2021年5月21日金曜日

52 герцийн халимнууд

Хэдэн жилийн өмнөөс их гоё зүйлтэй учирсан нь энэ "Номын дэлгүүрийн худалдагчдын санал болгодог номын шалгаруулалт" шүү дээ. 
 
Одоогоор сүүлийн 4 жилийн тэргүүн байрны шагналт 4 номыг уншсан. Хойшид ч уншина гэж бодож байгаа. Өмнөх жилүүдийг чадвал нөхөж уншина даа. 
 
Жич: Энэхүү Японы номын дэлгүүрүүдийн худалдагч нарын саналаар тухайн оны шилдэг бүтээлийг шалгаруулдаг арга хэмжээ нь 2004 оноос эхэлсэн юм билээ. Би анх суугуул нутагтаа хөл тавьж байлаа. 
Номын хорхойтон, номын хорхойтон болохыг хүсэгч зэрэг уншчигдад санал болгодог юм билээ. 10 ном дэвшүүлээд, байр эзлүүлнэ. Мөн орчуулгын номын шалгаруулалт тусдаа байдаг.
 
Нүдийг минь тайлж, сайхан зүйл санал болгосон Хонгорзулдаа баярлалаа. 

Уншигч олонд танилцуулахад Хонгорзулын бэлтгэсэн Баяртай нэвтрүүлгээр нь мэдэх болсон тийм үү? 5 сарын 16-нд Монгол ТВ-ээр гарсан. Олж үзсэн биз дээ. 

Сэтгэл хөдөлгөсөн, сайхан гэж хэлэх ч багадах баримтат кино болсон байсан шүү. Заавал олж үзээрэй. 

Мөн энэ номын товч танилцуулгыг эндээ хуулан хүргэлээ шүү. Нүүр номдоо бас түгээчихсэн.

 

Халимнууд “дуулдаг”.
Дуу нь учиртай.
Хоорондоо ярилцаж байгаа нь тэр.
Тэд их чангаар дуулж чаддаг тул 800 км алсад байгаа найзтайгаа ч
-Өнөө шөнийн сар ёстой ганган байна аа.
-Ойрдоо эрэг үрүү дөхөв үү?
гээд л хууч хөөрдөг байх нь. Үзүүргүй их далайд ганцаарддаггүй гэсэн үг.
Гэтэл бусадтайгаа хэл нэвтрэлцдэггүйгээсээ болоод цор ганцаараа явдаг нэгэн халим байдаг. Түүнийг 52 гэдэг. Бусад нь 15-25 герцийн давтамжтай дууны долгион гаргаж хоорондоо ярилцдаг бол тэр л цор ганцаараа 52 герцийн долгион гаргадаг учраас ингэж нэрлэх болж.
Долгион таарахгүй учраас бусад нь түүнийг сонсдоггүй. Бүр байдгийг нь ч мэдэхгүй.
Тэр ямар ч сайхан дуу дуулж, яаж ч гунигтайгаар уйллаа ч тэр нь бусад халимнуудад хүрдэггүй. Бүр хажууд нь байсан ч гэсэн. Түүнд хэн ч хариулдаггүй...
1989 онд нэгэн судалгааны багийнхан түүний гаргаж байгаа чимээг анх олж илрүүлснээс хойш 52-тай холбоотой зохиол бүтээлүүд багагүй гарчээ. Тэдгээрийн нэг болох “52 герцийн халимнууд” гэдэг, япон зохиолчийн шинэхэн номыг өнөөдөр уншиж дуусгав.
Өөрийнхөө гэрт, өөрийн аав ээждээ гадуурхагдаж, бие сэтгэлийн хүчирхийлэл дунд өсч буй хүүхдүүд. Тэд зүгээр л “надад хэцүү байна, намайг авраач” гэж хэлж чаддаггүй учир, тэдний аврал эрсэн чимээгүй хашгираан тэр болгон бусдад хүрдэггүй... Японы номын дэлгүүрийн худалдагч нарын саналаар шалгаруулдаг шилдэг бүтээлийн шагналыг энэ жил авсан. 「52ヘルツのクジラたち」
Япон хэлтэй найзууд уншаад үзээрэй. Хүнд сэдэв юм шиг боловч, нэг уншаад эхэлвэл зогсохооргүй сонирхолтой бичигдсэн, олон юм бодогдуулах ном.
Нээрээ халимны дуу сонсмоор байгаа хүмүүс энэ бичлэгийг үзээрэй. Аймаар ч юм шиг, гоё ч юм шиг, гунигтай ч юм шиг... Нойр муутай хүмүүс сонсвол бөх унтдаг гэсэн. https://youtu.be/Z1D1G7Hajxw

За нэг иймэрхүү. Гоё бичдэг улс зөндөө шүү. Би бичих гэхээр... Өөрийгөө голдог болсон. Саяхан нүүр номоор нэг бичлэг яваад байсан даа. "Даруухан болоод байна гэсэн чинь эрдэм сурцан байна лээшд" гэдэг шиг. Унших тусам өөрийнхөө түүхийг мэддэг болсон гэчих үү? Ккк

Ямартай ч алга болсон 1 сарын хугацаандаа уншсан нэг япон ном минь байлаа гэж. Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿