2025年6月28日土曜日

Ичгүүр

6 дугаар сарынхаа номыг уншиж дуусаагүй байтал өнөөх л дугаар дайрдаг зангаараа урдуур орж ирээд уншигдчихсан. Ингэж дураараа аашилдаг нь нэг л орчуулагч хүний номнууд. Хэ хэ. 

Номын клубын минь санаачлагч, ангийн минь дарга Доржийн Болортуяа. Түүний орчуулсан номнууд хэмжээ жижиг, нимгэвтэр хэрнээ агуулга нь цаанаа л нэг "зэвүүн", "нэгийг тунгаалгасан", "өөрийн дотогш руу өнгийлгөсөн, гэх мэтээр жинтэй.

Анни Эрно зохиолчийн "Ичгүүр". Өмнөх хоёр номтойгоо яг ижилхэн хэмжээтэй, зузаантай. Өнгө нь л өөр. Гурвууланг нь зэрэгцүүлж тавиад зураг дарвал бас л хөөрхөн өнгө алаглал. Даанч номын сангаа ухахаас залхуурав. Хо хо. 

Ер нь монгол номтой бяцхан өрөөгөөрөө бараг шагайдаггүй, номоо хураах, унших номоо олж авах, хаа нэгтээ хувцсаа хайх гэх мэтээр цөөн л орж шагайдаг жижигхэн өрөө бий. Ирээдүйд тэр өрөөгөө бүхэлд нь ном болгоно гэж мөрөөддөг. 

Оршил өндөрлөв...

12 настай, шилжилтийн насандаа яваа охины гэр бүлд тохиолддог тэр нэгэн зураглал өөрийг нь ч мэдээгүй байхад дотор нь оршсоор. 

Өсөлтийн насны, их мэдрэмтгий үедээ яваа охиныг далдчуур өөрчлөөд байж...

Гэр бүлд нь тохиолддог ч гэж дээ, ерөнхийдөө өдөр тутамдаа эсвэл хаа нэгтээ гаргадаг, үйлддэг ээж аавын үйлдлүүд, үглээнүүд хүүхдийн сэтгэл зүрхэнд хар дарсан зүүд, хар толбо, эмзэглэл, айдас, "ичгүүр" болж үүрд хадгалагдан үлддэг байх нь. 

Тэр нэгэн өдөр ээж аав нь муудалцана. Эцэстээ тэр муудалцааных нь аав нь ээжийг нь алахаар сүх барьчихсан зогсоо дүр зураг өсвөр насны бээлийн чинээ охины сэтгэлд, ой тоонд тамгалагдан үлдчихнэ. 

Цаашлаад далдуур түүнийг нүдэнд үл үзэгдэх айдастай болгоно. 

"Эл өдөр 1952 оны зургаадугаар сарын 15. Хүүхэд насны зуу зуун өдрөөс өчүүхэн ч атугай эргэлзээгүй тодхон санаж буй цор ганц өдөр. Үүнээс өмнөх өдөр хоногууд ангийн самбар, хичээлийн дэвтэр дээр минь бичигдээд л нисэн оддог байж дээ."

Гэж бичжээ. Өсвөр насных нь дурсамжууд яаж ийгээд л тухайн "тодхон санаж буй ганц өдөр"-тэй нь ямар нэгэн байдлаар, ямар нэгэн жимээр холбогдчихно. Холбогдчихно гэхээсээ илүү зохиолч өөрөө тэр ганц өдөртэйгөө яаж ийгээд л холбоод бодчихдог гэлтэй. 

Ээж хүнийхээ хувьд би зулзагууддаа ийм хар толбон "дурсамж" үлдээчихсэн л яваа даа. Яанам бэ? гэж өөрийн эрхгүй бодогдов. Миний өөрийн бага насны дурсамжуудаас эргээд санахад эмзэглэм, ичгүүртэй дурсамж бий бий. Мэдээж жаргалтай өдрүүд нь олон...

Мөн энэхүү "Ичгүүр" номд 1950-иад оны үеийн "дунд давхарга"-ынхны амьдралын хэв маяг, байр байдлыг өөрийн бага насныхаа дурсамжаар дамжуулан уншигч олонд илэн далангүй уудалж бичжээ. 

Очиж үзэх юмсан гэж мөрөөддөг, цагийн сайханд хэл усыг нь сурч явсан Франц орны тухай ийнхүү илэн далангүй, нууж хаалгүй бичсэнийг унших нэг бодлын гунигтай ч олон олон бүсгүйчүүд, охидын мөрөөдлийн оронд ч бидний оршин буй оронтой адил элдэв асуудал байдгийг мэдэж авах юм даа. 

"Хүн ямар ч цочирдом хэрэг, үйл явдалтай тулгарсан бай хамаагүй түүнийгээ ил гаргаж ярьснаар хэвийн болж орхидог юм шиг ээ."

Нээрээ л тийм байх шүү. Сэтгэлээ уудал, гадагш нь гаргаж ярь гээд л их ярьдаг, бичдэг дээ. 

"Улс амьтан юу гэж бодох юм билээ." 

Энэ хэллэгтэй хоёр ч удаа таарсан. Тухайн он жилүүдэд ч энэ амьтан хүний хэл амнаас айдаг, жийрхдэг явдал байж шүү. Ганц манай улсад ч биш. 

Эдүгээ үед ч оршсоор буй нь хачирхалтай...

"Хүүхэд насныхаа тухай ухаж төнхөх тусам амьдралд ямар их хүч, нөлөөтэйг нь ухаарч гайхах юм."

Тэгж байгаад бага насныхаа тухай ухаж төнхөх сэдэл төрөв. Эндээ блогтоо бичих үү? Эсвэл дэвтэрт бичих үү? Яг ямар дурсамж сэдрээд, хэрхэн нөлөөлснийг нь олж харахад зүгээр мэт санагдав. 

"Онц байхын хэнээ туссан орчлон хорвоо"

Энэ явдал ч эдүгээ 21 зуунд хэвээрээ гэж бодохоор, би ч өөрөө тэрхүү онц байхын хэнээнд нь автсан нэгэн тул энэхүү "хэнээ"-нээс хэрхэн яаж салах юм бол? Хэн салгаж өгөх юм бол? 

"Ой санамж гэдэг далайн сэвшээ салхи, намар эхний навчсын үнэр зэрэг газар дэлхийн эргэлт сэргэлтэд байдаг, хүн төрөлхтөн хувиралгүй бат оршсоор ирснийг батлах хүнээс ангид тусдаа хүчин зүйл юм." Марсел Прүст 

Ой санамж гэдэг угтаа тухайн хүнийг бүтээж байдаг, оршиход нь дэм өгч байдаг асар хүчтэй зүйл юм шиг ээ. Ялангуяа бид чинь өнгөрснөөрөө, дурсамжаараа амьдардаг гэхэд хилсдэхгүй. 

Нэг их ирээдүй руу тэмүүлээд, хойчийнхоо амьдралд санаа тавих биш, өнгөрсөндөө л яваад байдаг нь их шиг ээ.

"Ичгүүрийн тухайд "Ичиж шившигтэй байдалд орж үзсэн хүн надад юу ч тохиолдож болох юм байна, би ичихээ яавч болихгүйгээс гадна намайг улайлгах өөр үйл явдлыг араасаа дагуулах юм байна" гэж боддог болчихдог."

"...Ичгүүр өдөр тутмын амьдралын минь шинэ хань хамсаатан болон хувирсан юм."

Ичгүүрийн муу тал нь ичиж буй хүн л гав ганцаараа уг зовлонг эдэлдэгт оршино."

Энэ мэт зүрхэнд нэвт шувт түрэн орж ирэх үгс, өгүүлбэртэй таарна. 

Дурсамж, дурсамж. Эргээд олон зүйлийг дурсан санахыг хичээе. Ялангуяа бага насныхаа тухай. 

Энд ирж үдсэн 20-иод жилийнхээ амьдралыг эргэн дурсахад блогоо уншихад, ухаалаг утасныхаа зургийн цомгийг сөхөхөд л нүдний өмнө тодхон байх байх. Түүнээс өмнөх үеийн дурсамжийг сэргээнэ гэдэг нэлээд ажил болох биз ээ?  

Төгсгөлд нь орчуулсан номоо бэлэглэсэн Болортуяа эгчдээ баярлалаа. Маш өвөрмөц дэлхийн бүтээлтэй танилцуулдагт үргэлж талархнам. 

Та бүхэн ч гэсэн авч уншаад, өөрийн бага нас, ой санамж, дурсамж руугаа нэг өнгийгөөд, аялахыг хүснэм. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿