахдаа авч гараад, өглөөд уншиж эхлээд л, хаа нэгтээ уншсанаа санав.
Туужийн тухай тэмдэглэл бичээгүй юм билээ. Ном болгож хэвлэснээр нь уншсан тул ийнхүү тэмдэглэл бичиж үлдээв.1972 онд бичсэн, 1981 онд Герман хэлнээ, Герман улсад хэвлэгдсэн. 1988 онд монгол хэлнээ орчуулагдан, хэвлэгдсэн гэх.
Туужийн агуулга нь гадны эрдэмтэд, зохиолчдод Монгол ахуй соёлыг танилцуулахаар хөдөө томилогдон яваа тухайгаа хэлмэрчийн өгүүлэх дурьдатгал зохиол.
Би ч нэг хэсэг япон хүмүүстэй хамт хөдөө малчин айл, үзэсгэлэнт байгалиараа дагуулан явдаг байсан болохоор сэтгэлд ойр, дурсамж сэдрээсэн, мөн тухайн үед өөрийнхөө юу ч мэддэггүй ногооноороо байсныг нэхэн санагалзав.
Ичмээр л дээ, монгол хүн байж... Малчин ахуй соёл, малын зүс, өвс ургамлын нэр усыг оноогоод хэлчихэж мэддэггүй тийм нэг хотын жижигхэн охин...
Унших нэг өөр, биеэрээ мэдрэн таних нэг өөр гэдгийг өнөөдрийн өндөрлөгөөс хараад яс махандаа тултал мэдрээд л сууж байна дөө. Хотынхон минь болж өгвөл зулзагуудаа дагуулан малчин айлаар орж гарч, хөдөө гадаатай өсгөөрэй гэж захиж байна шүү.
10 сар гэхээр нэлээд сэрүү орчихсон, халуун дулаан орны "жуулчид" бол нэлээд даарч жиндэхээр улирал. Харин одот тэнгэр, цас малгайлан хаялсан тэр дүрслэл бол сэтгэл хөвсөлзүүлсэн, уянгалуулсан, романтик байсан байх.
Дурьдатгал өгүүлж буй хэлмэрч, зурагчин бүсгүйтэй хамт амралтын газрын урд энгэр дэх модод дунд орох үед цас малгайлан орж буй хэсэг. "Галуун тавхай" гэж нэрлэдэг байсан цас гэх.
Энэхүү "галуун тавхай" гэх цас нь яг ямар цасыг хэлдэг юм бол? Мэдмээр санагдав.
Мөн соньхон, содон санагдсан, нэгийг бодогдуулсан ишлэл, мөртүүдээс түүв.
"Өнөөдөр чи ажлаа үнэнчээр хийвэл маргааш өлсөнө." Хятад хүн хүүхдээ сургахдаа ингэж хэлдэг гэнэ.
"Хүнд новшны хэрэггүй, ажил дээр бол халагдахын, гэрт бол үхэхийн цагт дараа болдог юм байна."
"Жинхэнэ ухаан өөрийгөө захирахаас эхэлдэг юм гэдэг."
"-Ай даа, багачууд минь, та нар үгээ олж хэлмээр юм даа. "Овоо амттай", "наадахыг чинь" гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тавагтай идээгээ, тэр тусмаа цагаан идээг монголчууд эрхэмлэн дээдэлдэг, баргийн үгээр хэлдэггүй юм. Энэ цай, энэ өрөм хачирласан бяслагийг магтан хэлье гэхэд надад үг дутаад байна. Европ зүгийн бид мал аж ахуйн талаар гэхэд тэртэй тэргүй мах сүү гэсхийж, үлгэрлэвэл, зангахын арай л наагуур ярьдаг билээ. Монголчууд тэгэхэд малаас гардаг бүхнийг эд, эсээр нь салгаж ялгах шахам таньдаг ч, нэрлэдэг ч, даанч бид тэр бүгдийг нь мэдэхгүй юм даа."
Энэ цугласан эрдэмтэд нь монгол судлаач эрдэмтэд шиг байгаа юм. Монголын ахуй соёлыг нэлээд гадарлаад байдгийг нь харахад.
Тэртээх 1972 онд бичигдсэн гэхэд "овоо"-ны тухай гарна. Тэрхүү овоо нь бас элдэв хогоор тахигдсан байжээ гэдгийг уншаад, жаахан гонсойв. Түүнийг нь гадныхан хараад зураг аваад байдаг нь бас л зэвүүн.
Үүнийгээ одоо больчихмоор тийм ээ? Чухам л магтан дуулаад байдаг байгаль эхээ бохирдуулаад байгаагээ ухаарцгаах хэрэгтэй л байх юм.
"Ор нь төмөр хөнжил нь даавуу, бүл нь олон байх тусмаа айлын амьдрал хэвийн байдаг юм."
Энэ сайхан монгол ахуйг анх герман хэлээр бичээд, дараа нь монгол руу хөрвүүлсэн гэж бодохоор зохиолчийн герман хэлийг эзэмшсэн чадварыг бишрэхийн аргагүй тийм ээ?
Мөн хоёр сайхан бүсгүйн түүхийг өгүүлнэ. Хоёулаа л жаахан эмгэнэлтэй гэх юм уу, гунигтай амьдрал туулжээ. Нэг нь бүр золгүйгээр амиа алдчихна. Эвий эвий.Олон улсын хурал цуглаан ч яг хуралдаж байх үедээ "ширүүн, дориун, албархаг" байдаг ч хоол цай, хүлээн авалт зэргийн дараа болдог адал явдал нь тэртээх олон жилийн өмнөх, эдүгээ үеийнх хоорондоо нэлээд төстэй байгаа нь хачирхалтай санагдав. Хи хи.
"Аливаа харь ард түмний хэлийг сурахдаа бас ёс горим, ааш араншныг нь цуг авчихдаг хэлмэрч хүний мэргэжлийн согог".
Ай хөөрхий. Үнэний ортой үг ээ. Авчихгүйг хичээдэг ч аль хэзээний аваад, "дадал" болгочихсон тал бий бий, надад.
Зэ хө, иймэрхүү малчин ард түмний, адуун сүргийн тухай, жавартай өвлийн тухай уншихаараа би хэдийгээр хотод төрж өссөн ч нүүдэлчин ард түмнээ, нүүдлийн соёлоо өөрийн эрхгүй хайрлаад бахархах сэтгэл, мэдрэмж төрдөг нь урд төрөлдөө "хоньчин" байсан гэлтэй. Хэ хэ.
Ямартай ч уншихыг хүсье. Унших дууссан өдөр минь жиндүү, хүйтэн өдөр байсан хэдий ч нэг тийм дулаахан мэдрэмжээр өндөрлөж, номоо хааснаа нэхэн санав.
Байгалийн тухай уран яруу, тансаг дүрслэл ихтэй, хүний сэтгэлийн, дотроо бодож явдаг зүйлсээ халамцуудаа гаргаж буй өвгөн хэлмэрчийн үг гээд л далд санаа ихтэй зохиол санагдав.
Уншигч бидэнд хэлэх гээд, ойлгуулах гээд байгаа далд санаа ихтэй гэх юм уу? Эх хэлээ хайрлацгаая, төгч эзэмшицгээе...
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿