2025年1月3日金曜日

Голын тэртээх гацааны хавар

2024 оны сүүлээр амжаад нэг хөөрхөн ном уншчихлаа. Бүр нэг цаанаасаа инээд хүргээд, үе үе писхийтэл инээд алдангаа уншсан. Хэ хэ. 

Энэ хүмүүс яаж ингэж бичиж чадаад байдаг байна аа, хошин мэдрэмжтэйгээр. 

Уншаад "нээрээ" гэж бодон санал нийлэх зөндөө байна лаа. Зөндөө ч гэж дээ бараг бүгд. Инээдтэй, хошин, ёж гэж юүхэв. 

Бямбажавын Цэнддоо "Голын тэртээх гацааны хавар" гэдэг ном юм өө. Та бүхэн заавал нэг уншиж дээхний бидний "эрхэмлэдэг" байсан нийгмийнхээ тухай хошин мэдрэмжтэйгээр дахин нэг эргэн дурсаарай. 

Миний бага нас хөдөө өсөөгүй ч бас ч гэж өнөө цагийн ахмадын цогцлоох гэж чармайж асан нийгэмд өнгөрснийх, зарим нэг зүйлс ойр дотно, дурсамж сэргээсэн өгүүлэмжтэй байлаа. 

Хөдөөний нэгэн сургуулийн дотуур байранд амьдардаг гол баатар болох нэгэн хөвүүний тэр хайраа илчилдэг хэсэг, захианыхаа хариуг авдаг хэсэг бол үнэн татаана дөө. СССр улсаас гаралтай гэж ирээд л нэг захиаг бүгд л хуулж аваад "дурлалт" охиддоо өгдөг нь одоо бодоход гэнэн ч юм шиг, инээдэмтэй ч юм шиг. Ха ха. 

Дотуур байрны амьдрал хэрэндээ их адал явдалтай, сонирхолтой байдаг шиг. Хань ижил нэг жил хотод дотуур байранд амьдарснаа ярихыг сонсох бол бас л аюумшиг шүү дээ. Нийгэм солигдсон үе ч байж. 

Харин энэ зохиолд гарах дотуур байрны амьдрал их хөөрхөн санагдаад байгаа юм. 

Зуны даалгаврын тэр зурамны арьс олж ир гэдэг ямар ч аймар даалгавар вэ тийм ээ? Хотын бидэнд тэдэн шуудай өвс олж ир гэдэг байсан. Ангийнхаа нэг найзтай хамт "Зайсан толгой" явж өвс хайчилдаг байлаа. 

Баруун гарын дунд хуруу цэврүү үүсээд, хагараад, хорсоод гээд л хэрэндээ бас паянтай. Бага ангийн жаахан хоёр охин тэр хол Зайсан толгой явчихдаг байсан гэхээр цаг сайхан байж, тухайн үеийн Ялалт кино театр одоогийн Тэнгис кино театраас их л хол санагддаг байж дээ.

Монгол ном учраас бас миний өөрийн мэдэхгүй үгс, хэлц байсан. Мэдээж тодруулна. Цээжлэх эсэхийг бол миний тархи л мэднэ. 

"Хүний мөсөөр хөлийн жийрэг болсон эр" гэдэг хэлцтэй таарав. 

Германы жуулчин Отто Каны хэсэг бас их хөөрхөн. Орчуулагчийн ажил ч хэцүү шүү, монгол ёс ахуйгаа мэдэхгүй хүнд бол бүр ч...

Жинхэнэ монгол малчин айл зочноо дайлдаг нь, монголчуудын цаанаа л нэг уралдаанч зан нь, нэг нь өвдөхөд их л олон хүнд өгөг барьц өгдөг нь, овоо тахьдаг нь гээд жуулчны нүдийг орой дээр нь гаргадаг хэсгүүд хөөрхөн. 

"Монгол хүн өөр шүү" гэдэг хэлц нэг хэсэг япон дахь монголчуудын нүүрномоор их явсан юм, тэр үг л толгойд буугаад байсан. Ха ха. 

Монголчууд бидний унаган зан араншинг их л яруу тод, нэмж хачирлалгүй өгүүлсэн санагдав. Зарим нэг сайхан араншингаа авч үлдэх юмсан дөө гэж бодов. 

Тархиа амрааж сайхан хошин тууж уншихыг хүсвэл худалдаж аваад уншина биз дээ? Бас одоогийн залуус нэг уншвал "үлэг гүрвэлийн үе" гэгддэг ах эгч нарынхаа өсөж торнисон нийгмийн байр байдлыг мэдэж авах юм даа тийм үү? 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.  

0 件のコメント:

コメントを投稿