За юу бичих билээ?
Идсэн ууснаа бичих үү? Үзсэн харснаа бичих үү? Хэ хэ.
Улаанбаатар хотын үйлчилгээний газрыг сайн мэдэхгүй байна. Учир нь ихэвчлэн оройн цагаар үйлчлүүлсэн юм.
Харин орон нутаг, жуулчны баазын ресторан нь онгойхоосоо өмнө цэвэрлэгээгээ хийсэн байх ёстой атал, жуулчидтайгаа зэрэгцээд шалаа шүүрдээд, арчаад, угаагаад байдаг юм билээ. Ха ха.
Бүр нэг орой жуулчны баазын гэр нь цэвэрлээгүй, биднийг очсон чинь цэвэрлээд, хуурайгаар нь шороо босгоод л. Угтаа бид нэлээд олон хоногийн өмнө захиалгаа өгсөн. Бас яг тэр өдрөө онгоц бага зэрэг хойшлоод, очих цагаасаа нэлээд хоцорч очиж байгаа юм л даа.
Тэгээд л яваад очиход биднийг хүлээж авах ямар ч бэлтгэлгүй, "асуугаадхая" гэдэг хариулттай угтах юм. Угтаа бол өглөө нь ажил эхлэхээс өмнө дотооддоо хуралдаад, хэдэн хүн, хаанаас ирж буудаллах тухайгаа нягтлаад, бэлтгэл ажлыг хангасан байх ёстой тийм ээ?
Ямар гэнэт одоо яваад очлоо шүү гэж байгаа биш, гэнэт яваад орж байгаа биш дээ?
Аймгийн төвийн сүүлийн үед бий болсон ресторанд оров оо. Хар үүрээр биш л дээ. Цайны цаг нэлээд дөхчихсөн, онгорхой байна аа гэхээр нь яваад очсон чинь, цэвэрлэгч нь учиргүй шалаа угаагаад л байна шүү.
Угаалгын нунтаг нь нэлээд хурц үнэртэй.
Бас нэг инээдтэй нь бидний суусан ширээний ойрхон нэг халбага уначихсан байлаа. Түүнийг нь үйлчлэгчид нь хэллээ. Аан за гэснээ авдаггүй ээ. Цаашаа яваад өгсөн.
Цэвэрлэгчид нь хэллээ. Аан за гэснээ бас авдаггүй ээ. Ха ха.
Японд бол гялс гүйж ирснээ "уучлаарай" гээд л бөхийх байсан байх даа? Гадаад орон гэдэг утгаар нь л хүлээн зөвшөөрч байна, түүнээс манай японд ингэж бидэнтэй зэрэгцээд шалаа арчаад, халбага унасныг ч тоохгүй гүйгээд байвал шууд гараад явах юм байна гэж хамт явсан залуу хэлсэн.
Яахав, саяхан гарсан хүмүүсийн суусан ширээг бол цэвэрлэх тохиолдол байдаг. Түүнээс учиргүй шалаа угаахгүй. Шалан дээр юм хум асгаж цутгасан бол мэдээж гялс гүйж ирээд арчина.
Мөн манай үйлчилгээний байгууллагынхан их удаан. Яст мэлхий шиг л. Өмнөөс нь би өөрөө гүйгээд үйлчилчихмээр санагдана. Хэ хэ.
Би энэ ажлаа 20-иод жилийн өмнө хийж байсан. Хамгийн сүүлд 2017 онд япон хүмүүстэй хамт явж байсан. Өөрчлөгдсөн зүйл бага л харагдсан. Машин, барилга л ихэссэн.
Үйлчилгээ бол яг л хэвээрээ. Таксины үйлчилгээ харьцангүй сайжирч байгаа юм билээ. Төлбөр нь ч хөөрхөн үнэтэй. Үнэдээ таарсан үйлчилгээ үзүүлбэл бас болж байна.
Энэ удаад нэг иймэрхүү зүйл ажиглалаа. Шүүмжиллээ гэж харна уу? Нээрээ бид үүн дээрээ анхаармаар юм байна гэж харна уу? Таны сонголт...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿