2024年10月28日月曜日

Тураг гогой

Зуу, тураг гогой гэдэг шувууны нэр, шувууг мэдээд авсан. Мартчихалгүйхэн шиг, хоолтойгоо холиод идчихэлгүйхэн шиг байвал ч болох нь тэр. Мартахгүйн тулд л ингэж бичээд байдаг юм, шинэ соргог зүйл мэдэж авахаараа. 

Ингэж бичиж гадагшлуулбал толгойд үлдэх нь илүү гэж уншсах. Мартчихлаа гэхэд дараа нь блогоо ухаж төнхөх юм даа...

Энэ зургийг өмнөх тэмдэглэлдээ оруулсан. Энэ загасныг завинд эмэгтэй хүн сууж болдоггүй юм гэнэ. Тэгээд гэрийн том жижиг эрчүүд загасчдыг "найрсныхаа" хүчинд тэр бүр суугаад байдаггүй завинд суучихсан. 

Азтай байгаа биз дээ? Нүүрэмгий, нээлттэй байх ч зүгээр юм өө. Хажуудахаасаа суралцаад явчих санаатай ч, ичих булчирхай минь томорчихдог заримдаа ч. Хааяадаа ч дажгүй, нээлттэй байж чаддаг л даа.

Загасчилж дуусаад, цаана тусдаа өөр завьтай хараад сууж буй жуулчдад ёсолж байгаа нь. Тураг гогойг олсоор уяж барьдаг загасчин нь сүрлэн банзал өмсдөг юм билээ. 

Энэ өдөр үзүүлбэрийн сүүлийн өдөр байсан. 5 сар хүртэл амарна. Мэдээж загасчид амрахгүй, шувуугаа сургана, хооллоно, ажиглана гээд л завгүй...

Энэ өнөөх жуулчид суудаг завь нь. Сэлүүрчинтэй, тайлбарлагчтай. Аюносэ гүүрний цаад эргээс суугаад, загасчдын байгаа газар ирнэ. Тэгээд буцаад тураг гогойгоор загасчилж буйг "амьд"-аар нь харна. 

Ихэвчлэн нар шингэсний дараагаар загасчилдаг ч, зарим нэг газар өдрийн цагаар ч загасчилж, жуулчдыг татдаг гэсэн.

Загасчилж дуусаад, сагсанд нь хийгээд, тусад нь ийм байранд авчраад, сагснаас нь гаргаад хооллоно. Мөн тусдаа цэвэр усанд оруулдаг юм билээ.  

Шувууд нь бүр сурчихсан өөрсдөө далавчаа дэвээд, биеэ хатаагаад байсан. 

Тэгснээ бас байр луугаа алхана. Хөөрхөн.

Далайнх, голынх гэж байдаг гэсэн. Далайн тураг гогойг барьж сургадаг, голынх нь жижиг байдаг. Мөн ангайхай байхаас нь биш, нас бие гүйцсэн үед нь барьж аваад, сургадаг гэсэн. 

Өөр юу гэлээ? Дэлгэрэнгүй мэдмээр байвал өөрсдөө хайж үзнэ биз дээ? 

Аан тийм, эрчүүдийг минь завиндаа суу гэж "томорсон" загасчин нь 18 дахь үеийн залгамжлагч гэсэн. Хөрслөг, эрүүл чийрэг ах харагдсан. Хэ хэ. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿