Гэсэн хэдий ч би энэ жил 50 ном уншина гэж төлөвлөсөн байсан ч амжихгүй. Яахав зулзагатаа уншиж өгдөг номнуудыг оролцуулбал төлөвлөгөө биелэх л байх л даа. Тэдгээр номнуудыг оролцуулах санаа анхнаасаа байгаагүй болохоор...
Энэ удаагийн ном японы ард түмнээ ихэд үнэлэгддэг, сайшаагддаг, олноо өргөгдсөн зохиолч болох Шиба Рёотарогийн "Тал нутгийн тэмдэглэл" гэх бүтээл. Япон хэлээр нь унших гээд бараагүй юм өө, олон жилийн өмнө. Япон хэлээр байтугай эх хэлээрээ ч түүхийн ном ховор уншдаг, хэл ам сугалчих гэсэн эртний хэллэгийг нь, хүмүүсийн нэр усыг нь цээжилддэггүй хүн шүү дээ би чинь.
Тийм учир шалтгааны улмаас энэхүү Тал нутгийн тэмдэглэл номыг эх хэлээр нь буюу япон хэлээр нь унших гээд бараагүй юм. Түүнээс гэрийн номын санд минь өрөөстэй бий. Хүннү, Чин улс гээд л түүхэн нэр ус, томъёо гардаг юм. Тэр болгоны ханз үсгийг тольдож харах гээд ядарсан бөлгөө. Хэ хэ.
Япон хэлний минь бяр, чадал тийм л байх нь. Өөрийгөө голдог шалтгааны минь нэг. Японы сонгодогуудыг, соруудыг унших гэхээл чадал дутаад байдаг юм. Зулзагатаа үлгэрийн ном, зурагт ном уншиж өгөөд л, түүнээсээ сэтгэлийн таашаал эдлээд л явж байх минь гэж үе үе бодогдоно.
Зээ, Шиба Рёотаро зохиолчийг мэддэгүй хүн ховор байх өө, ялангуяа японтой ямар нэгэн жимээр холбогддог хүмүүс. Энэхүү ном ч гэсэн анх орчуулагдсанаа хойш 20 жилийнхээ ойг угтан, дахин хэвлэгдээд буй нь энэ аж.
Эх хэлээрээ буюу монгол хэлээрээ уншихад таатай байлаа. Арын хуудсанд буй япон хэлээр бичигдсэн бичвэрийг уншихад бас ч гэж түгдрэлгүй уншчихаж байхыг бодоход хэл ус минь бага зэрэг сайжирч л яваа мэт санагдав.
Агуулгын хувьд Шиба гуай хоёр дахь удаагаа монголд ирсэн тухайгаа, эхний удаад буюу 1973 онд ирсэн тухайгаа дурдахаас гадна, хамгийн гол санаа нь анхных нь айлчлалын үеэр түүнд "газарчилсан" Цэвэгмаа гэх бүсгүйн талаарх дурдатгал билээ.
Ингэж бичихдээ л зохиолч хүн тул бидний үүсэл гарал, угшил, зан заншил, сэтгэхүй, байгалийн зохицол, тэнгэр огторгуйтайгаа хүн зоных нь хамаарал, сүсэг бишрэл зэргийг давхар өгүүлээд явжээ. Япон хүмүүст зориулж бичсэн тул япончуудын дунд монголын тухай, монгол хүмүүсийн тухай ойлголт өгөхөд тун чиг сайхан, эерэг бүтээл.
Миний бие ч хойшид эх орноо танилцуулахдаа ашиглахуйц зүйрлэл олж уншлаа. Их л оройтож уншиж буй минь харамсалтай ч, мэдээж цаашид энэ оронтой, энэ хүмүүстэй харилцаатай байх минь тодорхой тул "оройтоогүй" ч мэт санагдана.
Бусад зохиол бүтээлээс нь унших юм шүү. Гэхдээ байна аа, нэлээд эртний хэллэг, ханз, хэлц ашиглаж бичдэг тул уншихад их энерги зардаг гэж хэлэх япон хүмүүстэй ч таарч байлаа. Тэгэхээр бусад бүтээлээс нь уншихдаа монгол хэлээрээ орчуулгыг нь л унших байх өө, мөхөс би.
Эх оронд минь хоёргүй сэтгэлээр хандаж, ард иргэддээ сайхнаар таниулж ирсэнд нь талархаж байна аа. Монголд их элэгтэй ханддаг зохиолч байж. Япон хүмүүст монголыг таниулж мэдэхэд, монголд татагдсан хүмүүс түмэнтээ. Монголд анхлан хөл тавихаасаа өмнө заавал Шиба гуайн номыг уншдаг, амьд сэрүүнд нь төрийн томчууд очиж зөвлөгөө авдаг бичигдээгүй шахуу хууль байж.
Нэг зүйл нэмж үглэхэд энэ япон хүмүүс ямарваа нэгэн улс руу явахдаа түүхийг нь тодорхой хэмжээгээр судалчихсан байдаг шүү. Бид бол нүүрномын хэсэгхэн мэдээлэл төдий л ирдэг юм билээ.
Шиба гуай өөрийн зохиолч болох замнал нь их сургуульдаа хоёр дахь гадаад хэл нь "монгол хэлийг сонгож суралцсанаас үүдэлтэй" гэж хэлсэн байдаг юм билээ. Хэрэв монгол хэл сонирхон судлаагүй бол эдний агуу их зохиолч төрөн гарахгүй ч байх байсан юм билүү гэх өөдрөг, омголон бардамналтайгаар номоо уншиж, хаалаа шүү би нь.
Та бүхэн ч гэсэн олж уншаарай. Цэвэгмаа гуайн амьдралын замнал, хань ижил болох Бүрэнсайн гуайн амьдралын харгуй гээд л түүхийн золиос болсон нь харамсалтай.
Охиных нь ярилцлага нь Эгүүр сайтад нийтлэгдсэн байсан шүү. Сонирхоно биз дээ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:
コメントを投稿