Багынхаа тухай бичнэ ээ. Хайр хүргээд байгаа хүнийг яах юм? Энэ цаг үеийг нь ой тойндоо хадгалаад үлдээмээр байна.
Ойрд нүүр номыг хэт ухаад, жаахан нервтэх гээд байна.
Энхрий охинтойгоо уулзаж амжилгүй, ээждээ баярладгаа, хайртайгаа хэлж амжилгүй хорвоогоос явчихсан тэр бүсгүйг бодохоор... Охидын минь бага насны хөөрхөн булцгар хацар, шулганаа үг бүхэн нүдний өмнүүр жирэлзээд, өөрийн эрхгүй нулимс хацар дагаад л урссан...
Том зулзагынхаа ид хөөрхөн 1-3 нас хүртэлх цаг мөчийг бидэн хоёр, монголын олон залуу хосуудын нэгэн адилаар гадаадад, охиноосоо хол өнгөрөөсөн.
Өглөө нь нисэх рүү гарахдаа унтаж буй хөөрхнийхөө жаахан онжоог нь, бяцхан хөлийг нь үнэрлээд гарч билээ. Хайртай гээд л хэлээ хазан утасны цаанаас хэлэхэд өөрийн эрхгүй мэлмэрдэг байж билээ.
Азаар бид олон мянган залуус шиг удаан хол багаагүй, охиноо авчирсан. Элэг бүтэн, бөөнөөрөө байх шиг жаргал гэж үгүй ээ...
Тэгсэн одоо яаж байна? Тэр жаахан охин минь шилбэлзээд л байна, хэхэ. За тэр ч яахав, жам юм даа. 18 нас хүрэхээрээ аавынхаа гэрт тогтохоо болилоо гэж дуу хүртэл байдаг байх, ямар сайндаа л...
Бага минь? Ганц нэг үг хэлээд, тэрийг нь бид ойлгохгүй уурыг нь хүргэж орьлуулна аа. Хи хи. Гэхдээ их айхтар, зарим нэг зүйлээ шууд гар хөлөөд оролцуулаад дохионы хэлээр ойлгуулчихдаг гэж байгаа.
Жишээ нь дахин идмээр байгаа зүйлээ тавганд хий гэж хуруугаараа заана. Өгөхгүй гэвэл хоёр нүдээ даран худлаа уйлж буй дүр эсгэнэ. тэгснээ хуруун завсраараа харж биднийг ажиглана.
Бидний үйлдлийг маш сайж ажиж байгаад дараа нь дуурайна. Сая хагас сайнд дунд зулзагын хүсэлтээр банштай цай хийгээд. Гурил элдэж өгөх нь холгүй л байдаа. Их эвлэгхэн гурилаа, элдүүрээ бариад байсан.
Гар утсыг маашаад байвал яах уу? Маш сурмаг, долоовор хуруу бол. Хэзээ язааны дэлгэцийг нааш цааш гүйлгээд байна. Аль болох утас өгөхгүйг хичээж л байна.
Том том цаасыг харин ч нэг хөглөрүүлж байна. Утас нэхэхээр нь шууд л зурагаа зураарай гэхээр бал бариад л дайрна шүү дээ. Одоогоор маш сайн сараачна. Дугуйлж сараачихдаа ч мундаг.
Шумуулнаас сэргийлж хүж асаах гээд шүдэнз зураад унтраахаар хөөрөөд алгаа ташна. Ээжийгээ мундаг гэж байгаа нь тэр. Хэ хэ.
Өө тийм ээжийгээ гэрийин бүх гишүүнээс харамлаад эхэлчихсэн. Хоёр даам гарчихсан хүн эрхлэлдэхийг үзүүлж өгнө.
Улаан лоолийг шүүсийг нь сороод л хаяна. Тарвасыг мөн адил. Хоол иднэ гэж эргэн тойрныхоо ширээ, сандал, шал гээд бүгдийг давхар хооллоно. Дараа нь арчиж зүлгэх л жаахан хэцүү.
Тоторогийн номыг олоод гаргаад ирчихсэн чинь өдрийн хэд уншиж өгөх ажилтай болсон шүү. Хуудсыг нь алгасаад, яг Тоторотой сонирхолтой хэсгийг нь ярьж өгөөд байгаа тулдаа л нэг юм амжиж байна даа. Түүнээс ч тэр зузаан номыг өдөр бүр уншина гэвэл ч... Хи хи.
За нэг иймэрхүү. Нүүрномоор гунигтай зүйл бага уншихыг хичээнэ ээ...
Та бүхэнд ч амжилт шүү.
0 件のコメント:
コメントを投稿