2025年6月29日日曜日

Үйлчилгээний газруудын соёл

Зээ, энэ удаагийнхаа бичвэрээр монгол дахь үйлчилгээний байгууллагуудын соёлын талаар бичнэ ээ. 

Үйлчилгээнийхээ соёлоор дэлхийд тэргүүлдэг япон улстай харьцуулж бичих хэдий ч наад захын соёлын тухай бичнэ. 

Нэгэн жуулчны баазад очлоо. Товлосон цагаасаа 1-2 цаг гаран хоцорч очсон. Учир нь онгоц саатсан. Гэгээ тасарчихсан байсан. 

Биднийг хүлээж авах ямар ч бэлтгэл хангагдаагүй байсан. Гэрийн түлхүүрийг бэлдээгүй, зарим нэг гэрийн цэвэрлэгээ хийгдээгүй. Хүлээн авагч нь нэг хар станцтай. Түүгээрээ за би асуугаадхая гээд л ярина. Яриа нь ил тод бидэнд сонсогдоно. 

Зарим нэг хүмүүс нь биднийг илт тээршаасан байдалтай ярина. 

Гэрнүүд нь бороо уснаас сэргийлээд өндөрлөөд барьчихсан, бид чемаданаа өргөж оруулах гээд дийлэхгүй байхад нэг л их ханхар цээжтэй, бадриун залуу өргөө оруулаад өгчихгүй, гуйлгаж байж нэг юм өргөж гэрт оруулж өгсөн. 

Хамт явсан охидын минь нэг гэр дотроосоо цоожгүй. Цоожгүй байна гэж хэлээд, ямар нэгэн арга хэмжээ авч өгөх шинжгүй болохоор нь өөрийнхөө гэртэй сольж оруулаад, "монгол хүн өөр шүү, эх орондоо байгаа юм байна гайгүй байгаа" гэдэг үүднээс би тэр цоожгүй гэрт нь хоносон. 

Нэлээд удаж байж цоож олж ирсэн ч бүтэн тогтоож чадаагүй, чадахгүй байна аа гээд өнөөх гоё залуу хэлээд явсан. Дахиж ирээгүй, маргааш өглөө нь ажлаасаа буучихсан байсан. Өөр нэг залуу ирсэн, гомдол тавьсан. 

Ажлаар гадуур явж байгаад орой нь ирэхэд цоож засагдаагүй л байсан. Охиноо үнсэхээр ирсэн аав минь санаа нь зовоод чемаданыхаа бүсээр ханатайгаа уяад хоноорой гэсэн. Ханатай уях гэсэн хүрэхгүй болохоор нь уньтайгаа холбож уясан болоод л унтсан. Ха ха. 

Гэрийнхэнтэйгээ ойр зуур яриад суусан чинь салхилаад гэрийн хаалга онгойчихсон. "Орой ганцаараа унтаж байсан чинь ингээд онгойвол яана? Аав нь хамт хоночихмоор байна шүү" л гэсэн. Хэ хэ. 

Хоночихдог, аягүй бол өглөө нь мөнгө нэхээд хэвтчихнэ тийм ээ? Өөрсдийнхөө ажлыг хийгээгүй байж. 

Миний бодлоор: Ямарваа нэгэн албан байгууллага тухайн өдрийнхөө ажил эхлэх цагт хамгийн түрүүнд тавхан минутын хурал? уулзалт? зохионо. Тухайн өдөр болох дотоод ажлынхаа тухай бие биедээ халлт танилцуулаад, ажлынхаа үүрэг даалгавар, чиг шугам зэргээ ярилцаад, гүйцэтгэх. 

Жишээ нь манай байгууллага гадны хэд хэдэн оронтой харилцдаг. Өглөөд ажил эхлэхэд 8:30 гэхэд бүгд босч зогсоод өглөөний мэнд мэдээд, тэр өдөр болох ажлын төлөвлөгөөгөө бие биедээ мэдээллэдэг. Тухайлбал хариуцсан хариуцсан улсынхаа, ажилчдын амралт, томилолт зэргийг мэдээллэнэ. 

Мөн тухайн өдөр гаднаас хэн нэг хүн ирэхээр өглөөний "уулзалт" дээр хэлнэ. Ингэснээр яг хүлээж авч уулзах ёстой ажилтан нь 00 орох гэх мэтээр түр суудлаасаа холдсон үе таараад цаг авсан хүн нь ирвэл бусад ажилтан нь мэдэхгүй өнгөрч ёс алдах, тоохгүй ёс алдах зэрэг явдал гаргахгүйгээр, "та түр хүлээнэ үү, манай тэр одоохон хүрээд ирнэ" гэх мэтээр харилцагчдаа хүндэтгэнэ. 

Японы зочид буудал, дэн буудал нь захиалга орсон л бол ирэх хүмүүсээ оройтсон ч, эрт ирсэн ч түлхүүрээ, өрөөгөө бэлдчихсэн байдаг. Өглөөдөө бууж байгаа ажилтан, өдөр нь гараатай ажилтнууд хоорондоо ажлын тухай мэдээллээ маш сайн өгч авалцдаг. 

Үүнийг манайхан сэтгэл байвал хийчихмээр, болгочихмоор л асуудал шиг санагддаг. Нэг их улс төр лүү чихээд, техник технологи руу чихээд байх асуудал биш шиг тийм ээ?

Хамгийн гол тухайн хүний ажилдаа хандаж буй сэтгэл л гэж хараад байгаа. За тэгээд үйлчилгээний байгууллагад, ямарваа нэгэн байгууллагад ажилладаг бол та сэтгэлтэй хандаж байгаарай гэж хүсье өө. 

Намайг авч ажиллуулбал ч би сэтгэлээ дэвсэж өгнө өө. Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2 件のコメント:

  1. oo mongoliin uilchilee butku, yum heluul mayagtai geed bur uzkuu, er n ene baidlaaraa aziin hamgiin yaduu uls boloh baihoo

    返信削除
    返信
    1. Харин үйлчилгээний салбар жаахан хэцүү л санагдсан. Болдог бол өмнөөс нь гүйгээд өгчихмөөр санагдсан.

      削除