Нарлаг өдрийн мэнд ээ. Сэрүүн салхитай ч нар гарахаар сэтгэл санаа ч цаанаа л нэг цэлмэг болох юм.
11 сар нэлээд завгүй, өрнөлттэй байна. 6 бага сургуульд очиж эх орноо танилцуулж, багш болно. Багшаа багшаа гээд л хөөрхөн хүүхдүүдээс энерги авна. Гурван зулзагаасаа өдөр бүр энерги авдаг ч, буцаагаад зарцуулчихдаг.
Сүүл хавьд нэлээд зайтай хотод очиж Дүүриймаадна. Хоёр монгол бүсгүйтэй хамт. Нэг тэтгэлэгийн оюутан явах ёстой боловч амжихгүй гэсэн. Уул шугамандаа тэтгэлэг авч буй тул иймэрхүү сайн дурын ажилд гар хөлөө зэрэг өргөөд л оролцох ёстой л доо.
Одоохондоо сэтгэхүйд нь сайн дурын үйл ажиллагааны ач холбогдлын тухай үр суугаагүй л байх шиг байна. Үнэхээр чухал ажилтай гэж хүндэтгэе дээ...
Дунд зулзагын дугуйлангийн бас нэг ууж идэх ажилтай. Одоогоор ээж явах уу? Аав явах уу? гэж эргэлзээстэй. Ээж гэхдээ бас тэр өдрийн өдөр нэгэн монгол бүсгүйтэй хамт тансаглахаар болзсон байгаа.
Тансаглалынхаа зургийг орууламз...
Мөн дундуур нь урлагийн үзлэг нь болно. Энэ жилийн онцлог нь бусад ангийнхныг үзэхгүй. Өөрийн хүүхдийн ангийг гарах ээлж нь болоход л ирж үзнэ. Тэгээд мэдээж амны хаалтаа зүүнэ. Эцэг эхийг олноор нь цуглуулахгүй байх үүднээс эмээ өвөө нарыг аль болох ирээд хэрэггүй гэсэн байсан.
Бид бага зулзагаа яадаг юм билээ? гэж ярилцаад л. Үдээс өмнө албанд нь өгдөг ч юм билүү?
Конкурсны том зулзага орохоор төлөвлөж буй их сургуулийнхаа загвар шалгалтыг өгнө. 10 сард нэгийг өгсөн. Дахин өгнө. Урдных нь сэтгэгдэл, мэдээж хэцүү байсан. Хамгийн сүүлд хийж дуусгасан. Тоо гэж том даваа байна аа л гэсэн.
Ээж дотроо, "ээж нь ч тоондоо маруухан байсымөө, аргагүй аргагүй" гэж бодоостой. Ил бол хэлэхгүй...
Бага зулзагын алба харьцангуй тайван. Ханиад томуу тусаад халуурахгүй л бол албандаа явдгаараа явна. Өдрөөс өдөрт шинэ зүйл сурч байна. Тусад нь бичнэ ээ.
Хань ижил сая гурванд гольф тоглоод ирсэн. Ажлын газрын уламжлалт арга хэмжээ. Коронагаас болоод жилд хоёр удаа болдог арга хэмжээг нэг л удаа зохион байгуулсан. Түрүүлсэн. Гэхдээ их л дүрэм журамтайгаар л түрүүлсэн гэсэн.
Түүнээс цойлоод түрүүлчихсэн юм бол байхгүй. Хэ хэ. Шагнал нь таалагдсан. Моолоос худалдаа хийх эрхийн бичиг. Ганц нэг мянгыг нь охиддоо бэлэглэсэн. Махаар бас л шагнуулсан. Оройд бага багаар хоолондоо хийж идэж байна.
Ээжид нэг их ажил алга. Үндсэн ажил, бага сургууль гээд л гүйнэ. Тэгээд л бусад цагаар гэрийн гишүүдийнхээ төлөө л гүйнэ. Гуалиг болчих юмсан энэ гүйлтээрээ...
Ганц нэг солонгос савангийн дуурь үзсэн. Донтох шинжтэй юм билээ. Одоо нэгийг үзээд дуусах гэж байгаа. Дуусахаар нь завсарлана аа. Цагийн дайсан. Нэг ном уншаад эхэлчихсэн. Олигтой урагшилдаггүй. Гарчиг нь сонирхолтой байсан.
Эхний хэдэн хуудас судалгаа энэ тэр гээд жаахан чухал чухал зүйл бичээстэй болохоор тэр байх...
Нэг хөөрхөн зураг орууллаа шүү. Угтаа зураггүй бичлэг болгох гэсэн чинь тэвчсэнгүй ээ. Гэрээр бас дүүрэн ийм улаан шаргал навчис хөглөрч буй. Бага зулзагатайгаа зугаалж явахдаа түүсэн.
11 сараа амжилттай дуусгахыг өөртөө хүсье. Мөн та нартаа ч бас амжилт шүү.
0 件のコメント:
コメントを投稿