2020年7月22日水曜日

Хүүхдийн ном 5

Дунд зулзагынхаа зээлсэн номнуудыг буцааж өгөх замдаа уншаад байгаа гэсэн дээ. Энэ удаагийнх түүхэн хүний тухай.

Сакамото Рёома. 1836-1867 ны хооронд амьдарсан нэлээд алдартай самүрай байсан хүн. 33-хан насалсан. 1868 оны Мэйжигийн шинэчлэл болохын нэг жилийн өмнө алуулчихдаг, харамсалтай.

Тухайн үеийн Тоса муж? одоогийн Коочи мужид төрсөн. За тэгээд түүний хөшөө, нэртэй буудал гэх мэт зүйлс их байдаг гэсэн.

Бид нэлээд дээхэн хальт очиж байсан. Тухтай аялж амжаагүй. Цаг сайхан болохоор явна аа л гэчихсэн байна.

Аан тийм, Аса аваргын сурч байсан Мэйтокү гижюкү гэдэг ахлах сургууль Коочи мужид байна аа.

Багадаа бол нэлээд уйланхай хүү байсан гэдэг. Нэг эгч нь их өмөөрдөг, түүний талд бат зогсдог байсан гэнэ.

Юугаараа алдартай вэ гэхээр? Тухайн үеийн нийгмийнхээ засаглалыг эсэргүүцсэн, шинэчлэлийг хүссэн, гадны соёлтой танилцах, суралцах ёстой гэж үздэг шинэлэг сэтгэлгээтэй самүрай байж. Ардчилалын эхлэлийг тавьсан гэж үздэг юм уу даа.

Мөн тархай бутархай байсан омог бүлгүүд, засаглалыг нэгтгэх гэж зүтгэсэн, тархай бутархай байвал бид гадны идэш ууш болно оо, тиймээс хүчээ нэгтгэх хэрэгтэй гэсэн үзэлтэй хүн байж.

Түүхэн хүмүүсийнх нэр ус, газрын нэр ус зэрэг нь хэцүү байлаа. Тэр бүр тогтоохгүй, байн байн юу билээ гэж өмнөх хуудсаа сөхөж харан уншлаа. Нэлээд цаг орсон.

Эргэн тойрных нь хүмүүсийн тухай бас товчхон танилцуулгууд байсан. Ганц нэг самүрайн тухай олж уншихыг хичээнэ ээ. Үе үе түүхэн ном уншиж байхгүй бол энэ нэр усыг нь цээжлэх янзгүй шүү.

За бүгдэд нь амжилт. Маргааш болтол баяртай...

0 件のコメント:

コメントを投稿