2020年4月12日日曜日

Тэртээх

Тэртээх олон жилийн өмнө ээж хэмээх эрхэм алдрыг хүртэж байжээ.

Одоо бодоод байх нь ээ, өөрөө хүүхэд, төрөхийн тухай ойлголт, жирэмслэх, хүүхэд тээх тухай ойлголт асар нимгэн байжээ. Эмээ, ээж, эргэн тойрны найз нөхөд, эгч нарын ярианаас л хагас хугас сонссон ойлголт, мэдээлэлтэйгээ, асар зоригтой байжээ гэж...

Өнөө цагийн жирэмсэн ээжүүд, хөхүүл ээжүүд шиг мэдээллээр хахаж цацсан байна шүү дээ. Ухаалаг утасныхаа товчлуурууд дээр сүмбэн цагаан хуруугаараа хэд товшиход л хэрэгтэй гэсэн мэдээллээ олоод уншчихаж байна. Нэгэн бодлын атаархмаар...

Аав минь маш их баярлаж билээ. Жаахан зээгээ ханиад хүрлээ, эмийг нь яаж уулгахаа мэдэхгүй уйлагнан утасдахад такси бариад л цайныхаа цагаар давхиад ирдэг байж билээ. Аавынхаа тэр их хайрыг бодохоор нулимс цийлэгнэдэг юм.

Анхны зээдээ амь шүү дээ муу ижий аав хоёр минь. Том зулзага минь ч амь тэр хоёртоо.

Гол хэлэх гэсэн зүйл маань, энэ жилийн төрсөн өдөрт манай гэр бүлийн гишүүд дээр нэмэгдээд хоёр хөөрхөн охин ирж цугтаа хуушуур хийж, бялуу идэж тэмдэглэв.

Юун хоёр охин бэ? гэхээр эндхийн ахлах сургуульд тэтгэлэгээр суралцаж буй охид. УГта тэтгэлэгээр ирсэн хэдий ч бас бус зардал гараад байдаг бололтой. Дундуур нь бас нэг хүн нэмж идээд байдаг сурагтай. Монголчуудаа гэж, идэж уухын дон туссан ганц нэг гарууд байх юм? Яалтай...

За тэр ч яахав. Нүгэл нүдээрээ, олон хавар нэгэнтээ гэж...

Нэг охиных нь төрсөн өдөр том зулзагатай минь нэг өдөр байж таараад. Манайд ирээрэй, хамтдаа тэмдэглэе гэж урьсан. Тэр хоёр минь цаг заваа хаж байгаад хүрээд ирсэн. Дээр нэг ирэхэд нь ямар хоолонд дуртай вэ гэхэд "хуушуур" гэж хэлсэн тул хамтдаа хуушуураа чимхээд, хайраад л хөгжилтэй байсан.

Миний хөөрхөн охидоос ялгаа юу байхав. Хүний газар, ээж ааваасаа хол жаахан охид. Ярьж хөөрөх хүнгүй, шантрах үе ч байдаг л байх. Үе үе ярьж хөөрөх гэж ирж байгаарай л гэдэг юм.

Гэснээс эдгээр хүүхдүүдийг манайд ирэхээр уурладаг нэг монгол хүн байна. Ха ха. Энэ тухай бичвэл бас л урт түүх болно... Тэр уурлаад байгаа хүн нь өөрөө ахлах сургуульд байхдаа манайхаар орж гардаг л байсан хүн...

За тэр ч яахав. Хүн өөрчлөгдөнө өө гэж...

Бялуугаа олуулаа хувааж идэх тул хамгийн том гэснийг нь л захиалж авсан. Ирээд удаагүй байгаа охид маш их амттай байна гэсэн.
-Эдний энэ амттангууд их гоё амттай тэ эгчээ, даанч байнга худалдаж авч идэхгүй л дээ...

Манайхаар дандаа агаа нар ирдэг байсан бол ингээд эгээ нар ирдэг болж байгаа юм. Агаа нарыг бол шарсан мах, чанасан махаар дайлдаг байсан бол эгээ нарыг амттанаар дайлах юм шиг байна. Хэ хэ. Хүйсийн ялгаа гэж...

Төгсгөлд нь ээж болсон өдрийн мэнд, том зулзагатаа аз жаргал, хамгийн сайхан бүхнийг хүсье ээ...

0 件のコメント:

コメントを投稿