Овоо хэдэн жилийн өмнө аав минь охиндоо авчирч өгсөн ном. Аав минь багадаа уншиж байсан ном. Олон жил хадгалаад, саяхан зориглоод номын тавиур дээрээсээ буулгаад, ойрхон байлгаж байгаад, уншиж дуусгалаа.
Багадаа ч юм уу? Соц нийгмийн үед уншсан бол нэлээд, бүр онц сонирхолтой байж магад л роман байлаа. Эдүгээ үед бол мэдээж агуулгын хувьд нэлээд үзэл сурталтай, орос ах нарыг магтан дуулсан агуулгатай.
Ядаж байхад орос нь дайн зарлаад, дайтаад байгааг ч хэлэх үү? Өмнөх дайнаасаа сургамж авдаггүй юм байх даа? Хэнд хэрэгтэй гэж дайтнав? гэж мэгж бодсон шиг суугаа өдий цагт оросыг өмөөрөх хүсэл төрөхгүйд гол учир байх шиг ээ...
За гэхдээ ганц энэ роман ч бус юм аа. Дээхний ихэнх романууд заавал оросыг магтан дуулсан, ардын намыг магтан дуулсан л биш бол хэвлэдэггүй, боож хаадаг байсан болохоор бүгд шахуу л хойд хөршдөө, нам засагтаа тал засдаг байж дээ. Өрөвдмөөр ч юм шиг...
Намсрайн Банзрагч "Зам" роман. Уртын дуучин Норовбанзад гуайн нөхөр гэж байна шүү.
Аав минь "За яасан? Хоцрогдсон агуулгатай байна уу?" гэж асуусан. Хэ хэ.
Хоцрогдох ч юу байхав, түүх л юм даа тийм ээ?
Агуулгын хувьд монголд анх удаагаа "машин", "чийчаан" орж ирж байсан тухай, мэдэхгүй түмэн олон яаж хүлээж авч байсан тухай гарна.
1965-1966 онд бичигдсэн гэхээр аргагүй аав минь бага байжээ. Уншсан цаг хугацаа нь өсвөр насандаа л болов уу? Хөдөө орон нутагт ном сэтгүүл бага зэрэг оройтож хүрдэг байсныг үгүйсгэхгүй.
Монгол Трансын анхны жолооч болох Торгон Жанцан гэдэг хүний бодит амьдралаас сэдэвлэн бичсэн гэнэ. Орос, Чех, Румин, Белорус гэсэн хэлнүүдэд орчуулагдсан байдаг гэнэ. Их эд ээ. Хэ хэ.
Монголын уран зохиолын дээжис 108 боть номнуудын 61-т цуврал болон хэвлэгдсэн байдаг гэнэ.
Өлзий гэх анчны ганц хүү Дугарын амьдралын тухай өгүүлнэ. Багаасаа өнчин өрөөсөн өссөн түүний амьдрал адал явдлаар дүүрэн гэж юүхэв. Угтаа зам тээврийн тухай хэдий мэт боловч хүмүүний "амьдралын зам"-ын тухай, тэрхүү замаа хэрхэн зөв сонгох, буруу зам сонговол хэрхэн бүтэлгүйтдэг тухай өгүүлсэн ном байлаа.
Дугарын дүрээр хар буруу санаагүй, гэнэн хонгор, ёстой л монгол хүний уужим, тусч, эгэл бор зангийн тухай, Сүхбатын дүрээр атаархуу, зальжин, шунаг зангийн тухай өгүүлнэ. Мэдээж их олон дүр гарна. Насанхүү гэгч сайхан монгол эмэгтэйн дүр ч бий.
Хүний амьдралын нандин учрал, хайр дурлал, ээнэгшин дасах, хагацал, зовлон, үзэн ядалт, баяр хөөр, уй гуниг, шунал хүсэл, атаа жөтөө гээд бүхий л зүйл гарна. Тэр бүрт "нээрээ л тийм дээ, өө мангар аа, харамсалтай юм аа" гэж тухайн дүрүүдэд орж уншина. Тархин доторх хар мянган бодлоосоо ангижирч бясалгал болдог гэдэг нь ингэж номондоо орж уншихыг л хэлдэг байх тийм ээ?
Хүний мөс гээч зүйл үеийн үед их чухал юм даа гэж бодогдох.
Дээхний ном тул гоё гоё ишлэлүүд их таарна.
"Нуур амар бол нугас амар".
Энэхүү зүйр цэцэг үгийг уншаад өнөөгийн монголын минь нийгмийн элдэв үйл явдлуудад яг таарах зүйр үг байлаа. Нэг л биш ээ, улс төр. Түүнийгээ дагаад иргэд бид нь бас бухимдалтай, ууртай, ирээдүйдээ итгэлгүй ч болоод байх шиг...
Болдогсон бол нисэж очоод бүгдийг нь байр байранд нь тавьчихмаар, өөрөө би еөк болчихмоор. Ха ха. Та нарт бас тэгж санагддаг уу? Ний нуулгүй хэлээрэй.
Зам гэснээс бид ч хүний амьдралын нэгэн жимээр энд өөрсдийн гэсэн замаар л хорвоогийн тоос хөдөлгөж байна даа. Өөрсдийн сонгосон зам, шулуун дардан бус ч өөрсдийн минь зам...
...Мөн Японд хаа очиж засмал зам нь бат бөх, олон салаа, хүн зоныхоо ажуй амьдралд асар том үүрэгтэй юм даа. Яг одоо бид Туул голоо сэтлээд гэчихэв үү? Хашиж байгаад гэчихэв үү хурдны зам барих тухай яригдаад, халуун сэдэв болоод байгааг ч хэлэх үү?
Цэвэр усны нөөцтэй нь асар ихээр холбоотой ганц голоо үгүй хийчих гээд байх юм тийм ээ? Мэргэжлийн бус хүн болохоор байгаль эхээ л хайрлацгаая гэж хэлмээр байна өө.
Түгжрэлийг арай өөр аргаар зохицуулж болмоор. Жижигхэн хотдоо бас алхаад байж болмоор... Энэ алхах нь нэг л гаргалгаа нь шүү. Түүнээс бүгдийг нь алхацгаа гээд байгаа юм биш шүү. Ккк.
Романы тухай бичиж явснаа ихэд халих юм даа гэж.
Ном уншмаар, ном уншуулмаар байдаг хүмүүс минь нэг уншаарай. Эх орныхоо нэгэн түүхэн он цагийн уран зохиолтой танилана шүү.
Аавдаа баярлалаа. Хайртай шүү. Номонд дурладаг болсон минь ижий аавын минь нөлөө шүү дээ...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿