Тич Нат Хан "Инээмсэглэлийг амилаахуй" номын хэсгээс...
Бясалгал хийхийн тулд тусгай өрөөнд тусгай олбог дэвсэн суух, нэг бол бясалгалын төвд очих шаардлага ч байхгүй. Хаана ч байсан бясалгалыг хийж болдог.
Ажил дээрээ ч, машиндаа ч, олон хүнтэй дэлгүүрт ч, банкны дугаарт зогсож байхдаа ч хийж болно. Ядарснаа мэдэрсэн тэр л цагтаа өөрийгөө эргүүлэн авч болдог.
Амьсгалдаа анхаарлаа хандуулан, инээмсэглэхэд л болно. Энэ арга нь их энгийн бөгөөд хаа ч явсан газраа хийх боломжтой байгаа биз? Заримдаа хүн өөрөө өөртэйгээ ярилцаж, асуудалтайгаа тулж ажиллах хэрэгцээ шаардлага гардаг.
Мөн бясалгалыг ямар ч байрлалд хийж болно. Зогсож байхдаа, суугаад, хэвтээд, алхаад явж байхдаа ч хийж болно. Суугаад хийх боломжтой бол мэдээж суугаад хийсэн нь илүү аюулгүй.
Алхангаа бясалгах: Байгалийн үзэсгэлэнтэй газраар ганцаараа эсвэл найз нөхөдтэйгөө алхах. Ингэж алхангаа бясалгахын гол зорилго нь ямар нэгэн газарт хүрэхийн тулд бус зүгээр л алхахын тулд алхана гэсэн үг юм.
Алхаа нэг бүртээ анхаарлаа хандуулж, анхаарлаа төвлөрүүлж алхаа амсьгал хоёрынхоо хөгийг нийлүүлж өгнө. Нэг ёсондоо алхам бүрийн амтыг мэдэрч алхана.
Өнгөрснөө бодож гутралгүйгээр, ирээдүйг бодож санаа зоволгүйгээр яг одоогийн энэ мөчийг мэдэрч алхана. Хүүхдийнхээ гараас хөтлөөд хамтдаа алхсан ч болно шүү дээ.
Өөрийгөө энэ дэлхий дээрх хамгийн аз жаргалтай нэгэн гэж бодон алхана.
Үнэндээ бид алхаж буй нэртэй ч гүйгээд байдаг. Ямар нэг зүйлд яарсан, сандарсан зэргээр гүйхээрээ алхдаг. Ингэж гүйн алхах нь айдас, түгших, харуусал зэрийг л эх газартаа сийлээд байх шиг.
Бид алхаж байхдаа эх дэлхийдээ энхтайван, нам гүм, амар амгалангийн мөр үлдээж байх хэрэгтэй. Бид сэтгэл гаргаж чадвал, сэтгэлтэйгээр хандвал дээр хэлсэн энхтайван, амар амгаланг үлдээж чадна. Үүнийг хүүхэд ч чадах ёстой.
Эхний алхмаа бид ингэж талархалтайгаар гишгэлж чадвал дараа дараагийн алхмууд ч талархлыг дагуулна. Ингэж талархаж алхах нь бидний хүн төрөлхтний энхтайван, аз жаргалын төлөөх анхны алхам нь болж өгнө.
Алхангаа бясалгах үеийн алхаа нь ердийн алхалтаас арай удаан байх хэрэгтэй. Ингэж алхангаа бясалгал хийх үед нэг удаагийн амьсгал авалтаараа гурван алхам алхана. Гаргахдаа мөн адил гурван алхам алхана.
Ингэхдээ амьсгалаа "Аваад, аваад, аваад, гаргаад, гаргаад, гаргаад" гэж амандаа хэлэн алхана гэсэн үг.
Мэдээж хүн бүрийн алхалтын хэмжээ өөр өөр байна. Жишээ нь амьсгал авахдаа гурав, гаргахдаа дөрөв байж болно.
Энэхүү алхалт нь танд баяр баясал авчирч байвал зөв алхаж байна гэсэн үг. Эх газартайгаа хоёр хөлөөрөө харьцаж байна. Энэ мэдрэмжийг мэдэрч алхах хэрэгтэй.
Эх газрыг үнсэж буй мэт зөөлөн гишгэлж алхана. Бид үргэлж эх болсон газар дэлхийгээ гэмтээж, өвтгөж байдаг. Тиймээс энэ удаад эх газраа энэрэн хайрлан, энхтайван, амар амгаланг эргүүлэн өгч, харилцан биесээ хайрлаж байна гэж бодон төсөөлөн алхах.
Хааяадаа нэг үзэсгэлэнтэй гэж бодсон зйүлдээ нүдээ бэлчээж байгаарай. Цэцэг, мод, цовоо цайлган хүүхэд гэх мэт зүйлсэд хараагаа шилжүүлж, удаан гэгч нь харж байгаарай. Ингэж харахдаа авч буй амьсгалаа зүрх сэтгэл, оюун бодлоосоо салгаж болохгүй шүү.
Таны өөрийн алхалт бүрээс үзэсгэлэнт цэцэг дэлбээлүүлцгээе...
За нэг иймэрхүү зүйл уншлаа. Дуусаагүй л дээ.
Лам хүний бичсэн ном гээд л их сүрдээд, баахан бурхны үг хэллэг гарах байх гээд айгаад байсан чинь их энгийн зүйл бичжээ. Гэхдээ дуусаагүй болохоор дараа дараагийн хуудсанд юу гэж гарах нь сонирхол татаастай...
Мөн тэр гүйхээраа шахам алхдаг гэж намайг хэлж шүү. Би чинь их хурдан хурдан алхана. Ер нь нэг тийм тайван алхдаггүй. Бага зулзагатайгаа алхахдаа л жаахан удаан алхана. Гэхдээ сэтгэл санаа шал өөр зүйлд явж байдаг.
Энэ японд чинь цаг нартай уралдаад байгаа хэрнээ л ажил амждаггүй сонин. Гялс тэрийгээ хийчихье, шалавхан энийгээ хийчихье гээд шогшоод байгаа хэрнээ л амждаггүй.
Одооноос алхахдаа анхаарлаа төвлөрүүлж сурахыг хичээнэ ээ...
Бүгдэд нь амжилт хүсээд түр баяртай.
0 件のコメント:
コメントを投稿