2024年10月7日月曜日

Зүүднээс ч чинагш уй

10 сарынхаа номыг эхлүүлэхээс өмнө жижигхэн, адтай, чөтгөрлөг гэсэн тодотголтой нимгэн номнуудаасаа уншиж, аль болох дуусгах санаатай. Төлөвлөгөөт номныхоо хажуугаар чадвал, амжвал өөр нэгэн ном уншаад явах зорилготой. Түүнийгээ дадал болгох...

Нимгэн ном бол их зүгээр, дорхноо дуусна. Харин зузаан ном амжихгүй тал бий. 

Энэ удаагийн ном "Зүүднээс ч чинагш уй". Зохиолч нь Нобелийн шагналт Петер Хандке. За даа бас л анх удаа бүтээлээс нь уншиж байгаа байх шүү. Юу билээ? 

Ээжийнхээ тухай бичсэн ном. Энэ жил чинь хоёр ч Нобелийн шагналт зохиолчийн ээж, аавынхаа тухай бичсэн дурдатгал зохиолуудыг уншлаа. Нэг их уран гоё үгээр магтаад, уянгалаад байхгүй, яг байгаагаар нь, ээжийнхээ тухай, аавынхаа тухай өөрөө юу гэж боддог, хардаг, үнэлдэг байсан тухайгаа л бичсэн болохоор олонд хүрээд байна уу? 

Нобелийн шагналт зохиолч гэхээр л чухам л гоё, чухам л тансаг, чухам л уран, чухам л цэцэн цэлмэг үг, хэллэг ашиглаж уянгалуулж бичсэн байх гэж боддог байсан бодол төсөөллүүдийг толгойноос минь авч хаяж байна дөө. 

Үгүй бололтой шүү, байгаа юмыг байгаагаар нь, харсан үзсэнээ нэг их чимж, давслалгүй бичих ёстой юм шиг байна. Арван хэдэн жил блог бичиж байгаа хүн чинь эд нарыг дуурайна аа ерөөсөө. Хо хо. 

За хошигнол ч яамай. Агуулгын хувьд цахимаар их яригдаж, цацагдаж байгаа тул энд бичих нь илүүц биз? 

Бодоод байх нь ээ, эмэгтэйчүүд бид аль ч цаг үед, ямар ч нийгэмд нэг тийм, яг юу гэж хэлэх үү? Хавчигдмал, баригдмал, ёстой л "хонхон шил"-энд байгаа хүүхэлдэй шиг, нэг бол торонд буй бяцхан шувуухай шиг мэдрэмжтэй байсан байгаа юм.

Одоо ч ийм мэдрэмжийг амсдаг, ганцаардмал, сэтгэлийн шаналантай бүсгүйчүүд, эмэгтэйчүүд оршсоор буй гэж бодохоор уйтайяа...

Тэр тусмаа дайны хүнд хэцүү, цөвүүн цагт эмэгтэй хүн болж төрөн, амьдарна гэдэг асар их тэвчээр шаарддаг чангахан хувь тавилан аж. Өөрөө өөрийнхөө үрийг хөндөв гэж уншаад аяа бас л зүрх лүү хатгаад авсан шүү. 

Эмэгтэй хүн ийм байх ёстой, тийм байх ёстой гэхээс гадна, хатан ухаан, эхийин зөн совин гээд л яригдана. Дээрээс нь үр хүүхэд тээж төрүүлнэ, түүнийгээ өсгөх гэж зүтгэнэ. Энэ бүхэн бидний сэтгэл гэдэг эрхтэнд асар хортойгоор нөлөөлдөг шиг. 

Иймэрхүү ном уншихаар өөрийн ижийгээ бас л их өрөвдөх юм. Нэг намын "дарангуйлал" дор хазгай гишгэх ч эрхгүй, ажил ажил гэж гүйсэн ижий минь. Үр хүүхэд биднийгээ осолдохгүй л гэдэс цатгалан байлгах гэж хичээсэн, зүтгэсэн. Өөрийн дур сонирхол, хүсэл эрмэлзлэл, тэмүүлээ бүгдийг нь хойш тавьсан ижий минь... 

Номд өгүүлсэн доорх мөрт шиг л юм болов уу? гэж өөрийн эрхгүй бодогдох...

"...Хүслээс анид ээжийн минь амьдралд хөнгөн гунигтай өдөр хоногууд л олон байснаас хөхиүн жаргалтай нь ховор байжээ..." 

Мөн "...Өнөөдөр би эрх зоргоороо аашилж, өөртөө цамц худалдаж авсан...". Энэ өгүүлбэр аяа бас л нэгийг бодогдуулав. Ээж хүн, эх хүн өөртөө ямар нэгэн юм авахдаа яагаад ийн гэмийн мэдрэмж авах ёстой юм бэ? Тийм үү? 

Биднийг багад ижий минь ч цалингаас цалингийн хооронд хөдөлмөрлөж явахдаа чихэндээ нэг монетон ээмэг авах гэж "дур зоргоороо аашилсан"-ыг нь санаж байна. Эвий эвий, одоо тэр ээмгийг нь хэдийг л бол хэдийг бол аваад өгчихмөөр.

Ядаж байхад манайхан нэгнийгээ дандаа өмссөн зүүснээр нь дүгнэдэг, цамаан, давилуун зантай хүмүүс ихтэй. Бүр бэр нь болоод ирсэн нэгэн бүсгүйг чихэндээ алтан ч билүү ээмэггүй гээд хадам эх нь хялайж байсан хов яриаг сонсож л байлаа. Юутай гуниг, юутай харалган?

Би ч өөрөө өөрийгөө тансаглуулахдаа үе үе бас зулзагууд минь нүдэнд харагддаг л юм. Сургалтын төлбөр, бас дахин сургалтын төлбөр бодогдоод. Хэ хэ.

Энэ мэт нийгмийн дарамт, орчны дарамт, эргэн тойрныхны дарамтаас үүдэлтэй стресснээс болоод одооны охид бүсгүйчүүд хүнтэй суухгүй, хүүхэд гаргахгүй гэж ярих нь ихэссэн шиг. 

"...амьдралд хөл тавьсан хойноо олны нүдэнд гэр бүлдээ эвсэг найртай харагдуулах үүрэг аанай л бүсгүй хүнд оногддог аж."

"Хүсэл сэтгэл нь юунд ч юм татагдаж, долгисохгүй болохоор "сониуч байх" нь хүмүүний төрөлх араншин бус харин эм хүний саваагүй зан гэгдэнэ."

"Алс ирээдүйн талаарх мөрөөслөө орь залуудаа л гээчихсэн тул амьдралынх нь хоёр дахь хавар ирэхэд ээж минь хуучирсан түүхээ л арчилж тордох авай." 

"Цаг үргэлж хүчтэй байхаас өөр арга байгаагүй ч цавын цаанаа сул дорой байж үзмээр санагддаг байлаа."

Бодууштай, тунгаах ёстой асуудал юм даа. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿