12 дугаар сард уншиж буй хоёр дахь ном. Гурав дахь номоо уншаад эхэлчихсэн. Уг нь хуудасны тоо цөөтэй, жижиг ном. Агуулга нь том том. Би ч тэгээд номоо сонгохдоо их судалж байж сонгодог дөө. Хэ хэ...
Харин энэ хоёр дахь ном зузаан байсан. Агуулга нь? Ээ л дээ, бас л айдас хүйдэс байсан шүү. Хэзээ нэгэн цагт биелчих ч юм шиг, ирээдүйд ийм тохиолдол бий болох ч юм шиг...
Түй түй, муу ёр.
Ишигүро Казүо зохиолчийн "Намайг бүү явуулаач". Түүний зохиолуудаас хоёр дахь номоо уншиж байна. Анхлан уншсан "Өдрөөс үлдсэн зүйл" ном тансаг хэллэгтэй, агуулга нь ч тун аятайхан байж билээ.
"Намайг бүү явуулаач" болохоор 1970-1990 оны үеийн Англи улсад үйл явдал нь өрнөөд байх шиг. Мэдээж бидний төсөөлж буй Англи улсаас тэс ондо байх нь ойлгомжтой.
Үндсэн иргэдээс нь тусдаа хүмүүс амьдардаг хэд хэдэн "газар" бий. Эдгээр тусдаа хүмүүсийг "клон" гэнэ. Клонуудыг ямар зориулалтаар өсгөж, бойжуулдаг вэ гэхээр эд эрхтнүүдийг нь донор болгож Английн үндсэн иргэд нь авдаг.
Бас л зэвүүн байна уу? Нэг ёсондоо сэлбэг болгож тусад нь өсгөж байна гэсэн үг. Клонууд жаахан байхдаа бол өөрсдийгөө донор гэж мэдэхгүй ч насанд хүрэхээрээ өөрсдийгөө донор болдог гэж мэддэг хэдий ч энэхүү хувь тавилантайгаа эвлэрчихсэн, хэн ч юу хэлэхгүй.
Нэг клон дунджаар 2 хагалгаанд орно. Нэг ёсондоо хоёр эрхтнээ өгч байна гэсэн үг. Ингэж өгөхдөө яг өөрийнх нь хувилбар болох үндсэн хувилбар нь авдаг. Зарим нь эхнийхээ хагалгаагаар нас барна. Азтай нэг нь 4 дэх хагалгаандаа ч орж амжина.
Азтай гэж хэлэх эвчгүй ч ямартай ч эхний хагалгааны үеэр амь насаа алдчихдаг нэгнээгээ арай урт насална гэсэн үг. Гэхдээ мэдээж сайхан өтөл насыг туулаад амьдарах учиргүй. Тувт л эмнэлгийн орон дээр, эмч нарын хараа хяналтын дор байж байгаад л хар залуугаараа "диваажин" луу залардаг.
Зохиолын гол баатар Кэт.Ш клонуудын асрагчаар олон жил ажиллаад, удахгүй өөрийнх нь эрхтнээ өгөх ээлж ирэх үед өөрийн амьдралаа, хувь тавилан нэгт найзуудынхаа тухай дурсан санаж, туулсан амьдралаа хүүрнэн өгүүлж буй дистопи зохиоол...
Кэтийн найз Рут, Томми. Мөн хамтдаа Хейлшимд амьдарч байсан хувь төөрөг нэгтнүүдийнхээ дурсаж буй нь өр өвдмөөр. Тэд хэдий донор болгон бэлтгэгдэж буй ч жирийн л хүүхдүүд.
Нэгнийгээ шоглоно, өмөөрнө, дуулна, бүжиглэнэ, сонирхоно, шохоорхоно, хайрлаж хүсэмжлэнэ, гомдооно, гомдоно, уучилна, бухимдана, зүхнэ, уурлана гээд л бид юу мэдэрдэг вэ? Яг л тийм, жирийнээс жирийн хүмүүс...
Гэсэн ч тэд донор. Эрт орой хэзээ нэгэн цагт эд эрхтнээ сэлбэг мэт өгчихөөд л энэ хорвоогоос явна. Үүргээ онцсайн биелүүлсэн, тэд чимээгүй баатрууд...
Хэдийгээр анагаах ухаан өдрөөр, цаг минут, секундээр ухралт буцалтгүйгээр хөгжиж, дэвшиж буй нь гайхалтай ч ингэж хүний ёсноос хазайвал ч тэгээд утгаа алдаад, энэ мэт зүйл зүрх зүссэн, цээж хөндүүрлүүлсэн зүйл тохиолдож болзошгүйг ухааруулсан, ухаараасай гэдгийг анхааруулсан мэт...
Унших явцдаа энэ хэд тэмцээсэй, босоосой, өөрсдийнхөө төлөө дуугараасай гэж битүүхэн хүсэмжлээд байсан ч ямар тэмцэл гарсангүй ээ.
Ижий аавын хайр, гэр бүлийн хайр амсаагүй тэд нөхөрлөлийн зах зухаас амсана, хүүхэд нас нь хаа очиж аятайхан хүүхэд шиг өнгөрч буй нь энэ номны ганц сэтгэлд өег хэсэг байлаа.
Өө тийм, тэд хэзээ ч хүүхэдтэй болохгүй. Угаасаа болох хугацаа ч байхгүй дээ...
Бас нэгэн сонин хэлж уншсан нь "тохиойгоо хазахад ч бэлэн". Англи хэлэнд магадгүй англичуудын дунд хэрэглэгддэг хэлц үг байх. Утгын хувьд "ихээхэн харамсалтай, тун чиг харамсмаар..." гэсэн утгатай юм болов уу гэж таав. Өгүүлбэрийн ерөнхий утгаас нь харахад.
Яг таг сайн хэлж мэдэхгүй л байна. Англи хэлтэнгүүд л хэлж өгөх байх даа.
Дахин хэлэхэд Ишигүро Казүогийн бусад номыг ч боломж гарвал уншина аа. Учир нь аргагүй л Нобелийн шагналтан юм гэж үнэллээ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:
コメントを投稿