2024年10月6日日曜日

1984 үргэлжлэл 2

Хүүе ээ, энэ 1984 ном санаанаас нэг хэсэгтээ гарахгүй нь ээ. Учир нь бид заримдаа энэ номын дугаа яваад байгаа ч юм шиг санагддаг болохоор тэр үү. 

Орос улсад нэг хэсэн энэ ном хэвлэхийг хорьдог байсан гэсэн. Харин хэдэн жилийн өмнөөс, орос хэлэнд орчуулагдан хэвлэгдээд, оросууд өөрсдийнхөө тухай олж уншаад их л шуугиан тарьсан гэж хаа нэгтээгээс уншсан.

Үнэн болов уу? 

Ямартай ч уншаад, дуусгасан 9 сарын дундуур. Дараагаар нь төлөвлөгөөт номоо ч уншаад амжсан шүү. Мөн энэ номны хажууб харагдаж буй "Байр суурь" номыг хүртэл уншаад амжсан. 

Энэ удаад юу бичих вэ? 

Номд өгүүлж буй зэвүүн зэвүүн ишлэлүүдээс оруулна аа. 

Зохиолч бидэнд энэ номоороо бидэнд сануулж, цаг үргэлж сонор сэрэмжтэй байхыг, хувийн орон зай, эрх чөлөөндөө хэзээ ч хөнгөн хуумгай хандаж, сул орхихгүй байхыг уриалсан юм. 

"...Үнэндээ бол гэр бүл нь Сэтгэхүйн цагдаагийн үргэлжлэл болжээ. Хүн бүрийг ойр дотнынхныхоо мэдээлэгч нь болгосон гэсэн үг".

Аймшигтай байна уу? Манайд ч их хэлмэгдүүлэлтийн үед хана хүртэл чихтэй гэдэг яриа гарсан гэдэг дээ. Арай ч үр хүүхэд нь эцэг эхээ мэдээллэчихдэг байгаагүй байх. Найз нөхөд нь, хөрш нь гээд л мэдээлэгч олон байсан гэдэг...

"...Засгийн газар "хүмүүсийг айдас хүйдэст барьж байхын" тулд л Лондон хотод хааяадаа пуужин унагадаг байж ч магадгүй..."

Ааяа, аюумшигтай юм бэ? Цар тахлын үеийн сүржин мэдээг эргэн саначихлаа. Цаанаасаа л нэг тийм айдас хүйдэстэй байж билээ. 

Ингээд бодоход энэ улс төр, засаг төр гэж итгэхэд бэрх засаглал, бүлэглэл юм аа гэж бодогдох. Орон нутгийн сонгууль ч болж буйг хэлэх үү? Сонгогдож буй зарим нэг хүмүүсийг харахаар гуниг төрөх...

"...Ухаарах чадваргүй хүмүүст Намын ертөнцийг үзэх үзлийг ойлгуулах нь харин ч хялбар байдаг бололтой..." 

Яг өнөөгийн цаг үе, нийгмийн биднийг хэлээд байх шиг санагдав. Би ч нэг их улс төр сонирхдоггүй ч улс төр надаар оролдоод гэдэг нь болж байх шиг...

"...Зорилго нь амьд үлдэхдээ бус, хүнээрээ үлдэхдээ юм..."

Зүрхэнд шигдсэн үг байгаа биз? Эцсийн эцэст бид амьд үлдэхээ л урьтал болгочихдог шиг...

Гэснээс энэ монголжуу царай гэдэг үгтэй хэд хэд таарна. Бага зэрэг ёжилсон өнгө аясаар хэлээд байх шиг санагдана. 

"...Дайны мөн чанар нь хүний амь насыг хөнөөгөөд зогсохгүй, хүний хөдөлмөрийн үр шимийг устгахад оршино. Дайн бол үй олон хүний аж амьдралыг сайжруулах, улмаар алсдаа ухаалаг болоход нөлөөлөх эд баялгийг зад дэлбэлж агаарт хийсгэх, далайн гүнд живүүлэх арга хэрэгсэл юм..."

Энэ дайтаад байгаа улс орнуудыг яалтай? Ард иргэд нь юунд итгэж, юуны төлөө дайтаад байгаагаа ухамсарлаж байгаа болов уу? гэж бодохоос л...

"...Бодит байдалд хүн амын хэрэгцээг үргэлж дарж үнэлдгээс амь зуулгын өдөр тутмын хэрэгцээт зүйлсийн тэн хагас нь байнга дутагддаг. Гэтэл энэ л чухам ашигтай байна гэж үздэг байна. Нийтлэг хомсдол нь ялихгүй эрх ямбаны ач холбогдлыг улам өсгөж, бүлэг хоорондын ялгааг ихэсгэдэг тул эрх мэдэл бүхий давхаргыг хүртэл гачигдал дутагдлын ирмэгт барьж байх зорилготой зориудын бодлого..."

Японд 9 сард цагаан будааны зохиомол хомсдол үүссэн. Гэнэт л лангуун дээрх өрөөтэй будаанууд алга болчихсон. Хоосон лангуунуудыг хараад бага байхад хоосон лангуунууд дурайдаг байсан санаанд орсон. 

10 сар гараад мэр сэр цагаан будаа болон бусад төрлийн будаа лангуун дээр харагдаж эхэлсэн. Бид танил тариаланчаас худалдаж авсан. Үнэд орсон. Нэлээд их хэмжээгээр үнэ нь нэмэгдсэн. 

Яалт ч үгүй зориудын, зохиомол хомсдол үүсгээд, үнэд оруулчих шиг санагдаад л...

"...Намын хамгийн жирийн гишүүн гэхэд л ажлаа мэддэг, хөдөлмөрч, тодорхой явцуухан заагт ухаалаг байх шаардлагатайгаас гадна мөн айдас, үзэн ядалт, бялдуучлал, солиорлын хий хөөрөл давамгайлсан сэтгэл зүрхтэй, гэнэн харанхуйгаар улайран бишрэгч байх ёстой юм. Өөрөөр хэлбэл, тэрээр дайны сэтгэлгээтэй байх шаардлагатай. Нэгэнт л бүрэн ялалт гэж үгүйгээс хойш хэрэг дээрээ дайн үргэлжилж байна уу, тэр нь амжилттай юу, үгүй юу гэдэг нь чухал биш, хамгийн гол нь дайны байдалд л байх шаардлагатай..."

Одооны олон олон цүнхчинг хэлчихсэн байгаа биз? Яг л оноод хэлчихсэн. Цүнхчид энэ номыг нэг уншаад, өөрсдийг нь хэлээд байгааг мэдээсэй. Эцсийн бүлэгтээ тэгээд ууршуулагдаад, огт байгаагүй хүн болж хувирна гэдгээ мэдээсэй, ухаараасай. Ха ха. 

За тэгээд энэ нам гээчийн тухай зөндөө л зүйл бичээстэй байсан. Хөөрхий Смит, Жулия хоёр хэрхсэнийг өөрсдөө уншина биз дээ. Ямартай ч гол дүрийн баатар маш ихээр, маш хэрцгийгээр байцаагдана, үйлдээгүй хэргээ хүлээнэ...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿