2020年6月1日月曜日

Баярын мэнд ээ.

Шинэ сар, шинэ долоо хоногийн мөн Эх үрсийн баярын мэнд хүргэе ээ. Монголд амраад сайхан, тэрийгээд л хэвтээд байна уу? Нэг бол зулзагуудаа баярлуулах гэж шогшоод л явж байна уу?

Бид бүгд ажил албандаа марш. Энд ямар манай баярыг тэмдэглэх биш. Бараг өөрсдийнхөө баярыг ч тэмдэглэж мэддэггүй улс чинь. Хэ хэ. Эд нар баярыг гэхдээ их төсөр тэмдэглэж чадаад байдагт атаархаад байдаг юм.

Боломжтой айлууд нь гадуур хооллолоо. Гэхдээ энэ ихэнхдээ үр хүүхэдтэй айлууд. За тэгээд ганц бие, хүүхэдгүй гэсэн айлууд бол гадуур гарч хооллох ч үгүй.

Баярын өдөр боллоо. Амарлаа. Гүйж харайдаг нь гарч гүйлээ харайлаа. Дэлгүүр хэсэх дуртай нь дэлгүүр хэслээ. Гэр зуур амрах нь гэр зуураа хийцгүйрээд амарлаа. Тэгээд л болоо.

Манайхан шиг бөөнөөрөө цуглаад, идээд уугаад, шартаад, өрөнд ороод, байдгаа барж, болсон болоогүй чихэр жимс идэж баярладаггүй. Үүнд нь би дуртай.

Зарим нэг хүмүүс хэлдэг л дээ. Их уйтгартай биш үү? Найз нөхөдтэйгөө уулзахгүй, инээж наргихгүй гэж гайхдаг л даа. Нэг бодлын тийм л байх. Хүн хүний харах өнцөг өөр л дөө. Баяр баяслыг заавал идэж уусан, уулзсан учирсан зүйлсээс биш, өөр жижиг сажиг зүйлсээс ч авч болно тийм ээ?

Эх үрсийн баярын өмнөхөн нэгэн сайхан ээж үртэйгээ өндрөөс нисэв. Дөрвөн сайхан үрс минь энэ хорвоогоос дэндүү эрт буцчихлаа гээд сэтгэл шимшрүүлсэн хэрэг гараад, сэтгэл санааг минь үймүүлээд хаячих юм.

Бид нэг л их баяраас баярын хооронд, сонгуулиас сонгуулийн хооронд л өнөө маргаашаа болгож амьдраад байна аа. Жаахан алсыг, жаахан ирээдүйгээ харсан үйлдэл хийхгүй байна тийм ээ?

Бид өчигдөр бараг тэмдэглэчихсэн дөө. Хоёр сүмо агаа ирж бид цуйван хийж идсэн. Хоол болж байх хооронд хань ижил нэгтэй нь шагай шүүрч тоглосон. Хөдөө өссөн гэсэндээ, мөн аавыгаа шагай шүүрэхэд нь хажуунаас нь хардаг байсан гэсэн шавь сайн шүүрдэг юм билээ.

Дараа нь бид талцаад хөзөрдсөн. Эртээд тэгж хөзөрдөөд манай гэр бүл хожигдчихсон юм. Ойрд хөзөр тоглоогүй төсөөрсөн байна лээ. Харин энэ удаад бид хожсон. Хэ хэ.

Дараа даалуудахаар болсон. Харин ч нэг хожно шүү гэсэн итгэл төгс байна. Юун төлөө эмээтэйгээ даалууддаг байсан билээ дээ?

Энэ удаагийн сонгуулиар эх орноо гэсэн, хувийн шуналгүй, ёс зүйтэй, ичих булчирхайтай хүмүүс гарч ирээсэй, сонгогдоосой гэж л хүсэх үлдээд байна  дөө.

Бидний баяр нэг иймэрхүү. Аан тийм оройд нэхэж байгаад ганц халбага виногоо уухаа мэднэ ээ цаадах чинь... Маргааш болтол баяртай.

Аан тийм хогоо гадаа хаяж болохгүй гэж бяцхан хөөрхөн үрсэддээ зааж өгөөд үлгэрлээрэй...

0 件のコメント:

コメントを投稿