2024年10月22日火曜日

Энгийн дадал 3

Энгийн дадлынхаа тухай ганц нэг өгүүлбэр холбочихоод номоо номын тавиуртаа өрөөд дараагийнхаа номыг сэтгэл амар уншмаар байна өө. 

Тэгэхгүй бол сэтгэл санаа тогтож өгөхгүй л байна шүү. Бас номнууд минь энд тэнд хөглөрөөд байна өө. Хи хи. 

"Сайн дадал хэвшүүлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол таны хүссэн зан төлөв нь хэвийн үзэгдэл болтлоо хэвшсэн тийм хүмүүсийн орчин хүрээлэлд ороход оршино." 

Туйлын үнэн. Жишээ нь бидний номын клубыг хэлж болно. Сард нэг удаа цахимаар уулзалдаж уншсан номоо ярилцдаг, ам нээвэл л тэр ном тийм ч сайхан, энэ ном ийм ч сайхан, тэр ном нь жаахан тиймхэн, энэ ном нь жаахан иймхэн гэж ярилцдаг. 

Ингэж уулздаг болоод 2 жид гаран болж байна. Энэ хугацаанд дор хаяж 20 ном бол уншсан. Ганц нэг сарыг амардаг учраас 24 ном биш 20 байх гэж таамаглаж байна. Төлөвлөгөөт ном шүү дээ энэ нь. Бүгд нэг ижил ном уншаад ярилцдаг. Энэ жил харин хобби нь дээд цэгтээ тулчихсан, номын цагаан солиотой гэгдэхээр шахуу гишүүд маань амралтгүй ном уншсан. Хо хо. 

Жишээ нь би төлөвлөгөөт номынхоо хажуугаар дор хаяж нэг ном, чадвал япон хэлээр нэг ном давхар уншаад явчих юмсан гэж боддог. Ойрд япон хэлээр уншаагүй байна. Нэг ном зээлж аваад, цүнхэлж яваад бараг сар боллоо шүү. 

Хэрэв би энэ бүлэгт элсээгүй бол донтон барин байж монголоос ном зөөхгүй нь мэдээж. Хаа нэгтээ ганц нэг хүнд захиж авчруулаад л унших байсан. Наашаа ирэх гэж буй хүн байна гэж чих дэлсэх л юм бол яаж ийгээд холбогдоод, тэдэн ном дайя болох уу? гэж гуйгаад л. Хэ хэ. 

Бэлгэнд ном ном гэж хэлээд л. Нэг зүйлийг маш сайн ойлгосон. Бэлгэнд ном захихаар хүмүүс их дуртай, номын цагаан мөр, ном дор мөргөмү гэж бид угтаа номыг их дээдэлдэг ард түмэн юм билээ. 

Гэм нь уншдаг нь л цөөхөн болохоос. Уншаарай, судлаарай, тархинд сайн гэсэн шүү. 

"Бид үнэндээ атаархаж явдаг хүнээ дуурайдаг." гэсэн байна. Гоё дадалтай, үр өгөөжтэй дадалтай хүнийг олж атаархаад, дуурайхыг хичээнэ ээ. Хи хи. 

"Дадал хэвшил нь санах ойн ачааллыг багасгаж, ухаан санааг чөлөөтэй болгоно. Ингэснээр та анхаарлаа өөр зүйлст хандуулах боломж бүрдэнэ." 

Миний элдэв цааснууд нэлээд эмх замбараагүй байдаг юм. Түүн дотроосоо заримдаа хэрэгтэй "цаас"-аа хайж олох гэж бөөн юм болно оо. Далимд нь хэрэггүй гэсэн цаасыг нэлээдгүй хаяж янзална.  

Энэ элдэв цаас цуглуулдаг муу зуршлаа үлдэн хөөгөөд, эмх замбараат дадлыг хэвшүүлэхийг хичээнэ ээ. 

"Шинэ дадал хэвшлийг баттай тогтоохоосоо өмнө бид одоо байгаа дадлаа хянаж сурах хэрэгтэй." 

Дээрх цаас цуглуулдаг зуршлаа хянах хэрэгтэй гэдэг нь үнэнд ойр боллоо шүү. Ялангуяа нэг тал нь цулгай хоосон цаасыг хаяж чаддаггүй, зулзагуудтайгаа хамт зураг зурна, цүнхэлж яваад энд тэнд сонин содон үг, хэллэгтэй таарахаараа бичиж тэмдэглэнэ. 

Тэгээд л түүнийгээ цуглуулчихдаг юм байна. Бага багаар цэгцлэх гэж хичээж байгаа л даа. Хо хо. 

"Ердийн хүн дунджаар 2 цагийг нийгмийн сүлжээнд өнгөрүүлдэг байна. Бүтэн жил хуримтлагдах 600 цагт та өөр юу хийж болох билээ?" 

Ёх, юу ч хийж болно шүү дээ, жишээ нь хэл ус үзэж болно, дасгал хөдөлгөөн хийж болно, ном уншиж болно...

"Худалдан авалтыг алгасах бүртээ түүнд зориулах байсан мөнгөө хадгал." 

Үрэлгэн хүмүүс минь бодолцоно биз дээ? Би ч хааяа шоколат авах мөнгөө хадгалдаг. Гэм нь тэр минь гэр ахуйн хэрэгцээнд л явчихдаг юм. Одооноос төмөр лаазанд хадгалж байдаг юм билүү? 

За тэгээд зөндөө л зүйл бичээстэй байсан. Худалч хүнд хуудас бүрт л таних тэмдэг болгон цаас нааж, шар өнгөөр тодруулсан байх юм. Блогтоо бичих гэхээр бүгдийг нь бичих болчих гээд байна л даа. 

Та нар өөрсдөө уншаад, өөрт таарсан дадал хэвшлийн арга замаа олоорой. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿