Ганц нэг зураг яваад байхаар нь блогтоо оруулж, дэлгэрүүлж бичихээр шийдэв. Сонирхолгүй бол алгасаарай. Хи хи.
Нарлаг сайхан өдөр зулзагаа авч гарч байх санаатай ч, тэр бүр хэрэгжихгүй ээ. Зориглоод л хөдлөхгүй бол гэрт бүгээд, зурагт үзчих гээд байдаг болохоор л тэр.
Та бүхэн ч гэсэн утаатай хотоосоо зугтааж, амралтын өдрөөр зуслан, ойрхон хөдөө гадаа гардагтай л адил юм даа.
Будаагаа агшааж, ороогоод авч явна. Шөлийг нь хамт явсан бүсгүй хийж авчирсан юм. Хээрийн хоол амттай байсан. Баярлалаа.
Аль болох будаагаа агшаагаад ингэж авч явахыг хичээдэг. Тэгэхгүй бол нэгт худалдаж авбал үнэтэй тусна. Хоёрт элдэв амтлагч зэрэг холиод хурц амттай байх нь элбэг. Гуравт өөр бусад амттан авч идэх магадлал өндөр. Хэ хэ.
Хайрхан минь харагдаж байна. Наана нь ийм модон хашаа барьсан байна лээ. Үхрээ, үнээгээ бэлчээх зориулалттай юм болов уу? Намрын алтлаг, шаргал, хүрэн улаан гэх мэт өнгө алагласан үзэгдлийг харах зорилготой байсан ч жаахан оройтсон байж магад гэж бодов.
Хайрхны минь орой халцарсан харагдаад. Манантай өдөр орой нь харагддаггүй юм. Зүүн талаасаа бол хэд хэдэн уул сүндэрлэж харагддаг. Баруун талаасаа Фүжи уул шиг харагддаг гэж ярьдаг.
Мэдээж Фүжи уулын өндрийг гүйцэхгүй л дээ. Өөрсдийг нь хар шуурга, хүчтэй аадар бороо гэх мэт байгалийн гамшгаас хамгаалж байдаг гэдэг утгаараа Фүжи уултайгаа зүйрлэн сүсэглэдэг.
Сүсэглэж байна, хайрлаж байна гээд тахина гэж очоод "элдэв хог" аваачиж хаядаггүй нь сайхан санагддаг. Моддыг нь хадгаар "боож алдаг"-гүй нь таалагддаг. Зөв гэж боддог. Бид ч үлгэр дуурайлал авууштай...
Японд бас хөшөө байна аа. Тийм ч бага тооны биш. Муж, хотынхоо бэлгэ тэмдэг болсон зүйлсийн хөшөөг хийнэ ээ.
Нэг онцлог нь чадварлаг хийгээд байгаад л үнэ цэнэ нь оршоод байх шиг. Мөн хөшөөгөө сүү энэ тэр дусааж халтартуулахгүй, үе үе засварлаад байна тийм үү?
Түүнээс эх оронд минь хийгдэж буйг хөшөөг харахаар хүүхдүүд баримлын шавраар базаад базаад хийчихсэн юм шиг л юм байгаад эгдүүцэл төрөөд байдаг юм шүү дээ.
Зурган дээр өнгө нь олигтой гараагүй байна өө. Угтаа их дажгүй улаан хүрэн өнгөтэй юм. Намар цагийнх нь онцлог, эндхийн. Тэрхүү улирал бүрийнхээ онцлогийг харан баясахдаа эд их дуртай ард түмэн.
Түүнийг нь аялал жуулчлалынх нь салбар ч сайн ашиглана. Зайрмагнаас авахуулаад л чихмэл тоглоом хүртэл зарна. Цагаан алаг үнээний чихмэл тоглоом. Яагаав өнөөх хар өнгөтэй тураг гогойны чихмэл шиг л.
Би үнээний чихмэл тоглоомны зураг дараагүй байна өө, учир нь хүн ихтэй байсан. 00 орчихоод бушуухан л гарахын түүс болсон.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿