2025年12月28日日曜日

Нутгийн бренд

Япончууд энэ нутгийн брэнд гээч зүйлийг заримдаа ч хэтрүүлж хэрэгжүүлээд байдаг шиг санагддаг шүү, үнэнийг хэлэхэд. Нэг мужийнхаар зогсохгүй, тухайн мужийн нэг сум, тэгснээ бүр жижигхэн тосгоны брэнд хүртэл байна. Тэр болгоныг нь худалдаж аваад, хэрэглэж дадна гэвэл насны тоо гүйцэхээргүй шахуу. Угаасаа гүйцэхгүй ч байх. Хэ хэ. 

Эсрэгээрээ манай монголд энэ зүйл жаахан дутмаг санагддаг байлаа. Тэгсэн сүүлийн үед бас ч гэж тэр нутгийн, энэ сумын гээд бүтээгдэхүүн гарч эхэлжээ. 

Жишээ нь гэвэл өнөөх сүр дуулиантай хийж идсэн "далан давхар гурилтай хуушуур". Завхан аймгийн Их-Уул сумынхан их хийж иддэг, түүнийг нь сайхан сурталчлаад, хаа байсан японд суугаа би хүртэл хийж идэх вэ дээ. Тийм ээ? 
Зээ, энэ Төв аймгийн Батсүмбэр суманд үйлдвэрлэсэн шимийн архи. Хийдэг болжээ, савлагаа нь ч хөөрхөн болжээ. Одоо харин савлагааны чанарт анхаармаар байна аа. Хил, далай даваад ирэх гэж байгаа болохоор амсарт нь санаа зовоод скочоор сайтар баглана. 

Энд ирээд өнөөхөө хайчилж авах гэж бөөн юм болно. Хүнд бэлэглэх гээд, өнөөх авах хүн нь хүлээгээд л зогсоод байна. Ха ха. 

Мөн хуучин монгол бичгээр бичсэн нь хуулраад эхэлсэн байсан. Эд нар монгол хэл мэдэхгүй тулдаа л болж байна.

Өө тийм, үүнийг манай даргад бэлэглэсэн юм. Дарга тэгсэн ажил дээр авчраад, яг миний хажуугийн ширээн дээр тавьчихсан. Гэснээс тэр ширээн дээр үүнээс гадна нэг Соёмбо архи, нэг шар Чингис архи байна. Хэн хэзээ уух юм бүү мэд. Сая нийллэгээрээ уух юм байх гэж бодсон чинь уусангүй ээ.  
Батсүмбэр сумын нэр хаяг бүхий ааруул. Амт дажгүй байсан. Сүүлийн үед манайхан ийм бор ууттайгаар савладаг болсон байна билээ, тийм ээ? Таалагддаг. Хэт их гялгар биш. Цаанаасаа нэг тийм байгаль орчноо хайрладаг, газар шороогоо сэндийчихийг нүгэл гэж үздэг, айхтар алсын хараатай үндэстэн байсныг минь, байдгийг минь илтгээд буй мэт санагддаг. Хо хо. 

Одоо иргэд нь жаахан боловсроод, соёлжоод, мэдлэгжээд, сэтгэл хандлагаа өөрчлөөд, дээшлүүлчихвэл тийм ээ? 
Тавагласан байдал. Бага зэрэг исгэлэндүү амттай. Амандаа хийчихээд л суухад хөөрхөн амны зугаа болно. Хань ижилтэйгээ амтархан идсэн. Аймгаас нь аятайхан амттан ирсэн юм болохоор цаанаа л нэг маадгар байх шиг санагдсан. Хэ хэ. 

Хойшид иймэрхүү сум, орон нутгийн бүтээгдэхүүн бэлгэнд авахаараа блогтоо танилцуулж мөнхлөөд, сурталчилж байна аа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿