2025年1月2日木曜日

Хайрлах урлаг 2

2024 онд уншсан ном. Тэмдэглэлийнхээ үргэлжлэлийг бичив. Өөрийн санаа оноо гэхээсээ илүүтэйгээр санаж явбал зүгээр юм болов уу? гэсэн ишлэлүүдээсээ оруулав. 

"Хүн урагш ахья гэвэл ухамсраа л хөгжүүлэх ганц зам үлджээ."

"Оюуны түвшинд очиж чадаагүй хүмүүс өгөх гэдгийг хоосрол буюу ядууралтай адилтгадаг."

"Хамгийн их зүйлийг эзэмшиж надад бий гэсэн хүн баян биш, харин хамгийн их өгёөн хүн л баян байдаг."

"Хэн бусдад өгөх чадвартай вэ, тэр хүн баян. Ийм хүн бусдад өгч байгаагаараа өөрийгөө олдог..."

"Өгөх гэдэг ерөөсөө өөрөө өөртөө хамгийн шилмэл баяр баясгалан."

"Хүнд өгч чадсанаар бусдыг бас өглөгч болгодог."

"Хайр гэдэг амьдралд зориулсан халамж, цаашлаад хайртай зүйлээ өсөж хөгжихөд зориулсан үйл хэргээр хэрэгжих халамж билээ. Хаана үйл хэрогээр хэрэгжсэн халамж дутагдана вэ, тэнд хайр гэж байхгүй."

"Боловсорч гүйцээгүй хайр "намайг хайрладаг учраас би хайрладаг" гэдэг, боловсорч гүйцсэн хайр "би хайрладаг учраас намайг хайрладаг" нэсэн зарчмаар явагддаг."

Гэхмэтчилэн өгөх тухай бичжээ. Хайр гэдэг бол нэг ёсондоо авахын нэр биш өгөхийн л нэр шүү гээд байх шиг тийм үү? Өгч байж хайрлуулна аа, хайраа дан үгээр бус үйлдлээрээ илэрхийл гээд байна тийм үү? 

"...бал бурам өгч чадахын тулд ээж гэдэг зөвхөн сайн ээж байгаад зогсохгүй бас аз жаргалтай ээж байх ёстой. Гэтэл энэ зорилгыг цөөн ээж биелүүлдэг..."

Зээ, эхийн хайр, эцгийн хайр зэргийг мөн бичжээ. Энэ дээрх ишлэлийг хэд хэдэн номноос уншлаа. Ээж хүн бол маш өчүүхэн зүйлээр л үр хүүхдэдээ нөлөөлж байдаг юм гэсэн. 

Одооноос нүүрэндээ инээмсэглэл тодруулан, аз жаргалтайгаар харьцаж байна аа. Дандаа үглэж загнаж биш. Загнахдаа ч инээж загнаж байя дөө. Хэ хэ. 

"...бусдыг хайрлаж чаддаг хүн өөрийгөө бас хайрлаж чаддаг байх ёстой."

"Өөрийнхөө амьдралыг зөвшөөрч, өөрийн аз жаргал, өсөлт хөгжлийг болон өөрийнхөө эрх чөлөөг зөвгөөрч буй явдал хайрлах чадварт эх үндэстэй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр өөрөө өөртөө халамжтай байж, өөрийгөө хүндэтгэж, өөрөө өөртөө хариуцлагатай байж, өөрийгөө таньж мэдэх гэсэн ойлголт. Хэн нэгэн хүн бусдыг хайрлаж чадах чадвартай нөхцөлд өөрийгөө бас хайрлах чадвартай гэсэн үг. "

Хүүе энэ өөрийгөө тоодоггүй ээжүүд хүүхдэдээ онцгой нөлөө үзүүлдэг гэнэ шүү. Би чинь зулзагууддаа өөрийгөө тоодоггүй ээж гэж харагддаг байх шүү. Гадаад өнгө үзэмжиндээ нэг их анхаарал хандуулдаггүй, гангалж мэддэггүй, гэх мэт. 

Мэдээж гадаад өнгө төрхөөр 100 хувь өөрийгөө тоодоггүй гэж хэлэхгүй ч өөрийгөө дүгнээд хэлэхэд бусад "сайн" ээжүүдтэй өөрийгөө харьцаалахад би өөртөө цаг гаргаж нэг л "чадахгүй" байгаад байх шиг санагддаг л юм. 

Одооноос өөрийгөө аажим аажмаар тоож эхлэнэ ээ. 

Энэ тухай нэлээд урт хэсгийг шараар тодруулж, наалт наажээ. Хүсвэл та бүхэн өөрсдөө олж уншина биз дээ. 

Эрэгтэй хүмүүсийн зарим нэг сэтгэл хөдлөлийн тухай бичсэн байна. Үнэний ортой л юм шиг санагдсан. 

"...Нэгэнт тэд ээжтэйгээ буруу харилцаатай байсан тул түүнийгээ нөхөх гэж өнөөдөр ч ээжийн хайр халамж, биеийн дулаан болон магтаж шагнахыг хүссэн хэвээр."

Энэ сэдвийг бас л их урт зүйлсийг тодруулжээ. Үе үе сөхөж харж баймаар санагдав...

Хөвгүүдээ ээжүүд бид их ухаалгаар өсгөх хэрэгтэй юм шиг байна шүү. Энэ сэдвээр үргэлжлүүлэн судалж уншихыг хичээнэ ээ. 

Ямартай ч ээжээс харъяат өсгөж болохгүй шүү гэж бодоод л байгаа. Харъяат гэдэг нь хэт ээж ээж гэж гүйдэг болгохгүй юм шүү л гэж. Эгч нар ч сануулаад анхааруулаад л байна. 

Ээжийн мөөмнөөсөө салаагүй бол за тэгээд "борлогдохгүй" шүү дээ, ижий минь гээд л байна. Би ч наана нь ойлголоо гэсэн хэрнээ л нялуурч байна, нууцаар. Ха ха. 

"Хайр гэдэг идэвхтэй ажиллагаа буюу идэвхтэй үйлдэл, Хэрэв би хайрлаж байгаа бол хайртай хүндээ хүндээ идэвхтэй хандах хэрэгтэй." 

Хайртай л бол идэвхтэйгээр харьцах, ярилцах, халамжлах хэрэгтэй юм байна шүү. Хайртай гэж хэлчихээд л түүнийгээ үйлдлээрээ илэрхийлэхгүй бол тэр чинь хайр биш байх нь ээ. Нэг ёсондоо урлаг тул суралцах ёстой юм байна. 

Олон л зүйл мэдэж, ойлгож авав. Марталгүй бага багаар хэрэгжүүлэх л үлдлээ. Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿