Монголын амт минь дуусах нь дуусаад, багасах нь багасаад байсан юм. Дээхэн өөхтэй борцныхоо сүүлийхийг идсэн. Банштай цай хийж уусан. Дунд зулзагын захиалгаар.
Ааруулаа ч аль дээр дууссан. Ганц нэг чацаргана бий. Хар халуунд уух хүсэл төрөхгүй л байна.
Ганц уут жамц давс бий. Хил нээгдтэл ч өдий байна даа. Гэж бодож байтал...
Ингээд л монгол амт минь давхиад ороод ирсэн. Яаж ирснийг нь яруу тодоор бичих үү? Хэ хэ.
Монголд 6 сар гацсан нэг өвөө нутагтаа харьж ирээд. Өвөө ч гэж дээ, хальт монгол заалгадаг хүн л дээ. Нэг ёсондоо шавь гэсэн үг. Гэхдээ надад шавь орохоосоо өмнө өөр хүний шавь байсан, үг их сайн мэддэг, уншиж чаддаг.
Хажуугийн муж л даа. Ирээд Токиод 14 хоног сайн дураараа карантийлсан, зочид буудалд. Төрөлх муждаа харьж ирээд бас хэсэг хугацаанд орж гарахаа хянасан.
Манайд ирж буу халмаар байдаг, баба вируснээс болоод хоёр талд их л тэвчлээ. Сүүлдээ ч тэвчээрийн утас тасраад, ир ир, очлоо очлоо болсон. Хэ хэ.
Биднийг эх орноосоо юу голцуу захидгийг мэдэх тул, давс авчирсан. Намайгаа чоконд дуртайг мэдэх тул Алтан говийн чокотой ирсэн. Хань ижилд нэг шил архитай.
Нэг оройг буу халж, шар айраг ууж өнгөрөөв өө. Улаанбаатарыг маниас илүү нүхэлчихсэн. Тэнд тийм ч газар, энд ийм ч хоолны газар гэж ирээд л ярьсан.
Гэснээс би нэг харихаараа занаж байгаад төрж өссөн хотоо хөндлөн гулд нь алхана гэж бодлоо. Бүр нүхэлж ирээд л. Зураг хөрөг дарж, бичиж тэмдэглэж...
Ашгүй хэсэгтээ жамц давстайгаа. Дараа надад ном авчирч өгнө гэсэн. Гэхдээ япон дахь гэрт нь байгаа, япон хэл дээрх ном. Ямар ном болохыг нь хэлнэ ээ.
За түр баяртай. Удахгүй хичээл ч эхлэх нь...
0 件のコメント:
コメントを投稿