2025年5月17日土曜日

Флоренцийн шидэт гүнж

Зээ хө, энэ номны учрыг нэг л ололгүй байсаар уншиж дуусгав. 

Осолдохгүй монголоор уншаад, хуудас нь ахиад л байсан. Утга нь харин ой тоонд минь үлдэж өгөхгүй явсаар төгсөв. Тийм ч болохоор тэр үү? Их удаан уншив. Түүнээс нэг их зузаан ном биш. 400 хүрэхгүй хуудастай. 

Салман Рушди " Флоренцийн шидэт гүнж". 

Акбар гэж нэг хүн гарна. 

Анжелика гэдэг бүсгүй гарна. Төмөр Тэмүжин хааны удмын гүнж гэсэн. Хосгүй гоо үзэсгэлэнтэй, ид шидийн увидастай байж...

Тэгээд л их сонин хэл ам сугалчих гэсэн газрын нэр, хүний нэр гарна. 

Номын хавтасны арын хэсэгт "Энэ романд Монголчуудын эртний удам угсаа, их Моголын Бабур, Акбар хаад, дэлхийн улс төрд макиавеллизм гэх нэр томъёог оруулсан италийн улс төрийн нэрт зүтгэлтэн, зохиолч Никколо Макиавелла гээд олон түүхт хүмүүс, түүхэн үйл явдал, бас түүхэн домгууд хэрхэн нийлэгжсэнийг олж унших болно. Бас түүхэн роман зохиогч ямар олон эх сурвалж ашигладагийг ч мэдэж болно."

Хэмээсэн байна. Гэтэл миний ойлгосон зүйл ховор. Хэ хэ. 

Шидэт бүсгүйн тухай хэн нэгэн харийн хүн өгүүлнэ. Үлгэр ч юм шиг, түүх ч юм шиг, бодит зүйл ч юм шиг л зүйлийг хүүрнэ өгүүлнэ. 

Нээрээ л дэлхийн талыг шахуу эзэлсэн өвөг дээдсүүдийн минь удам угсаа харин нутагт дуулиантай, шуугиантай, үлгэр домог мэт яригддаг, хүндлэгддэг, ад үзэгддэг, айлгадаг, сүрдүүлдэг гээд л үлгэр мэт, ид шид мэтээр яригдаж домог болон яригддаг байсан байх даа тийм ээ? 

Удам судар, үүх түүх сайтай бид эдүгээ нэг л хөлөө олохгүй, толгой нь самуурсан мэт л байна тийм үү? 

Эх оронд минь болж буй үйл явдлууд, сайд дарга нарынх нь зохисгүй үйлдлийг хараад өөрийн эрхгүй тэр их сайхан нэр төр, удам судартаа хир суулгаж байна даа гэж бодогдох...

За за нэг ном уншсанаа их юманд бодсон уу? Улс төржүүлээд. Хи хи. 

Унших явцад сүрхий сүрхий үгтэй тааралдав шүү дээ. Түүж бичих үү дээ. 

"Эр хүн яамаар байгаагаа гол төлөв өөрөө мэддэггүй. Ярьж байгаагаа хүсдэггүй нь дийлэнх. Эр хүн өөрт нь шаардлагатайг л хүсдэг".

"Эмэгтэй хүн эр хүнээр дутах нь эр хүн бүсгүй хүнээр дутдагаас бага. Тийм л учраас эр хүн хайртай бүсгүйгээсээ чанга зуурч байх нь чухал. Эс тэгвэл яваад л өгнө". 

Цагаадайн үр удам үзэсгэлэн гоо байсан шиг байгаа юм. Нэг тийм өгүүлбэр явж байсан. 

"Санаа гэдэг бол Сарны хоног буюу далай тэнгисийн түрлэг шиг цаг нь болохоор гарч ирээд өсч томрон бэхжих боловч дараа нь их дугуйн эргэлтээр хүч нь саарч, зүс онгоод бүрмөсөн замхардаг". 

"Зорилго нь аргаа зөвтгөдөг".

"Хайр дурлал эр хүнийг тэнэ болгочихдог юм". 

"Хэрэв харах өнцгөө зөв авах юм бол өнгөрсөн үеийн гэрэл одоо цагийг хамгийн орчин үеийн чийдэнгээс ч илүүгээр тодруулах чадвартай".

Монгол! Могол! гэдэг үг тухайн үедээ догшин хахь харь үг байжээ. Хадны мангаа гэдэг шиг л.

...Домог яриагаар бол Акбарын дээд өвөг Төмөрийг их зам дагууд жирийн жинчин тэмээчин дүрээр хэрэн хэссэн дээрэмчин явахад нь факир буюу илбэч бадарчин таарч уух уё, идэх юм гуйн: "Надад өл залгах юм өгч хайрла, оронд нь би чамд хаант улсаа бэлэглэе" гэсэнд Төмөр гуйсныг нь ёсоор болгосны дараа мөнөөх илбэч Төмөрт өөрийн өмсч явсан цувыг нөмрүүлээд ороолгож гарчээ. Арван нэг дэхээ ороолгоход нь уурсан хилэгнэсэн Төмөр нөмрөг цувыг хуу татан хаявал факир бээр: "Дахиад жаахан тэсчихсэн бол чиний удмын хаант улс илүү удаан тогтох байсан юм, одоо яая гэх вэ, чиний удмын арван нэг дэх үе дээр хаант улс чинь мөхөх юм байна" гэсэн гэдэг

Ийм домог гэх үү? Түүх гэх үү? Сонирхолтой зүйл уншлаа. 

Хаан хүн аливаа үйлд хувийн таалал юм уу, өс хонзондоо дөрлүүлэх эрхгүй. Эн тэргүүнд улс оронд нь чухамм юу хэрэгтэй тустайг бодо учиртай юм.

Энэ үгийг харин одооны төр засаг барьж буй хүмүүст уншуулмаар үг байх чинь вэ? Гэхдээ тэд уншихгүй л дээ. 

Мөн тухайн цаг үеийн ихэс дээдэс чинь загас наадуулж цэнгэхдээ маниийг хавьтуулахааргүй чадварлаг байсан юм байна тийм ээ. Хэ хэ. Эрчүүдийнхээ сэрлийг хөдөлгөхийн тулд анхилам үнэртүүлэгчийг эрийнхээ нөгөө нэг юунд нь түрхэх гэх мэтээр "оршил"-той байжээ. Хо хо. 

Яг ямар ургамал гэчихэв ээ. Тэмдэглэж авдаг байж. Одооныхор бол арома юм шиг байна тийм үү? Энэ аромагийн тухай нэг судална гэж бодсоор л...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年5月16日金曜日

Амьсгал 3

Тэмдэглэлээ дуусгачих гэсэн чинь бичмээр санагдаад, хааяа үүгээр шагайхдаа бас нүдээ бэлчээчихмээр ганц нэг зүйлс байгаад байхаар нь үргэлжлүүлж байна өө. 

Амьсгалах, уушги тэлэх, урт амьдралын гол нууц нь амьсгалын төгсгөл буюу гүйцэд амьсгалаа гаргах аж. 

Энэхүү амьсгалаа гаргах нь их чулах шиг байна шүү. Энэ тухай нэлээд дэлгэрэнгүй тайлбарласан байв. 

...уушги тэлэгдэл нь амьсгал гаргахтай холбоотой өвчин байсан. Өвчтөнүүд цэвэр агаар уушгиндаа оруулж чадахгүйгээс болж өвдөж зовж байгаа биш харин амьсгалсан хуучин агаараа бүрэн хангалттай гаргаж чадахгүй байгаад учир нь байв...

Бодоод байсан, би ч мөн амьсгалаа гүйцэд гаргадаггүй юм билээ. Чухамхүү их л гүнзгий сорж амьсгална. Гаргахдаа харин тэгсгээд дуусгана. 

"Зохилдлогоот амьсгал" буюу бүтэн амьсгал гаргах урлаг гэж байдаг гэнэ. Үүнд суралцах хэрэгтэй шиг санагдав. 

Хэвийн хэмнэлээр амьсгалах үед уушги агаарт агуулагдаж байгаа хүчилтөрөгчийн гуравны нэгийг л шингээн авч хүчилтөрөгчийн дийлэнх хэсэг нь амьсгалаар биеэс буцаад гардаг. Удаан цөөн амьсгалснаар бидний уушги илүү их хүчилтөрөгчийн шингээдэг аж. 

...Удаан амьсгалын хэв маягийг дагахад тархинд очих цусны урсгалын хэмжээ нэмэгдэн бие эрхтний үйл ажиллагаа уялдаа холбоо сайжирч, зүрх, цусны эргэлт, мэдрэлийн систем оргил үр бүтээмжтэй ажиллах горимд шилжиж  байжээ...

Амьсгал авах, гаргах хугацаа болон минут дахь амьсгалын тоо яг ижил хэмтэй буюу 5.5 секундэд амьсгал авч, 5.5 секундэд гарган, минутад 5.5 удаа амьсгалах нь хамгийн өндөр үр дүнтэй ба уг хэмнэл нь Росари (загалмай бүхий эрхи барьж унших христийн шашны залбирал) унших үетэй ижил.

Өдөрт 5-10  минут ийм хэмнэлээр амьсгалах дасгал сургуулилт хийхэд л ач тусыг бүрэн хүртэх боломжтой. 

"Хэмнэлттэй амьсгал" буюу Уялдаат амьсгал. 

Эрүүл чийрэг, эрч хүчтэй байж, урт наслах амьсгалын алтан түлхүүр нь цөөн амьсгал авч, бага багаар , удаанаар гадагшуулах. Амьсгал, гэхдээ цөөн амьсгал. 

Зажлах. Бид хэдий их зажилна, төдий хэмжээгээрээ үүсгэгч эсийг ялгаруулж, яс нягтаршиж, төлжилтийг хурдасган, илүү залуу харагдаж, илүү сайн амьсгалдаг. 

Гэх мэт олон зүйл бичжээ. Өөрсдөө уншвал илүү ихийг мэдэх байх өө. 

Ийнхүү энэ номоо ёслол төгөлдөр төгсгөв. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүргэе. 

2025年5月15日木曜日

"Үшино то яки" шавар аяга

Өмнө нь ажиллаж байсан газрынхан минь надад бэлэг өгсөн. Цэцгийн баглаа, дурсгалын үгс, мөн кофены аяг тавагны хос. 

Энэ аягаа би өөрөө захиалсан юм өө. суугуул нутгийн минь гар урлалын нэгэн бүтээл. Хөөрхөн үнэтэй. Би бол их л нарийлах байх, тэгж байгаад өөртөө авна даа гэж бодоод л явдаг байсан юм. 

Хэрэгтэй, дурсгалтай зүйл юу байна гэж асуухаар нь сэтгэл шулуудан үүнийг л авмаар байна гээд хэлчихсэн. Зориг гаргасан л даа. Хүнээс үнэтэй цайтай юм авах чинь санаа зовоод байдаг юм аа. Хи хи. 

Ийм хар ногоон өнгө хосолсон. Шавар эдлэл. Амралтын өдрүүдэд үүндээ кофегоо хийж аваад л номоо дэлгээд сууна. Нэр нь "Үшино то яки". Орчин үеийн хэлбэр дүрстэй байна гэхээр нь үгүй ээ би эртний уламжлалт хэлбэр дүрс, технологиор хийснийг нь л авмаар байна аа л гэв. 

Хуучин ажлынхаа хэсэг бүлэг хүмүүстэй нэг орой уулзаж, ууж идсэн бас. Сайхан дурсамжтай яриа өрнүүлээд. Бас нэг даргыгаа бүгд ам нийлж муулсан. Ха ха. Японд ч бас зэвүүн зэвүүн дарга нар байна аа. 

Жич: Арын номыг нь уншаад л байгаа. Удахгүй дуусна даа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年5月13日火曜日

Идсээр л уусаар л

Ажлаа сольсон гэж хэлсэн дээ. Тэгсэн чинь идэж уух ажил ч мөн нэмэгдсэн. Олоон жилийн өмнө бас яг л энэ ажлыг хийж байсан юм. Тэр үед ч гэсэн мөн идэж уух минь нэг ёсны ажлын минь нэгээхэн хэсэг байлаа шүү дээ. Хэ хэ.

Хүн болгоны өмнө ийм нэг жижигхэн тогоотой хоол их ирнэ ээ. Би дуртай. Ходоодны минь хэмжээгээр гардаг. Хажуугаар нь мөн өөр бас бус зууш гардаг болохоор цадна, хүүхнүүд бол дорхноо л цадчихдаг. 
Ихэвчлэн үхрийн мах байна. Хажууд нь мөөг, бас бус ногоо. Тухайн улиралын ногоо байх нь элбэг. 
Масло багахан шиг хийж байгаад шарах нь их амттай болдог. Мөн үнэр ч тансаг. Хэ хэ. 
Сашими буюу түүхий загас. Тусгай цуунд дүрж иднэ. Ингэхдээ тунхуу гэдэг ногоо жаахныг хольдог. Халуун ногоотой, ихэдвэл хамар луу сэнх гээд л явчихна шүү. 

Шинэ ажилчдаа хүлээн авч, нэг хуучин ажилтнаа өөр газар луу үдэж ууж идэх арга хэмжээ тун дажгүй өнгөрсөн. 

Гэхдээ эд нар хичнээн идэж уусан ч маргааш нь ажилдаа гозойж байдаг. Тэр тэгж идээд, ингэж уугаад гэж дэл сул яриа үүсгэхгүй. 

Ажил ажил гэсэн хүмүүс байдаг. 

Сүүлийн үед өөрчлөгдөж буй нэг зүйл бол тухайн өдөр томилолтоор ийш тийш явахдаа машинаар явахаар бол өглөө нь заавал согтуурал шалгах багаж үлээлгэж, архи ууж уу? Уусан архи нь гарч уу? гэж шалгадаг болсон байна лээ. 

Тэр орой манай дарга уугаагүй. Маргааш нь машинаараа гадуур ажилтай гээд. Түүнээс уудаг гар л даа. Хэ хэ. 

Ууж идсэн ч соёлтой байцгаая. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年5月12日月曜日

Амьсгал 2

Энэ номныхоо тухай бага сага бичээд, номоо хураая даа. Ширээн дээр минь хөглөрөөд, хүмүүс ад үзээд байна. Хэ хэ. 

Хамар агаарыг цэвэрлэж, халааж, чийглэж шингээлтийг хялбарчлах чухал үүрэгтэйг бараг хүн бүгд мэддэг хэдий ч хамар бэлгэ эрхтэн хөвчрөхгүй байх шалтгаан болж эсвэл хоол шингээлтийг сайжруулж, даавар ялгаруулж, цусны  даралт буулгах, бодисын солилцоог сайжруулж, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөгт хариу үйлдэл үзүүлж, хөлийн хурууны судсыг нээж, дурсамжуудыг ой санамжид хадгалах гээд бидний төсөөлж байгаагүй үй олон ажиллагаанд оролцоотой байдгийг хэн бүхэн мэддэггүй. Мөн хамрын үсний өтгөн, шингэн байх нь бид багтраатай болох эсэхэд нөлөөлдөг байна. 

Гэж байна шүү нөхөд минь. Хамрынхаа нүхэн доторх үсийг хайчилдаг хүнтэй таарч байлаа. Урт ургаад, ил гарч ирчихээд хэцүү л байдаг байх, хөндлөнгийн хүн харахад тийм ээ? 

Түүнчлэн хамрынхаа баруун болон зүүн нүхний алингаар нь амьсгалж байгаагаас шалтгаалж хүний тархины үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөлөл нь өөр өөр байдаг гэнэ. 

Тухайлбал баруун нүхээр амьсгалах нь цусны эргэлт хурдсаж, бие халан кортизолын түьшин, цусны даралт, зүрхний цохилт нэмэгддэг. Түүнчлэн тархины эсрэг тал буюу логик шийдвэр гаргалт, хэл яриа тооцоолох чадвартай холбоотой тархины зүүн урд хэсгийн цусан хангамжийг нэмэгдүүлдэг. 

Харин зүүн нүхээр амьсгалах нь барууныхаа эсрэг үр нөлөөтэй. Амарч тайвшрах, цусны даралт, биеийн дулааныг буулгаж, сэтгэл түгшилтийг багасгадаг. Мөн зүүн нүхний амьсгал нь парасимпатик мэдрэлийн системтэй хамааралтай ба бүтээлч сэтгэлгээ, сэтгэл хөдлөл, төсөөлөн бодох, сөрөг сэтгэл хөдлөлтэй холбоотой тархины баруун урд хэсгийн цусан хангамжийг нэмэгдүүлдэг. 

Үүнийг уншсан чинь тухайн нөхцөл байдал, эрхэлж буй ажлаасаа хамаараад шууд аль нүхээрээ амьсгалахаа тохируулчихаж баймаар бодогдов. Хэ хэ. 

Гэхдээ иогийн зарим нэг дасгалд хамрын нүхээрээ сэлгэн амьсгалах дасгал байдаг тийм ээ? Долоовор болон эрхий хуруугаа ашиглаад ээлжилж амьсгалаа аваарай гээд нэг дасгал хийж үзэж байсан юм. Олон жилийн өмнө. ДВД байдаг юм, надад. 

Тухайн үедээ сайн мэддэггүй байж. Тэгсэн тархины үйл ажиллагаанд нөлөөлөх нөлөөлөл нь өөр өөрбайж шүү дээ. Ном уншихын ач тус ийм их. Урд нь мэддэггүй, ойлгодоггүй байсан зүйлийг минь ойлгуулж, мэдүүлж, ухааруулдагт оршном.

За тэгээд олон эрдэмтэн судлаачдын хийсэн судалгааг дурдаж, амьсгалын тухай олон зүйлийг бичсэн байв. Мөн эртний Хятадын Тао судар зэрэгт энэхүү амьсгалын тухай ихэртнээс бичиж тэмдэглэж ирсэн байдаг юм байна. 

"Хамар бол тэнгэрлэг хаалга. Амьсгалаа хамраар авах ёстой. Эсрэгээр бүү хий. Эс бөгөөс амьсгал аюулд орж өвчин ирнэ."  Ⅷ зууны Хятадын Тао бичээс.

Амьдрал тэтгэгч амьсгал номын сүүлийн хуудасанд "Хэрэв үр хойчдоо хамгийн чухал захиас үгийг гэрээслэл болгон үлдээ гэвэл АМАА ХАА гэх хоср үг байх болно." гэж бичээстэй байдаг гэнэ. 

Тэгэхээр хамраараа амьсгалын ач тус, мөн зөв амьсгалахын ач тус гэж асар чухал байх нь ээ...

Үргэлжлэл ишлэлүүдийг дараа дахин нэг бичээд төгсгөх үү. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年5月11日日曜日

Нар зурсан нь

Хичээл эхлээд нэг их удаагүй байхад нь нээлттэй хичээл гэж болдог юм. Зулзагаа хичээлдээ хэр оролцож байгааг харангаа хичээлийн цаг дуусангуут эцэг эхийн хуралд сууна. 
Ангийн хойд хананд сурагчдын зурсан зургийг хадсан байв. 
зулзагынхаа зурсан зургийг шууд л олов. Харваас ойлгомжтой байсан. Хэ хэ. 
Багш "Миний нар" гэдэг сэдэв өгөөд дуртай өнгө, дуртай хэлбэрээр инээмсэглэж буй нар зурцгаая гэж л дээ. 
Бусад хүүхдүүд их хөөрхөн нар зурцгаажээ. Хаанаас нь ч харсан нар. Өнгө нь тэр алтан шаргал нар. Хи хи. 
Тэгсэн миний зулзагынхыг харцгаа. Ха ха. 
Зулзагын зурсан наран дээр аалз ирээд наалдчихсан. Ха ха. Хажуугаар нь гэхдээ солонго татаастай. 
Инээмсэглэл олж харсангүй. Аалзны өнгө төрхийг их сүрхий гаргаж будсан байхаар нь хайр хүрэв. Магтав. 

Нэг иймэрхүү сонинтойгоор шинэхэн сурагч минь хичээж л явна. 
Энэ сарын сүүлээр тамирын өдөрлөгтэй гээд өдөр бүр зааландаа бэлтгэл хийгээд ядарсан хүн байна. 

Ээжийгээ тарж ирэхээр энгэрт наалдаад, мөөмөө барьж эрч хүч аваад л. Ээж бас мээмдүүлж эрч хүчээ сэлбээд л. Ккк

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年5月10日土曜日

Ороонго дэнс

Жил бүрийн 5 дугаар сарын эхээр энд фүжигийн цэцэг буюу монгол хэлээр орооно дэнс, англиар wisteria гэдэг цэцэг дэлбээлж цэцгэнд дуртай хүмүүсийн мэлмийг мялаадаг. 
Би ч жил бүр очиж үзэх юмсан гэж бодсоор яваад хугацааг нь өнгөрөөчихдөг юм. 
Энэ жил зорин зорин гараад давхив. Аав ч эзгүй байсан тул хийцгүйрээд байсан юм л даа. Бага зулзагаа суулгаж аваад, нэг айлыг бас уруу татаад, хамтдаа явсан. 
60 гаран жилийн өмнө 4 мод суулгаад түүнийгээ усалж арчлаад, хэлбэр дүрсийг нь засаад, тулгуур мод энд тэнд нь хатгаж өгөөд, гадаад дотоодын жуулчдыг татаад байх юм. 
Газар дороо баялаггүй улс хүнээ хөгжүүлээд, хүн нь эргээд улсаа хөгжүүлээд байх юм өө. 
Нэгэн сүмийн гадаах 4 ширхэг аварга мод ийнхүү сүмийн лам нарын хүчинүзүтгэлээр жуулчдын нзд сэтгэлийг баясгана. Тэгэхэд манай лам нар юу хийдэг билээ? Манай Гандан хийдийн ойр хавьд юу байдаг билээ гэж харьцуулан бодоод амжина. 
Энэ зурган дээр ятга хөгжим харагдаж байгаа биз? Тухайн хотынхоо ахлах сургуулийн ятгын дугуйлангийн охидыг урьж авчраад, нэг ая тоглуулчихаж байгаа юм. 
Би ч охид минь хөгжмийн дугуйланд явдаг болохоор ч тэр юм уу? Цагийг нь тааруулж очиж сонссон. 
Явган хүний зориулалттай замаа хүртэл ингэж модоор хүрээлүүлээд, тэр модоо үс засаж байгаа юм шиг л засчихна. Хэ хэ. 
Эдний энэ нөр их хөдөлмөрийг гайхаж бишрэхээс аргагүй. Хар үүрээр босчихсон л хашаа хороогоо шүүрдээд байдаг улс шүү дээ. Би тэгэхэд хажууд нь нойроо харамлаад л хэвтээд байна. Яалтай? 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年5月7日水曜日

Амьсгал

Номоо уншаад л яваа шүү. Гэхдээ эрч нь жаахан буурсан сүүлийн хоёр сар. Шинэ ажил минь бүтэн цагийн ажил. Цайныхаа цагаар ном унших гэхээр бас нэг их сайн төвлөрч өгөхгүй л байна. Хэдий тийм ч би хичээж л яваа шүү...

3 дугаар сарын төлөвлөгөөт ном. Номын уулзалтынхан маань тухайн сардаа жаахан завгүй, 4 сард уулзаж ярилцана гэсэн амжаагүй л байна. Дараа сарынхаа буюу 4 дүгээр сарынхаа номыг уншаад бараг дуусах гэж байдаг. 

Ямартай ч мартахаасаа өмнө блогтоо бичнэ ээ. 

Бага зэрэг нуршуу санагдсан. Ерөнхийдөө амаараа биш хамраараа амьсгалахын чухлыг, гүнзгий бөгөөд чанартай цөөн тоогоор амьсгалахыг зөвлөсөн ном. 

Би харшилтай тул үе үе хамар битүүрнэ. Амаараа амьсгална. Үүнийгээ ухамсартайгаар хамраараа амьсгалах гэж хичээдэг юм. 

Мөн үе үе гүнзгий амьсгалаа авч, удаанаар гаргах гэж оролдоно. Жишээ нь 00-доо сууж байхдаа ч юм уу. 

Амьсгалаа хянаж сурах хэрэгтэй юм шиг байна шүү. Энэхүү номыг уншаад төрсөн анхны сэтгэгдэл. Амьсгал авах, амьсгалаа түгжих, амьсгалаа гаргах энэ гурван үйлдэл маш чухал гэдгийг мэдэж авлаа. 

Түгжих, гаргах нь ч чухал юм байна. Бид амьсгал авах дээр хэт их анхаардаг юм байна. Гэвч юм бүхэн хэмжээтэй. Амьсгал авах нь хэмжээтэй, гаргах нь ч тодорхой хэмжээтэй байдаг байх нь. 

Амьсгалын хэд хэдэн дасгал байсан. Ганц нэгийг нь оролдож үзсэн. Хэцүү байсан. Сурахад цаг хугацаа шаардах юм билээ. Ерөнхийдөө өөрийгөө буруу амьсгалдаг юм байна гэж өөртөө дүгнэлт хийгээд, зөв амьсгалж сурах хэрэгтэй юм байна. Харин яаж? 

Юун түрүүнд хамраараа амьсгалж байх...
  • Олон төрлийн амьсгал байдагтай адил олон төрлийн амьсгалах арга бий. Бидний амьсгалж байгаа арга бүр бидний биед өөр өөрөөр нөлөөлдөг.
  • Зарим амьсгалах арга нь бидний тархийг тэжээдэг бол зарим нь мэдрэлийн эсийг үхжүүлдэг, зарим нь биднийг эрүүл болгодог бол зарим нь үхлийг хурдасгадаг.
  • Бид боловсруулсан, зөөлхөн, калориор баялаг хоол хэр их иднэ, тэр хэрээр бидний тархи томрон агаарын зам нарийсдаг байна. 
  • Амаар амьсгалахад хүний бие 40 хувиар илүү хэмжээний шингэн алддаг байна.

Гэх мэтээр зөндөө л зүйлийг тодруулж, цаас наажээ. Хэрэгтэй гэснийгээ, санаж явахад илүүдэхгүй гэснийгээ блогтоо бичиж үлдээнэ ээ. 

Хурхирдаг хүмүүс, унтаж байхдаа бүр амьсгал нь үе үе тасалддаг хүмүүс энэ номыг сайтар уншаад, ойлгоод, зөв амьсгалж сурахыг хичээгээсэй гэж зөвлөх байна. 

Хажуудах хань ижилдээ бас уншуулмаар байдаг. Хурхирдаг хүн. Би ч бас хурхирдаг гэсэн. Ха ха. 

За уншигч олон минь ч гэсэн амьсгалын талаар судлаад үзээрэй. Бүгдэд нь амжилт хүсье. Үргэлжлэлийг бичнэ ээ. 

Түр баяртай. 

2025年5月6日火曜日

Цэцэгс

Өмнөх бичвэрийн өртөөний цэцгийг ойртуулж, өнгө өнгөөр нь тусад нь дарав. 

Күраёши гэдэг хотын нэгэн ахлах сургуулийн сурагчдын тарьж ургуулсан цэцэгс юм байна. Цэцгийн савыг ч бас тэдний модоор хийсэн бүтээл юм байна. 2017 оноос ингэж бэлэглэж, өртөөгөө чимдэг болсон юм байна. 

Цэцгийн нэрийг мэдсэнгүй ээ. Нэр нь хаа нэгтээ бичээстэй л байсан байх даа. Эд нар их олон цэцгийн нэрс мэддэг. Цэцэрлэг сургуулиас нь цэцэгтэй нөхөрлүүлдэг. Элсэлт, төгсөлтийн арга хэмжээнд заавал анхилуун үнэрт цэцэгсээр анги танхим, заалаа чимдэг. 

Тэгэхээр аяндаа цэцгийн нэрсийг цээжилчихдэг талтай юм билээ. 
Ийм цагаан өнгө хосолсон бүдэг ягаан өнгө байна. 

Сүүлийн үед ажиглаад буй зүйлийн нэг бол хуванцар материалтай шаар нэг их ашигладаггүй явдал. Мэдээж огт ашигладаггүй бол биш. Хаа нэгтээ ашигласан газар байдаг. 

Гэхдээ байгаль орчинд ээлгүй гэдэг утгаар нь, хүүхэд үлээж барих гэж байна гээд аманд нь бохир орно гэдэг утгаар нь хэрэглэдэггүй газар их юм билээ. 

Оронд нь амьд цэцэгс, өөрсдийн япон цаасаараа урласан цэцэгсээр уур амьсгалаа өөрчилдөг, зөөллөдөг, чимдэг юм билээ. Их таалагддаг, би гэртээ ямар нэгэн арга хэмжээ болоход шаар авдаггүй, дараа нь хог болно гээд зулзагууддаа хэлчихдэг. 
Тод ягаан өнгө.

Ингэж хойч үеэ байгальтай ойр, гоо үзэмжтэй ойр өсгөх гэж хичээдэг юм шиг. Манайхан шиг таван хошуу мал, тал нутаг гэх мэтээр байгальтай, амьтадтай ойр өсдөггүй болохоор тэр ч байж магад.  

Би ч бага зулзагаа эрэгтэй юм чинь цэцэг хуаранд нэг их дурлахгүй биз, хэрэггүй биз гэж бодолгүйгээр цэцэгтэй газраар аль болох дагуулж явахыг хичээдэг. Ирээдүйд цэцгийн дэлгүүр эрхэлдэг өөрийн гэсэн бизнестэй ч болох юм билүү, тийм үү? Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年5月5日月曜日

Өртөөн дээрх сэтгэл ханамж

Дээхэн нэг жижигхэн өртөөний хажууханд хуралд суусан юм. Буусан гарт тэрэгний өртөө их хөөрхөн. Жижигхэн сумынх л даа. Түүнийгээ дагаад хүн ч цөөхөн. Хүн цөөн, сумын өртөө гэхээр бидний төсөөлөлд хаягдсан мэт, эвдэрсэн, хуучирсан, харанхуй байдаг, байх ёстой мэт буудаг даа. 

Үгүй юм байна шүү. 

Хүн ам цөөтэй, байгалийн баялаг гэхээр зүйлгүй жижигхэн сум. Хүмүүсийн анхаарлыг татах, сумандаа жуулчид татах хамгийн гол салбар нь аялал жуулчлал. Аялалаар ирсэн хүмүүс юун түрүүнд галт тэрэгний өртөөгөөр дамжина аа даа. 

Буунгуут нь л нүдийг нь, сэтгэлийг нь татах зүйл хэрэгтэй. Тэр бол харагдах байдал. Цэвэр цэмцгэр байдал...

Тэр цаана сандал дээрх олбогийг хараад байгаарай. Дээхэн нэг өртөөний сандал дээр нэхмэл олбог байсан юм. Энэ удаад даавуугаар хийсэн олбог  байв. 

Энэ цэцгийг бас хэд хэдэн өнгөөр нь тарьж ургуулаад, өртөөгөө чимсэн байв. Би өнгөрдөг жил ч очихдоо зургийг нь дарж байсан. Жилдээ нэг удаадаа энэ өртөөнд бууж, хуралд суудаг болохоор тэр бүртээ зургийг нь дарах жишээний. 
Хавар цагт гэлтгүй жилийн 4 улиралд л ямар нэгэн цэцгийг яаж ийгээд л ургуулаад, чимэглээд, хүмүүсийн мэлмийг баясгаад байдаг энэ япон хүмүүсийн, япон эмэгтэйчүүдийн хөдөлмөрч занг магтууштай. 

Би өөрөө ингэж арчилж, ургуулж чадахгүй байгаа учраас. Хэ хэ. Мөнхрөө гэдэг ганц ургамалтай болсон. Найзын бэлэг. Тэр маань их амар, арчилгаа бага шаарддаг юм билээ. Хи хи. 

Цэцэгчин бүсгүйчүүддээ, цэцэгчин эрчүүддээ ч амжилт хүсье. Түр баяртай. 

2025年5月4日日曜日

Хавар цагийн өнгө

Эндхийн хавар эх орны минь хавраас ялгаатай нь шороогоор шуурах нь бага. Айлууд гадаанаа өнгө өнгийн цэцэгс алаглуулна. Хашааны оронд гэрээ тойруулаад мод тариад хашаа болгочихдог улс шүү дээ. Хөдөлмөрч гэж юүхэв. 
Азалия буюу тэрэлж цэцэг. Бүдэг янгаан өнгөтэй нь ч бий. Алаглаад ургачихаараа бас л гоёмсог харагддаг. 
Нэгэн айлын гадаах бяцхан мандал. Тэр бүр харагдаад байдаггүй өвөрмөц өнгө. Нэг төрлийн цэцэг мөртлөө өнгөнүүд нь өөр байгаа биз? Нил ягаан, улаан, ягаан. 
Энд бас л нэг төрлийн цэцэгний өөр өөр өнгөний хослол. Чадах юм аа эд. Үр нь ч бэлэн байж байдаг, цаг агаар нь ч тохиромжтой юм даа. Бороо хур элбэг, зөөлөн дулаан гээд л. Хүмүүс нь ч хөдөлмөрч...

Үлдсэн зурагнаасаа зав гарвал оруулахыг хичээнэ ээ. Угтаа өдөр бүр блогоо бичих санаатай ч компьютраа нээх зав гарахгүй байна өө. 

Ямартай уншигч олондоо амжилт хүсье. Мөн байнга зочилдогт баярлалаа гялайлаа. 

Түр баяртай. 

2025年5月3日土曜日

Алтан 7 хоног

Алтан 7 хоног албан ёсоор эхлэв. Төлөвлөсөн зүйлгүй гэр зуур амрах санаатай. Гарвал ойрхон л гарах байх. Тэгээд ч хагас бүтэн сайн өдрүүд таараад энэ жилийн алтан 7 хоног цөөхөн хоног амрана. 

Шинэ ажилдаа жирийлгэсээр, шинэхэн сурагчаа аргадан тойлсоор нэгэн сарыг үдэв. Ажилдаа алхаж буй би жин хасаагүй ч алхахдаа бясалгаад л, ганц нэг зүйл сонссон шигээ л явна. 

Чихэвч зүүх дургүй хүн чинь нэг чихэвч авав. Одоогоор дасч өгөхгүй, сайн хэрэглэж мэдэхгүй л байна. Ккк

Шинэхэн сурагч минь дасах гээд л. Эрт унтуулж, эрт сэрээнэ гэдэг л нэлээд хүчин зүтгэл шаардаж байна. Оройдоо би чөтгөрлөг зангаа үе үе гаргаж байж манайхан орондоо орж байна. Ха ха. 

Гэр гийгүүлсэн гэргийн дүрдээ итгээд инээмсэглээд л байвал манайхан хэдэн цагт унтаж, хэдэн цагт сэрэхийг бүү мэд. Үнэнээ л хэлэх минь. Амьдрал намайг их олон дүрд хувиргаж сургасан. 

Их хатан, эрх гүнж, чөтгөр шулам, найз нөхөд, ааштай эгч, ааштай эрхийн мангар охин, хоёр улсын харилцааны төлөөх дипломат ажилтан, блог бичигч, ном уншигч...

Маш олон дүрд хувирч чаддаг болжээ. Хи хи. Надтай адилхан хүүхнүүд зөндөө л бий биз дээ? Бараг дэлхийн бүхий л эмэгтэйчүүд, тийм үү? 

Шинэ ажилдаа дасч л байна. Зарим нэг ажилтныхаа нэрийг цээжлэж амжаагүй, зарим нэгтэй нь барагтай нь ярьдаггүй гэх мэтээр японы нийгмийн хачирхалтай гэх үү? Гайхмаар соёлтой эвлэрэх гээд л үзэж тарж л байна. Хо хо. 

Зулзага минь бас ангийнхаа зарим нэг хүүхдийн нэрийг цээжлээгүй л явна лээ. Осолдохгүй багшийнхаа нэрийг цээжилсэн байна лээ. Хэ хэ. 
Гэснээс хавар цагийн гоёмсог цэцэгсийг харж мэлмийгээн баясгаж байна дөө. Ганц зураг оруулах уу? Ажлын газрын ойрхон нэгэн албан байгууллагын гадаах мандал. 

Дараа өөр бусад цэцэгнийхээ зургийг оруулна аа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年5月2日金曜日

Чингис хааны нууц түүх 4

Энэ бичвэрээр дуусгана аа. Дараагийнхаа номыг бичихгүй бол, бас уншихгүй бол...

  • Монголчуудын жаргал цэнгэл нь дуу бүжиг, найр билээ.
  • Холыг бодож хоёрыг сэтгэж явагтун. 
  • Муу үйл муу үйлээ л дагуулдаг. 
  • Хүний сэтгэл хурмын дотор хувирах олсолтой. 
  • Хаан хүнийг хатны нь явдал суудлаар хэмждэг.
  • Өвчин зовлон бүхэн ямар нэг муу сүнсний хорлол байдаг. 
  • Хүний сэтгэлд итгэл бишрэл төрүүлж чадвал хүчтэй, зоригтой болдог энгийн үнэн. 
  • Олны дунд нэр алдалгүй, овсгоотны өмнө хүч алдалгүй явах нь миний ариун үүрэг.
  • Тэнгэр гэдэг ертөнцийг тольдогч цорын ганц мэлмий. 
  • Хэлбэл үг, гишгэвэл газар. 
  • Бид байгуулсан улс, улс гүрнээ үр хүүхдээсээ илүү хайрлах ёстой юм.
  • Төр улсаа төрсөн хөвүүнээсээ илүү хайрла гэж Чингис хаан эцэг сургажээ.
  • Ялалт амттай ч ихдэж хэтэрвэл хордох аюултай.
  • Хаан хүнд хэлэх хэлэхгүй үг, хийх хийхгүй үйл гэж бий. Чи одооноос эхлээд хар толгойгоо бус хамаг улсаа бодох ёстой. Хувийн өчүүхэн хүсэл бодлоо хазаарлаж хамаг олны хүсэл жаргалыг эрхэм болговол алдар чамд өөрөө ирэх болно.
  • Ухаантай хүнтэй үг солиход үүлтэй тэнгэр цэлмэх мэт оюун санаа онгойно. 
  • Ухаантныг түш, уруудсаныг эргүүл. 
  • Хүний тусыг бага гэлгүй амь таьж хариул. Цэргийн дотор баатар бодлогыг сахь. Төрийн үйлд төв чигийг эрхэмлэ. 
  • Энэ Монгол нутаг чинь ядрахад хоол, явгарахад морь, унтахад гэр, өвдөхөд эм чинь болох юм. 

Хулан

Нэлээд хартай, шортой, шулуухан, хүсэл тачаал ихтэй бүсгүй байж. Ихэд багаасаа Тэмүжинд дурлаж, хүсэн мөрөөдсөн. Түүний хатан болохын тулд маш их зүйлийг зольж, маш их ухаан зарсан. 

Аав Дайр-Үсэний гэрт нэлээд эрх танхи өссөн, дураар омголон зантай, хол ойрыг ухан бодох чадалтай, сэргэлэн овтой бүсгүй байснаараа Өүлэн их хатанд нэлээд хавчигдсан, найруулсан хоронд нь ч нэлээд өртсөн бололтой.

"Эм хүний хамгийн хүчтэй зэвсэг бол эрийн хүслийн оргилуулагч урин тачаангуйн увидас" гээчийг сайтар эзэмшсэн байсан болохоороо их хааны хайртай хатан нь байсан гэлтэй.  

Бодоод байсан, тийм л байх тийм ээ? Тэр цаг үед чинь хаад ноёд олон хатан буулгадаг байсан болохоор одооны хэллэгээр ор хөнжлийнхөө ажилд сайн байж л авааль нөхрөө хажуудаа уях байх даа тийм үү? Хи хи.  

Зүчи

Эвий эвий, бага насандаа сэтгэлийн асар их дарамт, хямрал дор хүн болж хүмүүжсэн. Хаан эцэгтээ хүлээн зөвшөөрөгдөх гэж хүүхэд ахуйгаасаа асар их ухаан зарж, дүү нарынхаа дарамт, дээрэлхэлтийг амсаж, шаналж ирсэн. 

Ижий нь, эмээ ньь Боорчи нар харин түүнийг ихэд хайрлан, хамгаалан, өмгөөлөн өсгөсөн нь сэтгэлийн угт нь багахан итгэл найдвар төрүүлдэг байсан гэлтэй. 

Гаднах түр төрх нь өндөр, нуруулаг, царайлаг нэгэн байсан бололтой. Цэргийн эрдэмд ч сайн, ухаан ч сийрэг байсан бололтой. 

Сүүлд өөрийн өрх гэрийг үүсгэн, хүү Батдаа зүрхний угаас хайртай байж. Хүү Батдаа их ч олон зүйлийг захин хэлнэ. Хүү нь ч аавыгаа ихэд ойлгон, хүндэтгэнэ. Бат бол Чингис хааны дээд удам Добу мэргэний дүү Дува сохорын сүнс байсан гэж гарна. Үнэн эсэхийг мэдэхгүй л дээ. 

Орос орны хувь тавиланг Зүчи, хүү Бат нь нэлээд донсолгосон. Энэхүү довтолгоо, донсолгоо нь эргээд Оросыг хүчирхэгжүүлэх хүчин зүйл болсон ч юм шиг. 

Боорчи

Хамгийн үнэнч шадар нь. Эзэн хааныхаа олон олон үйл хэрэгт дэргэд нь байж, хүчин зүтгэнэ. 

Хамгийн сэтгэл татагдам зүйл нь Зүчид хандах түүний үнэнч сэтгэл байлаа. 

Анхны хайрт амьсгалд хиртэж, алганд бяцармаар эмзэг, энхрий Гүмүдагаасаа маш харамсалтай, маш эмгэнэлтэйгээр хагацдаг нь түүнийг нэлээд хэрцгий болгон сэтгэлийг нь хоосолчихно. 

Хадааны төрсөн хүү Гэрэгэг дэргэдээ байлган, өөрийн хүү мэт өсгөн хүмүүжүүлнэ. Ингэснээрээ тэр өөрийн сэтгэлээ тайтгаруулан, тэнгэртээ сэтгэл амар одно. 

Зээ ингээд энэ номоо номын тавиуртаа хураая даа. Мөн "Сайн хаан Бат" гэдэг ном нэлээд олон жилийн өмнөөс л өрөөстэй бий. Түүнийгээ зориг гарган уншина аа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.