Зээ би, амалтын өдрөөрөө ажлын өдрөөс илүү ажилтай болчих юм аа.
Эхнээс нь бичих үү? Сонирхолгүй бол алгасана биз дээ. Яахав, надаар дамжуулаад, энэ япон ээжүүд хүүхдийнхээ төлөө хэр зав гаргадаг, хэрхэн хамтдаа явдгийг хавьт мулт мэдэж авч магадгүй л юм.
Өдөр нэг цагаас орой таван цаг болтол, хорооны байранд хэсэг ээжүүд цугласан. Дунд зулзагын сагсны дугуйлангийн зургаа дугаар ангийн хүүхдүүд, бага сургуулиа төгсөөд, энэ дөрвөн сараас дунд сургуульд элсэж орох юм.
Тийм болохоор албан ёсоор сагсны дугуйлангаа бас төгсөнө. Сүүлчийн тэмцээнд ороод, одоо бол ирэхгүй бэлтгэлдээ. Яахав ганц нэг хүүхэд ирдэг сурагтай л байсан.
Тэгээд төгсөж буй хүүхдүүддээ альбом хийж өгдөг уламжлалтай юм байна. Би хоёр дахь жилдээ хийлцэж байна. Ганц өдөр ч биш хэд хэдэн өдөр ингэж цуглана. Нийтийн төсвөөс хэрэгтэй гэсэн зүйлсээ ерөнхийд нь худалдаад авчихна.
Сайн дураараа өөрт байгаа өнгийн цаас, өнгийн гялгар болох саатай гардаг балнууд, мөн хайч цавуутайгаа очно.
Хэвлээд гаргаад ирсэн зурагнуудыг тухайн хүүхдийн сагсны дугуйланд орсон цагаас нь эхлэн ялгаж ангилаад, элдэв дүрстэй хайчилж наана. Хажуугаар нь бас чимнэ.
Тэр зураг хайчлах жаахан толгой гашилгадаг юм билээ. Он оноор нь ялгаад, аль болох сонирхолтой хэлбэрээр хайчилж барих чинь цаг их ордог юм билээ. Мөн үлдэж буй багийн гишүүд тус бүр мэссэж бичнэ. Түүнийгээ наана, чимнэ.
Одоо 23-нд дахин нэг цуглана. Наана нь дахин цуглах эсэхийг, байдлыг харж байгаад шийднэ гэсэн. Мөн үлдэж буй хүүхдүүд хөөрхөн хөгжөөнт тоглоом энэ тэр тоглож, бүжиглэж барьдаг. Түүнийгээ бас бэлдэнэ.
Дунд зулзага өнөөдөр к попын нэг бүжиг бэлдэнэ гэсэн, нэг охинтой хамт.
За дунд зулзагын ажил нэг иймэрхүү. Хань ижил амарсан тул бага зулзагаа харсан. Хоолоо идчихээд өдрийн унтлага гээд овоо удаан дараад, хамтдаа унтсан байсан. Хэ хэ.
За одоо том зулзагын ажил. Гэртээ байхаар орилоо чарлаа бид чинь амар тайван хичээлийг нь хийлгэхгүй тул манай ажил дээр очиж хичээлээ хийсэн. Манай ажилд гадаад оюутнууд хичээлийн бус цагаараа ирж хичээллэдэг тул хагас бүтэн сайнд онгорхой байдаг. Буянтай газар, би ч буяныг нь иймэрхүү хувийн амьдралдаа ч ихээр эдэлж байгаа хүн. Үргэлж талархдаг шүү.
Цас ихтэй тул хань ижил хүргэж өгсөн, өглөө. Өглөө нь би бага зулзагатайгаа мөөмөө энээ тэрээ гэж нялуурсан. Мөөмнөөс гарсан ч дуртай дуртай, базаж мазаад. Хи хи.
Орой зургаан цагийн үед очиж авсан би. Тэгэхдээ эхний шатны конкурс болох газраа очиж үзсэн. Яг ч их сургууль руу орж үзээгүй л дээ. Тэр өдөр замын хөдөлгөөн ихтэй байх тул, нэлээд дөхүүлж буулгаад, тэндээсээ өөрөө алхаж хүрэх юм.
Тэр тухайгаа бид хоёр симуляци хийсэн нь тэр. Ерөнхийдөө машинаар хэдэн км явдгийг нь гадарлаад байгаа. Ажлын хуучин байр минь ойрхон байсан юм. Дөхүүлж буулгаад, алхаад хэдэн минут явж хүрэх нь үү? Төөрөлгүйхэн шиг яваад очихын тулд сүрийг бадруулж симуляци хийсэн нь тэр ээ. Хэ хэ.
Яг конкурсны үеэр Япон Солонгост цас их ордог юм билээ. Солонгост конкурсны "баатар"-ууд бол даам гарчихсан байдаг шиг байгаа юм. Японд хөөрхийс, нийтийн унаагаар явж байгаад хоцорвол хоцорсон гэсэн тамга бүхий бичиг гаргуулж аваад очиход хүлээж авдаг. Хувийн унаагаар явсан үед за тэгээд гонжийжоо өнгөрөх нь тэр л гэсэн.
За тэгээд харьж ирчихээд оройн хоолны гурилаа зуурчихаад буцаад л дунд зулзагаа авахаар гарсан. Дунд зулзага сагсандаа явсан учир. Энэ хооронд бас дэлгүүр ороод ганц нэг хүнсээ цуглуулчихаж байгаа юм.
Хань ижил хүүхдээсээ хэтрэхгүй, гэхдээ яахав цуйван хийх гээд гурилнаас бусдыг нь бэлдээд л зогсож байсан л даа. Ха ха. Гэхдээ би харих замдаа утасдаж тушаал өгч байгаа юм шүү дээ.
-Хөргөгчинд, эртээд хэрчээд тос түрхээд хөлдөөсөн жаахан гурил бий, түүнийгээ ашиглаад цуйван хийх үү? Бэлдээд байж байгаарай, гурил байна уу? Хүрэх нь үү? Байхгүй байвал аваад очъё.
Дунд зулзагаа авч ирээд, нэг юм жаахан санаа амсхийгээд, зуурсан гурил амарч байх хооронд багыгаа бас мөөмөө зөөмөө гэж эрхлүүлээд, тэврээд, үнсээд үлгээд амжуулна.
Ёх, дэс дарааллаар нь бичсэн чинь ядарчихлаа. Хэ хэ.
Цуйванг хань ижил хийсэн. Болохоор нь сэвэнгээ аавтайгаа утсаар ярьж байсан юм. Тэгснээ монгол хоолоо хийж иддэг баатар болоод цуйвангаа хутгахдаа харуулаад байсан юм.
Тэгсэн чинь хадам аав
-Хэн гурилыг нь элдэж хэрчсэн юм? Яасан муу зуурч элдэж тасалсан юм бэ, салахгүй байгаа юм биш үү? гэж сонсогдсон.
Энэ жаахан онцгүй зүйл болсон шүү. Ха ха. Хүүд нь 20 жил цуйван хийж өгсөн хөн шөө гэж дараа агсам тавина аа. Хо хо.
За нэг иймэрхүү паянтай бүтэн сайн өдөр өнгөрсөн. Нэг дэх өдөр амарна. Ура.
Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿