9 сард уншихаар төлөвлөөд, уншиж дуусаад, ярилцсан ном. Мэдээж олон зүйлийг мэдэж, ойлгож, ухаарна. Гол нь хэрэгжүүлэх, дадал болгох нь чухал.
Гишүүдийнхээ дадлуудыг сонсов. Мөн хойшид дадал болгоод, хэрэгжүүлмээр байгаа зүйлсийнх нь талаар ч сонсов.
Би ч өөрийн дадлын талаар ярив. Одоогоор дадал болоод, гялс амжуулчихдаг зүйлс гэвэл блог бичих, аяга угаагч нэхэх, ном унших гэсэн зүйлс байна. Энэ бол өөрийгөө хөгжүүлэх, өөрт минь сэтгэл ханамж өгдөг дадлууд.
Гэр орондоо, гэр бүлийнхнийхээ төлөө хийдэг дадал гэвэл бага зулзагын маргаашийнх нь бэлтгэлийг урд орой нь голцуу хийдэг. Жишээ нь нусны алчуур, өмсөх хувцсыг нь бэлддэг. Савх, шүдээ угаах хуванцар аягыг нь угааж бэлдэж хонодог.
Учир нь би өглөөний хүн биш тул эрт босч бэлдэнэ гэдэг лөөлөө. Зулзага намайгаа мөөмдөөд, ээж нь хүүхдээ дараад жаахан хэвтдэг байхад, эсрэгээрээ хүүхэд нь ээжийгээ босгох дургүй, жижигхэн хөөрхөн гараа хоёр хөөрхөн мээмэн дээр минь тавиад унтдаг. Хэ хэ.
Өглөөний хүн болчих санаатай хэсэг үзэж тарж байсан чинь багыгаа төрүүлээд, идэвхи зүтгэл минь даший шог. Үе үе эртлэн босох юмсан гэж эрч хүчтэй байсан үеэ дурсан санагалзана.За тэгээд номд өгүүлсэнчлэн муу дадлаа хэцүү болго, нүднээс далд байлга, сэтгэл татам бус болго. Сайн дадал болон, сайн үр дүнд хүргэх дадлыг нүдэнд ил байлга, сэтгэл татам болго, амархан болго, таатай орчныг нь бүрдүүл гэжээ.
Жишээ нь удирдлагаа нуух, гар утсаа нүднээс далд хураах гэх мэт байж болно. Удирдлага бол манайд энд тэнд явж байдаг, зулзагууд өөрсдөө хаана тавьснаа мартаад, олохгүй үе гардаг. Ха ха.
Барагтаа асаадаггүй, бага зулзагыг бас хянаад, нэг өдөр огт үзэхгүй, нэг өдөр нь нэг л кино үзнэ гэж дүрэм зохиогоод хэрэгжүүлнэ. Заримдаа биелүүлэхгүй.
Гар утсыг харин яаж ийгээд л дэлгэчихээд байна. Гэхдээ л аль болох нээж харахгүйг хичээж байна. Ухамсартайгаар уг сайн үйлдлээ давтах нь чухал шиг. Үүнийг шагайж сууснаас номоо унших минь, юмаа нэхэх минь гэж тархиндаа автоматаар бодогдуулах.
Тэгэхээр өөрийн эрхгүй гар утсаа хойш нь тавиад, аль нэг зүйлээ эхлүүлээд байна лээ шүү.
Мөн сүүлийн үед дадал болгож буй зүлйин нэг бол нэг дор удаан суухгүй байх, дээд тал нь 40 минут хэртээ суусан л бол заавал нэг босч биеэ хөдөлгөх, нурууныхаа чилээг гаргахыг хичээж байна. Дадал болгон хэвшүүлэх нь чухал...
"Өчүүхэн өөрчлөлтүүд их өөрчлөлтийг авчирдаг."
"Дадал хэвшил бол хүүгийн хүү бодогдсон өөрийгөө төгөлдөршүүлэх үйл."
"Хэрэв та өдөр бүр нэг хувиар сайжирдаг бол жилийн эцэст 37 дахин сайжирсан байх болно."
"Сайн дадал нь цаг хугацааг таны анд нөхөд болгоно."
"Дадал хэвшил эхэндээ онцгой өөрчлөлт авчрахгүй мэт харагдавч ямар нэг онцгой давааг даван гарсны эцэст шинэ хүч чадлаа илрүүлдэг."
Үргэлжлэл бий...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿