2025 онд уншиж дууссан сүүлийн ном. 29-нд уншиж эхлээд 30-нд дуусгаад, дахин нэг ном эхэлчихлээ. Шинэ рекорд тогтоов. Гэснээс шинээр эхлүүлчихсэн номоо 31-нд амжиж дуусах болов уу? Хоол унд гэж гал тогоог эзэгнэнхэн төрөхгүй бол ч уншаад дуусгачихмаар л байна. Даан ч...
Гэснээс энэ 12 сард тувт япон зохиолчдын номоор дагнажээ. Нэгэн бодлын хувь заяа юм дагуу даа. Энэ улсад ирээд овоо хэдэн жилийн нүүр үзсэнтэй минь ч холбоотой байх. "Эморсон нь" шүү. Хэ хэ.
Энэ жилийн 1 дүгээр сард энэхүү Кавагүчи Тошиказү зохиолчийн "Дурсамж мартагдахаас өмнө" гэдэг номыг нь уншсан. 12 сард "Кафед өгүүлэх түүхүүд" гэдэг номыг нь уншлаа.
Бас л өвөрмөц агуулгатай тийм ээ? Манай япончууд чинь өвөрмөц зүйл сэтгэхдээ гаргуун дөө. Газар усны нэр, хүмүүсийн нэр, зан заншлын тухай уншихаар цаанаа л нэг дотно байна өө. Удаж байгаагийн шинж тийм үү? Орос зохиол, европ зохиол уншихаар нэр ус гээд л "гадаад" үгс чинь хэл ам сугалчих гээд байдаг болсон байна лээ. Ха ха.
Гэснээс саяхан нэг хөөрхөн орос үлгэр оросоор нь уншсан чинь бага нас, орос хэлний хичээлээ эргэн дурсаж, санав шүү дээ. Үе үе ингэж ойлгохгүй ч гэсэн орос хэлээр уншиж баймаар санагдсан шүү. Хэл ам зүгшрэх байх даа, ядаж...
За тэгээд номын агуулгыг бичих илүүц биз ээ? Интерномын номын тухай танилцуулгыг уншихад л ойлгомжтой. Та бүхэн өөрсдөө олоод уншчихаарай. Дүрэм нь жаахан төвөгтэй санагддаг ч, ийм дүрэм журам гаргахгүй бол хүн чинь тэгээд давардаг даа тийм ээ? Тэгэхээр хатуу чанга дүрэмтэй байх нь зөв гэж бодсон шүү.
Өнгөрсөнд очиж хэн нэгэнтэй уулзах бол би хэнтэй уулзах бол? гэж өөрөөсөө асуун асуун уншлаа. Хадам аавтайгаа уулзаж "асарч тойлж чадаагүйдээ уучлал гуйх" одоогоор ийм л зүйл санаанд орж байна.
Нэг бол намайг энд ирсний дараахан бурхны орондоо заларсан эмээтэйгээ, мөн энд байх хугацаанд "яваад өгсөн" авгуудтайгаа ч уулзмаар. Нэг сайхан талархлын үг, урмын үг хэлэх юмсан гэж бодогном.
"Амьддаа л бие биенээ хайрлая" гэх алдартай үг юутай үнэн бэ? Энд ирээд удаж буй тул уулзаж амжаагүй, сайн танилцаж ч амжаагүй төрөл садангууд минь тэнгэрт дэвшсэн дээ. Хааяа нэг нүүрномд таарч мэнд мэдэхээс өөрийг чадахгүй, өдрийн од шиг цөөн удаа эх орондоо очихдоо тэр бүр уулзаж амжихгүй.
Ямар ч хамаагүй насны хүмүүс энэ номыг, мөн "Дурсамж мартагдахаас өмнө" гэх номыг ч уншаасай гэж хүсч байна өө. Дээр бичсэн "Амьддаа бие биенээ хайрлая" гэдэг үгийг өөрийн эрхгүй санагдуулах биз ээ?
Хүний амьдралд тохиолдох ээдрээтэй зүйлс, ойлгомжгүй зүйлс, харуусал, ингэдэг байж, тэгдэг байж гэх халаглал, хэлж чадаагүй үгс, гүйцэтгэж чадаагүй үйлдэл гээд олон л зүйлс бий. Тэр бүгдэд харамсал тээж явдаг хүмүүс хорвоогоор дүүрэн бий...
Амжиж хэлээгүй үгс, амжиж хийгээгүй үйлдлээ яг одоо хэлцгээе, яг одоо үйлдэцгээе гэж хэлмээр санагдаад өө. Би яг өөрөө тэгж чадаж байна уу? гэвэл бас л чадаагүй, амжаагүй л байна өө. Гэрийнхээ ажилд дарагдаад, ямартай ч монгол руу ээж аавтайгаа ярилаа. Мэнд усыг нь мэдэж "том гавъяа" байгууллаа даа. Хэ хэ.
...Өнгөрснийг өөрчилж болохгүй ч ирээдүйгээ бид өөрчлөх боломжтой тийм үү? Тэгэхээр өнгөрснөөсөө ангижирч, ирээдүй лүүгээ тэмүүлж амьдрах ёстойг хэлээд байх шиг...
Ирэх 2026 ондоо эргэн тойрныхоо хүмүүст аль болох эерэг, зөөлнөөр хандаж, чадлынхаа хэрээр аз жаргал түгээж, дулаан зөөлөн үг хэлж, чадвал бодитоор тус дэм болж явахыг хичээнэ ээ.
Бүгдэд нь амжилт хүсээд түр баяртай.

0 件のコメント:
コメントを投稿