Цаана чинь жилд 40 ном уншдаг хүн байна. Бараг түүнээс их ч байх магадлалтай. Хажууд нь би гурилддаг юм байна. Хэ хэ. Өөрийгөө уншаад байна гээд додьгор байсан чинь. Иччихлээ байна.
Эрдэнэбаатар гээд залуугийн ютүб дэх бичлэгийг үзлээ. Яасан сүрхий залуу вэ? Тийм ээ? Ямар ч мундаг англи хэлтэй юм бэ? Англи хэлэндээ мундаг хүмүүсийг цаанаа л нэг хүндэлмээр...
Киноны задлан хийдэг юм билээ. Одоогоор миний олж мэдсэн нь л ийм байна.
За тэр жилд 40 ном унших тухай бичлэгийг нь эхнээс нь дуустал үзэв. Номыг нь бүгдийг нь тэмдэглэж авав.
Нийт 75 орчим ном танилцуулснаас миний уншсан байсан нь ердөө л 7-хон ном байлаа.
Танилцуулсан номнууд нь ихэвчлэн хувь хүний хөгжлийн тухай, бизнесийн чиглэл, санхүүгийн чиглэл, удирдлага, хүний нөөц, кино урлаг гээд л миний тэр бүр сонирхоод байдаггүй сэдэв байлаа. Мөн гэрэл зургийн хэдэн номыг сүүл хэсэгт танилцуулсан. Уран зохиолын ном барагтаа уншдаггүй юм байна.
Монгол руу захиж авахаар жагсаалт гаргалаа. Бүгдийг нь уншмаар байвч, тэр олон номыг худалдаж авах, түүнийгээ энд чирж ирэх гээд л асуудал их байна өө.
Энд ирснээсээ хойш уншсан номнуудаа тоолбол ч овоо л хэдэн юм болох байх. Уран зохиолын ном голцуу шүү дээ. Мөн багадаа уншиж байсан ганц нэг романуудаа дахин захиж уншиж байлаа гэж. Япон хэл дээрх номыг оролцуулалгүйгээр шүү.
Номнуудаасаа зээлээч ээ гэж хүмүүс их асуудаг л даа. Тамирын голын мөсийг долоох шахам байж олсон хэдэн номоо хүнд зээлдүүлэх жаахан дургүй талдаа. Хэ хэ. Учир нь хэдэн ном маань буцаж ирэх бол? Хэдэн ном минь муухай болчих бол? гэж санаа зовоод байдаг юм аа. Ккк. Бас сүүлийн үед номон дээрээ шууд тодруулаад явчихдаг болсон тул, хүнд зээлэх жаахан тийм санагдаад.
Хэдэн жилийн өмнө харина гээд зөндөө номоо монгол явуулчихсан. Сүүлийн үед эндээ хэсэг байхаар шийдсэн тул номнуудаа ачуулахгүй л байна. Нутагтаа харихдаа
-Чи ингэхэд юутай ирэвээ японоос? гэж асуувал
-Өө, монголд хэвлэгдсэн баахан номтой л буцлаа гэж хэлэхээр болж байна. Хо хо.
Блогоороо дамжуулаад найз нөхөд, ах дүү, хамаатан садандаа надад гоё бэлэг өгөхөөр бол надаас асуугаарай. Юу авах вэ? гэж. Жагсаалтаа харж байгаад л номны нэр хэлнэ шүү. Та нарт минь ч амар шүү дээ. Юу өгөх вэ? гэж толгойгоо гашилгахгүй. Цаг заваа үрэхгүй. Номын дэлгүүр ороод л, нэг бол хүргүүлээд л авчихна...
Гэснээс он гараад 13 ном уншиж. Яг одоо уншиж буй хоёр. Уншина гээд өрчихсөн ном нэлээд, зээлсэн ном нэжгээд байна. Эдгээрийгээ бүгдийг нь ондоо багтааж уншвал 40 хүрэх болов уу?
Нэг зүйл нэмж хэлэхэд би бол зүгээр л уншигч. Мундаг тэмдэглэл, танилцуулга хийх чавдарт одоогоор суралцаагүй л байна. Яваандаа болох буйз аа...
Та бүгдэд ч амжилт шүү...
0 件のコメント:
コメントを投稿