2024年8月30日金曜日

Ясан зүрх

Нэг хөөрхөн ном уншаад дууссан шүү. 

Ойрын хэд хоног тувт идсэн уусан тухайгаа бичээд сонирхолгүй байсан уу? уншигч олон минь. Хэ хэ. 

Хайр дурлалд дуртай, гоё төгсгөлд дуртай хүмүүст дажгүй ном санагдсан шүү. Багадаа "Цагаан бээлий", "Морь унасан толгойгүй хүн" зэрэг номнуудын яг тэр хайр дурлалын хэсгийг байн байн сөхөн уншдаг байж билээ.

Тухайн үеийн номнуудад бол хайр хийх тухай ил тод, дэлгэрэнгүй бичдэггүй байсан. Харц тулгараад л, үнсэлцэх төдий л зүйл бичдэг байж.

Ном уншдаг болох, уншдаг болгох гэж толгойгоо гашилгадаг өвсөр насныхан, шилжилтийн насныханд сонирхуулж болохоор ном. 

Мэдээж +13 ч юм уу? Бэлгийн хүмүүжил, нөхөн үржихүйн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй хүүхдүүд уншвал тийм ээ? 

Бэйя, Сэмсон хоёр цаашдаа яах бол? Хэдийд дотносох бол гэж шимтэн уншина. Олон хоног ч зарцуулахгүй. 

Хэдий өссөн орчин нь хэлэхийн аргагүй хүнд хэцүү, бохир заваанаар дүүрэн байсан ч хүн өөрөө л зөв байж чадвал яаж ийгээд зөв замд орж болдгийг бататгасан агуулгатай байлаа. 

Мөн зөв хүнээ олж нөхөрлөвөл, дотносвол гарцаагүй сайнаар нөлөөлж болдгийг ойлгуулах байх аа, залуу хөөрхөн уншигчдад. 

...Бэйяг багад нь ээж аав нь салчихна. Салчихна ч гэж дээ, бараг л ганц удаагийн ойртолтоор хүсээгүй жирэмслэлт болчихоод, аав ээж нь хоорондоо суудаггүй. Гэхдээ аав нь хариуцлагатай нэгэн байж, хүүхдийн тэтгэмжээ том болтол нь төлнө. Мөн үе үе уулзалдана. 

Харин ээж нь донтогч. Хар тамхи шиг байгаа юм. Мансуурах юу л байна, түүнд донтдог шиг. Тунгаа хэтрүүлээд, нас барчихна. 

Ээжийгээ нас барсны дараагаар аав дээрээ очно. Хойд ээж, хойд ээжийн охин, түүний найз, аав нь гэх мэт хүмүүс харин их аятайхан хүмүүс байна. 

Хажуугаар нь өөрийнх нь "шархтай сэтгэл зүрх"-ийг нь өөртөө татаад байдаг нэгэн залуу гарч ирнэ. Сэмсон. Яагаад ч юм тэр хоёр бие биендээ татагдана. Тэр шалтгаан нь сүүл хэсэг рүүгээ тодорхой болж ирнэ.

Аан тийм, байгалийн сайхан нь, сүрдмээр чанар нь хүнийг эмчлэх увидастайг, чадвартайг өгүүлнэ, далд утгаар. Далай гээч нь цаанаа л нэг эрч хүчтэйгээр ховсдоод л...

Мөн хүн ямар нэгэн зүйлд шамдах, хичээллэх нь ч сэтгэл зүйг нь далдуур эмчлээд, чиглүүлээд явдаг шиг байна шүү. Хүнтэй харилцах, нийгэмд ямар нэгэн хэмжээгээр оролцох, өөрийг нь гэдэг хүн байдаг, эрх эдлэхийн хажуугаар үүргээ ч гүйцэтгэх тухай өсвөр насныханд ойлгуулах байх өө. 

За тэгээд, өнөө цаг үед "дурлалцах" нь ядаргаатай, адармаатай гэдэг үзэл газар авч буй хэдий ч залуусыг зоригтойгоор дурлаасай, хэн нэгэнд татагдаасай, алдсан ч хамаагүй. 

Дараа нь түүнээсээ сургамж аваад, дахин өөр харилцан хайрлан, харилцан хүндлэх хүнтэй учраасай гэж хүснэм, өнөөдрийн өндөрлөгөөс хэлэхэд. Хи хи. 

Сэмсон залуу харин ухаалаг нэгэн байлаа. Түүний хэлсэн зарим нэг үг хөөрхөн. Жишээ нь "Үнэндээ сайхан эд зүйлс зүрх сэтгэлийн онгорхой цоорхойг хэзээ ч нөхөж чаддаггүй". 

Мөн нэлээд царайлаг шиг байна лээ. Би крашлана аа, яадаг юм. Хэ хэ.  

Яагаад "Ясан зүрх" гэж нэрлэсэн тухай уншиж байж л мэднэ.

Зээ, боломж гарвал уншина биз дээ? 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

1 件のコメント: