Гэрийнхээ цэгцэрдэггүй, эмхлэгддэггүй зүйлсээ яадаг вэ, ээжүүд минь.
Би монгол руу байс гээд л том том цаасан хайрцаг явуулдаг. Ихэвчлэн энд өмсөхөө байсан, багадсэн гэсэн хуучин хувцас хунараа явуулдаг. Дундуур нь ганц нэг шинэ зүйл байвал хийнэ.
Монгол ямар хогийн сав уу? гэж хэлэх хүн гарах л байх. Мэдээж хэт хуучирсан хувцас явуулахгүй шүү дээ.
Тэр бүр бэлэн мөнгөтэй байгаад, хот суурин ороод байдаггүй хөдөөний садан төрлийн хүүхдүүдэд очдог гэсэн, явуулсан зүйлс минь.
Бас охидынхоо тоглохоо байсан тоглоомуудаас явуулна. Одоо ч ганц нэг тоглоом байна. Яахав дүү нь ганц нэг тоглог гээд үлдээсэн. Хүүхэлдэйн тэрэг, нэг хүүхэлдэй гээд л.
Хөвгүүд гэхээрээ л заавал буу сэлэм, машин тэрэг гэж байх ёстой биш тийм ээ? Ганц нэг удаадаа хүүхэлдэй тэврэг л дээ. Даан ч өнөөх нь ээжийн хүссэнээр тэвэрч харагдахгүй ээ. Үснээс нь барьсан харагддаг. Хэ хэ.
Өнгөрдөг сар 4 том хайрцаг явуулсан. Тэгсэн ч дахиад л хайрцаг дүүрэн хувцас. Охидын усны гуталнууд гарч ирээд. Харанхуй өрөөгөө янзалсан чинь. Хүүдээ өгөх гэхээр энд тэндээ зүрхтэй, ягаан өнгөтэй. Хэ хэ.
Бага байхад ээж аав минь яаж болдог байсан байна аа? гэж бодсон оо. Тухайн үед хүмүүсийн хэрэглээ танагтай, минималист байжээ гэдгийг олж мэдэв. Хи хи.
Маш цөөхөн хувцастай, нэг хувцсаа хэдэн өдөр ч хамаагүй өмсдөг. Амар байж. Одоо тэгсэн, өнөөдөр өмссөн хувцсаа маргааш нь өмсөхгүй байх жишээний.
Мундаг минималист хүмүүсээс суралцаад, бага багаар хэрэгжүүлэх гээд үзэж тарж л байна.
Хамгийн гол нь юу вэ гэхээр, болсон болоогүй зүйл худалдаж авахгүй байх. Онцын шаардлагагүй бол дэлгүүр хоршоо хэсэхгүй байх. Хямдрал гэсэн үгэнд толгойгоо мэдүүлэхгүй байх.
Нэг ч гэсэн хүн байгаагаа арчлаад өмсчихдөг, шунал багатай байвал эргээд байгал орчинд ээлтэй юм даа гэж боддог болсон. Охиддоо бас үе үе үглэдэг, үлгэрлэдэг болсон.
Энэ коронагийн нэг ашигтай нь хамаагүй гадуур хэсэхгүй тул дэмий зүйлс худалдан авах цаг зав гаргалгүй, гэрт минь бүгүүлж байна. Хэмнэлттэй.
Амралтаараа нэг хайрцаг дүүргэж тавьлаа. Одоо скочдоод л бэлэн шахуу. Бас нэг хайрцагт дээр хэлсэн усны гуталнууд, ганц нэг сандаал, өмд. Дунд зулзагын өмсдөггүй, ирэх жил гэхэд багадахаар зуны хувцаснуудыг угааж хатааж хийхэд бараг дүүрэх байх.
Тэгж байтал өвлийн хувцаснууд гарч ирнэ. Бас л багадсан, нэг бол жаахан голсон зүйлс яаж ийгээд л гарч ирнэ. Охидоо гэж, ганган нь дийлдэхгүй янзтай заримдаа ч.
Гэснээс би өвөл, олон ороолтноосоо цөөлнө өө. Өнгөрдөг жил их дулаахан өвөл болсон. Энэ жил яах бол? Олон ороолттой юм билээ? Нэг хүнд тийм олон ороолт дэмий санагдсан тул, ижийдээ өгч явуулна аа. Ганц нэг нооруулан ороолтоо л авч үлдэх минь.
Та нар минь бас олон олон хэрэггүй? зүйлсээ хэрэгтэй нэгэнд нь өгөөрэй...
Бүгдэд нь амжилт...
0 件のコメント:
コメントを投稿