2026年4月19日日曜日

Хүүхдээ өөрөө хичээл хийдэг болгож өсгөх ээжийн дадал 9

Төгсгөл. Ашгүй нэг дуусгах нь. Ширээн дээр минь хөглөрөөд буй ноорог цааснууд минь ашгүй цөөрөх нь. Гэрээр нэг цаас. Ноорог цаас хэрэгтэй бол хэлээрэй, гэхгүй юу? Хэ хэ.

Бас нэг хичээл хийхтэй холбоотой япон ном уншиж байгаа. Бас л олон хоног зээлж явсан. Хугацаа нь дуусахаар л очиж сунгуулж, буцааж өгөнгүүтээ дахин зээлсээр байтал 3 сарын хугацаатай зээлсэн байх шүү. Дуусгаад блогтоо бичнэ ээ. 

Нийгмийн хичээлийн хувьд нийгэмд тулгамдаж буй асуудал, болж буй үйл явдал зэргийг хамтдаа сонирхож, үздэг, уншдаг, сонсдог байх. Гэртээ зурагтнаас гадна газрын зураг, дэлхийн бөмбөрцөг, толь бичиг гэх мэт зүйлийг тавьж, үе үе үзэж харж, уншдаг байх. 

Энэ нь ямар нэг мэдэхгүй зүйл гарахад шууд л номноос хайж үзэх дадлыг суулгадаг. Мөн түүхэн он цагийг хүснэгт гаргаад цээжилбэл яваандаа их хэрэг болдог. Ингэхдээ төрөл, жанраар нь ангилж, улс төр, соёл, урлаг, түүх, газар зүй гэх мэт. 

Ингэхдээ харилцан бие биедээ асуулт өгч, асууж, хариулж дасгал ажиллавал зүгээр. Хүүхэд асуулт бэлдэхдээ дуртай байдаг. 

4 дүгээр анги хүртэл нь хотууд, аймаг, сумдын нэрсийг цээжлүүлээд, аль аймаг нь юугаараа алдартай гэх мэтийг цээжлүүлчихсэн байх нь тун сайн. 

3-6 нас хүртэл нь аль болох шантралгүй сууж сурах, хичээллэж сурах дадлыг эзэмшүүлсэн байх хэрэгтэй. Ээж аавыгаа харан дуурайж хийх, олон дахин оролдож, алдаж онож хийж сурах, суралцах гэдэг үйл явц өөрөө их тун чиг сонирхолтой юм байна гэдгийг ойлгуулах, өөртөө итгэлтэй байдлыг суулгах, баярлалаа уучлаарай гэж хэлүүлж сургах. Мөн сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлдэг болоход сургах. 

7-9 насны хооронд чаддаг зүйлсийг нь магтаж урамшуулдаг байх. Чаддаггүй байсан зүйлсээ ч хичээнгүй оролдож буйг нь магтах, урамшуулах. Үүнд ганц хичээл ч бус өдөр тутмын амьдралын дадал, спорт хөдөлгөөн гэх мэт ч хамаарна. 

Энэ одоо юу вэ гэдэг амны уншлага байдаг бол арилгахад анхаарах. Энэ үгний цаана "иймхэн зүйл байсан юм уу?" гэдэг санаа явж байдаг тул аль болох сэргийлж "тэр дор нь л" хүлээн авч, суралцах чиг хандлагыг суулгах нь чухал. 

Ёс бус үйлдал, зан авир гаргавал тэр даруйд нь хэлж ойлгуулж байх, загнах. 

Даалгаврыг яг цаг тухай бүрт нь хийлгэж сурах. Даалгаврын агуулгад нь бус өдөр тутамдаа хийж буй гэсэн дадал нь чухал бөгөөд маш сайн. 

Нийгэмд үйлчилдэг ёс зүй, дүрэм журмыг сайтар хэлж ярьж, зааж өгөх. 

Хүүхэдтэйгээ хөзөр, даам шатар сайн тоглож байх. Хүүхдийн ухаан тэлж байдаг. 

Хүүхэд сурсан мэдсэн зүйлээ өөрийн үгээр тайлбарладаг байх нь ач холбогдолтой. Тэгээд ч хүн "заалгахаасаа илүүтэйгээр өөрөө заахаараа илүү суралцаж байдаг" гэдэг шүү дээ. 

13-15 нас буюу дунд ангийнхан. Та болон таны хүүхэд хоорондын харилцаа эрс өөрчлөгдөнө. Та үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Цааглаад ойлгох хэрэгтэй. 

1-т хөндлөнгөөс оролцохгүй байх, харин ажиглана. Байр байдлыг, ярианых нь өнгө аяс, таны асуултанд хариулж буй хариулт зэргийг ажиглах. 

2-т чамд өрөөгөө зээлж байгаа шүү гэж хэлж ойлгуулах. Хүүхдийнхээ өрөөг түлхүүргүй байлгах. Энэ өрөөг чамд бүр өгч байгаа юм биш, түр хэрэглүүлж байгаа юм гэж хэлж ойлгуулах. 

Хичээлээ хийхдээ гар утсаа өөр өрөөнд тавих дадал хэвшүүлбэл их зүгээр. 

Шилжилтийн нас тул ээж аавын үгийг сонсохгүй байх, зөрөх, цор цор хийх тохиолдолд гарна. Энэ нь эрүүл өсөлт бойжилтийн хэлбэр юм. Өөрөөр хэлбэл хүүхэд тань өсч дэвжиж байна аа гэсэн үг. 

Хүүхэд чинь хүндэлдэг хүн, дээд ангийн хүүхэд гэх мэт яриа өрнүүлбэл түүнийг анхааралтай сонс. Хүлээн зөвшөөр. 

Та ч өөрөө бусад туршлагатай хүмүүсээс тусламж дэмжлэг, заавар зөвлөгөө авангаа хүүхдээ хүмүүжүүлэх нь зүгээр шүү

Зээ ийнхүү номын тухай тэмдэглэлээ дуусгая. Ээ бурхан минь ямар урт тэмдэглэл болов оо тийм ээ? 

Зулзагатай ээж аавуудад бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай. 

0 件のコメント:

コメントを投稿