2026年9月28日月曜日

Аранзал дарвуулт хөлөг

Завгүй өдрүүддээ ч ном унших зав гаргачих гээд л...

Угтаа 8 сард унших ёстой байсан ном. Нимгэн, жижигхэн ном. Мөн ёстой хөөрхөн агуулгатай. Өөрийгөө гол дүрийн оронд тавьж далайн эрэгт дээр сайхан нам гүм унтав. Мөрөөдөмтгий, гэнэн хонгорхон охин. Далайн чанадаас ханхүүгээ ирж авахыг хүлээгээд л...

Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол ч...

Бага залуу насанд сэтгэлд тод үлдсэн бэлгэдийн үг, ерөөл хэлсэн хамаатан садан, танихгүй хүн, багш гээд л хүмүүс байдаг даа. 

Ассоль гэх бяцхан охинд санамсаргүй таарсан Эгль өвгөн "...Ассоль чи өсөж том болно. Алс далайн уудамд, ургах нарны доогуур аранзал улаан дарвуул нэг өглөө чамд солонгорон харагдана. Туяаран гэрэлтсэн асар том дарвуултай хаш цагаан хөлөг номин цэнхэр давлагаа зүсэн чанх өөдөөс чинь чиглэн ирнэ..."

Зүйрлэлүүд нь уянгалаг. Цаанаа л нэг тийм сэтгэл татам. 

"Үгийн хүчнээс сэтгэлийн хүч их буюу."

Александр Гриний "Аранзал дарвуулт хөлөг" гэдэг ном. Төгсгөл нь аз жаргалаар дүүрэн зохиол бичдэг бололтой. Анх удаагаа л уншиж байна. Өмнө нь уншиж ч байсан байж магад, бусад зохиолоос  нь. Гэхдээ үгүй л болов уу? гэж бодно. 

"Тэгэхэд нүүрэндээ галтай нүдэндээ цогтой ганган залуу хунтайж чиний зүг гараа сарвайн зогсож байгааг чи олж үзнэ. Тэр хунтайж "За сайн байна уу? Ассоль минь ээ. Эндээс холын хол газар чамайг би зүүдэндээ үзлээ. Тэгээд аваачихаар ирлээ...Тэгээд тэр залуу чамайг завиндаа суулгаад хөлөг онгоцондоо авчирч, чи гайхамшгийн оронд үүрд очиж, чамайг ирсний мэндийг мэдэх гэж нар сар мандаж, одон мичид тэнгэрээс бууж ирнэ."

За тэгээд Аким гуайн орчуулга. Уран цэцэн, уянгалаг байх нь аргагүй биз ээ? 

Жижигхэн тосгоныхон түүнийг, аавыг нь элдвээр хэлж, шоглон доромжлоно. Түүнийг нь үл тоон, үлгэрч өвгөний хэлсэн сайхан бэлгэдлийг итгэнэ, үнэмшинэ, мөрөөднө, хүснэ, тууштай хүлээнэ. Догдлоно...

Ханхүү болох Грей үнэхээрийн өвөрмөц, ёстой л нүүрэндээ галтай нүдэндээ цогтой дүрслэл байлаа. Ассоль гүнжээ угтан авах гэж буй догдлол, бэлтгэл үнэхээрийн сэтгэл хөдлөм...

Хурц зоримог шийдэл бүхий, мөн нинжин сэтгэлтэй зоригтой хүчтэй ханхүү...

Унших явцад олон сонин үгтэй таарна. Тэгж байгаад бүгдийг нь тольдож үзнэ ээ. 

Сэтгэлд өег, дулаахан, таатайхан, "шидэт үлгэр" байлаа. Хаа нэгтээ, хэн нэгэн лүү тэмүүлж дурламаар тийм ном байлаа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年9月25日金曜日

Уншсанаа мартахгүй байх унших арга

Худалч хүнд бараг хагас жил зээлж явсан ном. Хүнд хэллэггүй л дээ. Ойлгомжтой ном хэрнээ л яагаад ч юм удаан цүнхэлж явав. Шалтгаан нь бараг ойлгомжтой л доо...

Би л өөрөө сүрийг бадруулж, тэмдэглэж авах минь гэж өөртөө ажил удаад, удчихсан. Тэгснээ нэг их сүртэй бичиж тэмдэглэж ч амжсангүй ээ. Хувь хувьсгалын ажил ихтэй. 

Дээрээс нь бүхэл бүтэн нэг сарыг бичилгүй алгассан гээд л...

Энэ хүний тухай номын клубынхаа нэгэн гишүүнээс дуулж мэдээд номыг нь зээлж авсан. Хагас жил гаран цүнхэлж явсан. Арай ч монгол руу цүнхэлж яваагүй. Хэ хэ. 

8 сард уншиж дуусгасан. Бичих гэж явсаар байтал 9 сар гарав. Буцааж өгөхгүй бол ч ном зээлэх эрх минь хаагдах байх шүү. Яанам билээ? 

Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг, цахим ертөнцөд асар идэвхтэй, олон олон ном хэвлүүлсэн эмч хүн. Сэтгэл судлалын хүрээлэнтэй, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх ойлголтыг энгийн үг хэллэгээр олон нийтэд түгээн таниулах ажлыг хийдэг. 

Энэ удаад зээлж авсан ном минь тэртээх 2015 онд хэвлэгдсэн "Уншсанаа мартахгүй байх унших арга" гэдэг нэртэй ном. Зохиолч мэдээж өөрөө бол маш их уншдаг. 

Мөн бичдэг. Зохиогчийн нэрийг Кабазава Шион. Жинхэнэ нэр нь бол өөр. Кабазава Шион бичгийн нэр нь. 

Дажгүй дажгүй санаанууд байна лээ. Миний ганц нэг хэрэгжүүлдэг ч арга барилаас дурдсан байна лээ. Миний хэрэгжүүлдэг гэж томрох ч юу байхав. Хаа нэгтээгээс олж уншаад, үе үе амьдралдаа хэрэгжүүлчих санаатай үзэж тардаг "дадал" болгочих санаатай зорин, үйлддэг үйлдлүүдийг дурдсан байсан. 

За тэгээд олон л зүйлийг бичсэн байв. Бүгдийг нь тоочихгүй мэдээж. Ерөнхий санаа онооноос нь дурдвал:

Сул гарсан минут, секунд болгоныг ном уншихад зориул. Жишээ нь эмнэлэгт зэрэг ямар нэгэн үйлчилгээний байгууллагад дарааллаа хүлээнгээ, галт тэргээр, автобусаар ажил руугаа, сургууль руугаа явж байхдаа гээд л хэдэн минут хүлээх шаардлага гарсан тохиолдолд ч номоо дэлгээд унших. Хэдхэн минут ч байсан хамаагүй. Тэр олон хэдхэн минутыг нийлүүлбэл овоо хэдэн цаг болно. Тэрхүү овоо хэдэн цагтаа овоо хэдэн мөр, хуудас уншсан байх болно...

Үүнийг бол би маш сайн гүйцэтгэдэг. Дадал болчихсон. Ганц минут ч байсан хамаагүй номоо дэлгэдэг. Харьцангуй уншдаг ард түмэн дунд амьдарч буй тулдаа хүмүүсийн нэг их гайхсан харцанд өртөөд байдаггүй. 

Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд япон хүмүүс ч уншихаа байж байна гэж шүүмжлүүлээд л байна. Ялангуяа залуус нь...

Уншсан зүйлээ гадагшлуулах. Энэ нь бусдад ярьж өгөх, бичиж тэмдэглэх, зааж өгөх, уншаарай гэж зөвлөх гэх мэт.

Номон дээрээ тэмдэглэж унших. Номондоо салхи оруулсан юм уу? гэмээр цэвэрхэн унших биш таалагдсан хэсэг, хэрэгтэй гэсэн хэсгээ шууд л номон дээрээ тодруулж, тэмдэглэж унших. 

Би ч сүүлийн үед зоригтой шар өнгөөр тодруулдаг болсон. Харин балаар л зурж, тэмдэглэж чадахгүй байгаа. Хэ хэ. Оронд нь иймэрхүү маягаар блогтоо бичиж үлдээх. 

Нэг бол өнгийн наадаг цаас нааж, хуудсаа тэмдэглэх. Дараа нь тэрхүү хуудсаа сөхөөд яг юу гэж бичээд би нь ингээд өнгийн цаасаар тэмдэглээ юм бол гэж харах. 

15-45-90 гэсэн зарчмыг ашиглаж унших. Хүний анхаарал өндөр түвшинд төвлөрөх хугацаа 15 минут. Ерөнхий төвлөрөх хугацаа 45 минут. Энэхүү 45 минутыг дунд нь бага зэргийн завсарлагатайгаар дахин 45 минут төвлөрөхөд нийтдээ 90 минут. 

Бага ангийн хичээлийн хугацаа 45 минут. Савангийн дууриуд ихэвчлэн 45 минут. Их сургуулийн хичээл 90 минут. Уран сайхны кинонууд дундах зар сурталчигааг нь хасвал ихэвчлэн 90 минут. 

Хүний анхаарал хамгийн өндөр түвшинд төвлөрдөг 15 минутыг сайтар, үр өгөөжтэй ашиглаж ном уншиж сурах. Нэг ёсондоо маш сайн төвлөрч номоо унших хугацаагаа 15 минут байлгах.

"Унтахаасаа өмнө ном уншиж дадах." Ингэж унтахаасаа өмнө унших нь өдөр ном уншсанаа илүүтэйгээр толгойд үлддэг гэсэн судалгаа байдаг. Мөн илүү тайвширдаг гэж үздэг. 

Зулзагыгаа бага байхад ном уншиж өгдөг байсан бол сүүлийн үед гар утас л мааждаг болжээ, унтахынхаа өмнө. Оройд ном унших тал дээр нэг л болж өгөхгүй л байна өө. Зулзагууд томроод тусдаа гарахаар л унших минь гэж мөрөөдсөөр. Хо хо. 

За та бүхэн уншсан номоо хэрхэн мартахгүй байхыг хичээж байна даа? Туршлага хуваалцаарай. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年9月24日木曜日

Бичихүйн тухай

8 сард эхлээд, 9 сарын дундуур уншиж дуусгасан ганц номныхоо тухай бичих минь. Сард 4 ном уншаад томроод байсан чинь эх орондоо очоод, элгэн саднаа харсан чинь гэнэт л юу ч хиймээргүй болоод явчихсан. 

Хамт байх богино цаг хугацаандаа хэнхэглээд ном тэврээд суултай биш тийм ээ? Сайхан буу халаад л, дуулж хөөрөөд л, инээж ханиагаад л, торойгоод үлдсэн буурлуудаа бодож мэлмэрээд л явсан. 

Эргээд ирэхэд минь хэд нь тэнгэрт заларсан байх бол? гэж бодохоор л... Жилийн өмнөхөн нэгэн сайхан буурлыгаа гэнэтхэн л "алдчихсан"... 

Гэж бодохоор л юун ном. Тэртэй тэргүй суугуул нутагтаа ирээд эморох үедээ, ганцаардах үедээ, сэтгэл санаа таагүй зэрэг үедээ номоор хань хийдэг тул, цаг нь болохоор уншина дөө гэж сэтгэл санаа өөдрөг явсан.  

Стивен Кинг "Бичихүйн тухай" гэдэг номыг сонгож аваад л цүнхлээд гарсан. Онгоцонд уншиж эхэлсэн. 

Дуусгалгүй буцаагаад л аваад ирсэн. Ачааны хажуугаар гэж загнуулна гэдгээ мэдээд нууцаар л цүнхлээд явсан. Ха ха. 

Ганц чихэр ч болтугай авч цүнхлээч гэж хэн нэгэн хүн хэлэх нь тодорхой тул. Хо хо. 

Зохиолч хэрхэн бичиж эхэлснээ, хэрхэн зохиолч болсноо, хэрхэн бичдэг арга барил зэргээ дуртатгал болгон бичсэн ном байлаа. 

"Зохиолч болъё гэвэл бүхнээс урьтан хоёр л зүйлийг тултал нь хий. Их унш, их бич. Энэ хоёрын тойрч гарах дөт зам гэж үгүй гэдгийг би ойлгосон." 

Хэмээн бичиж зохиолч. 

Угтаа би чинь уншаад л, бичээд л явдаг. Зохиолч болдоггүй ээ. Хи хи. Энүүхэндээ л ингэж бичиж байгаа юм шүү. Хошигнол ойлгоно гэдэгт найднам...

Үнэн байх өө, тийм үү? Сайн муу гээд л бүхий л зохиолыг унших ёстой байх. Мөн болсон болоогүй зүйл эрээчээд л суух ёстой байх. 

"...би чинь зурагтын элдэв балай бичлэгээр угжуулахаасаа өмнө бичиг үсэг тайлагдчихсан..."

Тэгэхээр байна аа, зурагт гэж ийм л хортой эд байх нь. Заавал зохиолч болохдоо ч биш, ер нь л уншдаг болгохын тулд зурагтынхаа цахилгаан утсыг тасдаад хаячих гэж байна шүү. Хо хо. 

Бодууштай. Ингээд л миний зурагт асаах дургүйг минь дэлхийн хүмүүс батлаад, нотлоод байдаг нь талархууштай. 

"Гуаглаж дуусдаггүй тэр хайрцгийг унтраачихвал зохиолын чанар сайжраад зогсохгүй амьдралын чанар ч дээрдэнэ гэж мэд."

Яадаг байх нь? Элдэв хэрэгтэй хэрэггүй мэдээллээс бага насандаа тархиа хол байлгах ёстой байдаг байх нь. 

Мэдээж насанд хүрэхээр зохиолынхоо сэдвийг олохын тулд олон зүйлийг үзэж харах хэрэг гарах байх л даа...

"Ер нь бол би хаа ч уншиж чаддаг. Гэхдээ надад ном уншиж суух дуртай газар гэж бий. Чамд ч бас бий биз?"

Надад яг одоогоор аятайхан газар алга дөө. Ажлын өдрүүдэд бол ойрхон номын сан орж уншина. Гэрт бол алга өө, зүгээр л буйдан дээрээ суугаад л уншиж байна. Яваандаа өөрийн гэсэн газартай болно доо гэсэн алс холын мөрөөдөлтэй...

Ингэхэд ном уншдаг архаг гаруудад минь "уншаад л суух дуртай газар" гэж бий болов уу? Асууя байз?

"Бичихүйн тухайд бол үсгийн сан чинь чиний гол багаж юм..."

Үгсийн уран сан минь ч баялаг багатай дөө, миний. Аминдаа баялаг үгсийн сантай болчих гээд л уншдаг санаатай, мөн сонин содон үгтэй таарахаараа тэмдэглэж аваад, утгыг нь хайж үздэг санаатай. Гэсэн хэдий ч тэдгээр үгсээ ой тоондоо хадаад, цагийг нь олоод хэрэглээд явах нь ховор өө. Тэр талдаа маруухан.

За цаашлаад дайвар үг, догол мөр, үйл үг, догол мөр, бичгийн хэв маяг, дүрийн онцлог гээд л бичжээ. Дэлгэрүүлээд уншина биз дээ, сонирхож байвал. 

Гэснээс саяхан уншиж дууссан нэг япон номонд энэхүү "Бичихүйн тухай" гэдэг номыг онцолсон байсан. "Ашгүй дээ, би уншчихсан шүү дээ" гэж өөртөө ихэд олзуурхав. Хэ хэ. 

Мөн энэхүү номонд миний уншсан хэд хэдэн номыг дурдсан байсан. Амтархан уншсан ганц нэг номыг минь "тааруухан" гэж дүгнэсэн байна лээ. Ха ха. 

"Маш их уншиж, мах их бичсэнээр л хүн хөгждөг шүү" гэдэг ишлэлээр өнөөдрийнхөө бичвэрийг өндөрлөе.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2026年9月19日土曜日

Сайн уу даа?

Сайн байцгаана уу? Уншигч олон түмэн минь ээ? 

Санасан уу намайгаа? Би та нарыгаа санасаан санасан. 

За юу гэж бичих ээ мэдэхгүй л байна. Ямартай ч пс-гээ нээлээ. Урд нь суулаа. 

8 сард юу ч бичилгүй таг алга болсон минь учиртай шүү. Харьж ирээд бичих гэж бодсоор явтал 9 сар гараад хэд хоног өнгөрчихвөл 10 сар гарах гээд байдаг. 

Эх орондоо очиж 7 хоног ажиллачихаад, үргэлжлүүлж хэд хоног амарчихаад ирсэн. Баруун аймаг руу гараад давхисан. 

Монгол улсыг минь дааж явдаг их хайрхандаа мөргөчихөөд, залбирчихаад, сүсэглэчихээд ирсэн. Цаашаагаа төрөл садангууд дээрээ очиж хэдэн сайхан буурлууддаа үнэрлүүлчихээд ирлээ. 

Тэгж байгаад ганц нэг зураг хөрөг оруулна аа. Сэнгэнэсэн сайхан салхитай, сэрүүхэн сайхан уудам эх орондоо, ижий аавдаа хэд хоног эрхэлж байгаад л ирлээ. 

Харьж ирсэн чинь суугуул нутаг минь урдаас пүнн гээд л угтсан. халуун ч гэж жигтэйхэн. Ямар ч онгод бууж ирэхээргүй, бүгчим халуун. 

Ажилдаа бол нэг юм яваад л байлаа. Гол нь бичих онгод минь ордоггүй. Ганц миний ч биш юм аа. Зулзагынх хүртэл. Хэ хэ. Зуны даалгавраа хийх хугацаа нь маш бага үлдчихээд, түүндээ бухимдаад уйлаад. 

Тэгснээ "сургуулиасаа гараад, монголд сайхан тоглоод л, тэр ахындаа зурагт үзээд л, тоглоод л байж баймаар байна өө" гэсэн. Ха ха. Тийм дураараа тийм ээ? Болдог бол ээж нь ч гэсэн ажлаасаа гараад эх орондоо сайхан зугаалаад л, амттай хоол идээд л, ижий аавдаа эрхлээд л явж баймаар байна өө. 

За тэгээд монголоосоо нэмж ирсэн жингээ хасах гэж бас л... 

Нэг их хичээсэн зүйл ч алга л даа. Харьж ирээд угаасаа чихэр жимс нь дийлдэхгүй, суугуул нутагтаа нэмсэн ч байж мэдэх биеийн минь жин. 

Ойрд өглөө оройдоо сайхан сэрүүсэх гээд л дуншаад байна. Онгод ч бууж ирж магад, зөв совин татаад байна. 

Яг юунаас эхэлж бичихээ сайн мэддэггүй ээ. Уншсан номныхоо тухай бичих гэсэн уртаашаа өргөөшөө ганц л ном уншижээ. Үгүй ээ, япон хэл дээр нэг ном уншсан юм байна. 

Үзсэн олон киноныхоо тухай бичих үү? Өө тийм, явсан ажлынхаа тухай, аялалынхаа сонин сайхнаас бичиж болох юм тийм үү? Хэ хэ. 

Ямартай ч эргэж ирснээ дуулгангаа, удахгүй бичиж эхлэнэ ээ гэж хэлэх гээд л... 

Ингэхэд байна аа, шинэ бичвэр орсон болов уу? гэж хүлээдэг уншигч бий болов уу? Би та нарыг хүлээсэн шүү, хүлээдэг шүү. Хо хо. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.