2021年10月16日土曜日

Шүд шүд шүд

Бага зулзагын шүдийг үзүүлээд ээ. Яагаав, бичиж байсан даа. Ой 3 сар хүртлээ шөнөжин мөөмдөөд, бидэн хоёр. Тэгээд нэг мэдсэн чинь дээд үүдэн шүднүүд нь хорхой идчихсэн гэж. 

Шууд мөөмнөөс нь гаргаад, үзүүлээд яваа юм. Сая хотын эрүүл мэндийн газраас явуулдаг 2 настны шүдний үзлэгт хамрагдаад. Эмч нь одоо ийм хөөрхөн уйлахгүй үзээлээд чадаж байгаа юм чинь, эмчлүүлэхэд зүгээр гэж хэлсэн. 

Мөн нэг шүднийх нь өнгө нь өөрчлөгдөөд, буйлан дээр нь идээт зүйл гарсан байж. Анзаарсангүй өнгөрчиж. 

Анзаараагүй ч гэж дээ, орой бүр шүдийг нь угааж өгөхдөө хардаг л даа. Нэлээд дээхэн гарсан байхаар нь хүүхдийн эмчид үзүүлсэн чинь зүгээр, өөрөө эдгэнэ гэсэн юм. Тэгээд л санаа амарсан хэрэг. 

Заримдаа эмчийн үгэнд итгэж болохгүй юм байна гэдэг сургамж авлаа. 

Шууд маргааш нь шүднийхээ эмнэлэгт захиалгаа өгөөд. Орой нь ажил албаа тараад л очлоо. Ядаж байхад маш их хүнтэй. 17 цагт захиалгатай, цагтаа очсон бидэн хоёр бүр 18 цагт л арай хийж үзлэгийнхээ өрөөнд орж байгаа юм. 

Ёстой онц байсан, зулзага минь. Эмчлүүлээд авсан. Гэхдээ жаахан хүүхэд удаан цагаар эмчлүүлэх тэсвэр тэвчээр бага тул, хэд хэд очих ёстой. Эхний удаад ийм онцсайн эмчлүүлсэн тул, сайн магтаад өгөөрэй, дараа дараагийн эмчилгээ ч амжилттай явагдана шүү гэж эмч хэлсэн. 

Орой нь бид бүгд л онцсайн байсныг нь тал талаас нь магтаж, тэвэрч үнслээ. Өнөөх маань хамар нь сархайж ирээд л дуртай байна шүү. Одооны хүүхдүүд чинь магтуулж, онгироож байж хөгждөг болсон гэж үнэний ортой шүү. 

Дараагийн удаад 11 сарын эхээр очихоор захиалгаа өглөө. 

Бас нэг санаа зовоож байсан зүйлээ 2 ч эмчээс асуулаа. Юу вэ? гэвэл: Мөөмнөөс нь гаргаад удаагүй байхад, хөөрхий минь мөөмөө санасан юм байлгүй, доод уруулаа хөхөөд байсан юм. 

Оройд унтахдаа, өдрийн цагаар ч үе үе хөхөөд. Зогсоох гэж хүчлэхээр улам хөхөөд. Нетээс уншаад мөөмнөөс гарсан хүүхдүүд мөөмөө санахаараа хуруугаа хөхөх, ямар нэг юм үнэрлэх, доод уруулаа хөхөх зэрэг үйлдэл гаргадаг.

Яваандаа гайгүй болох нь ч бий, бүр болохгүй бол сайн хэлж ойлгуулаад болиулах хэрэгтэй гэж байхаар нь байдлыг харж байгаад болъё гэж бодоод, харзналаа. 

Нэг орой шүдийг нь угааж байхдаа, доод үүдэн шүднүүд нь жаахан дотогшоогоо болчихсон юм шиг санагдаад, доод уруулаа хөхдөгийг нь болиулахаар шийдлээ. Бас ч гэж болохгүй гэдэг үгийг ойлгодог ч болсон юм чинь. 

Байн байн л болиорой гэж хэллээ. Ээж хүү хоёр дахиж хөхөгүй гэж ам тангараг өгч авалцлаа. Хэ хэ. Хоёрхон настай үр минь ам тангарагаа баримтлана ч гэж юу байхав, мартчихсан л тууж явна шүү дээ. 

Цэцэрлэгийнх нь багш нарт ч бас хэллээ. Цэцэрлэгтээ хэрэв доод уруулаа хөхөж байвал хэлж болиулаарай гэж, хүслээ. 

Хэсэг хугацааны дараагаар гайгүй болоод ирсэн. Мөн ийм үйдлүүдийг нь арилгах, болиулахын тулд аль болох анхаарлыг нь сарниулж, хамтдаа тоглох, дуртай зүйлийг нь хийлгэх хэрэгтэй гэж уншсан тул аль болох хамтдаа тоглох, ном уншиж өгөх, дуу сонсож хамтдаа дуулах гэх мэтээр тулж ажиллаа. 

Эмч нар одоохондоо гайгүй, жаахан томроод явцыг харж байгаад хэрэв засахаар байвал засаад явна гэсэн. 

Бага зэрэг санаа амрав. Эгч нар нь шүдний асуудал бага, ийм туршлагагүй тул, бага зулзага дээрээ жаахан туршлагагүйтэж, ээж өөрийгөө буруутгаад л сууж байна. 

Эгч нарынх нь паянгаас туршлагажаад самар идүүлэхгүй байх, жижиг сажиг бөөрөнхий шүр энэ тэр ойр байлгахгүй байх, харагдвал шууд хаях гэх мэтээр анхаарч байгаа ч. Шүдний асуудал дээр алдаа гаргачихлаа. 

Дараагийн зулзага дээрээ анхаарна аа ч гэх шиг. Ха ха. Дахин зулзагалахгүй л дээ. Одоо ч эмээ болохдоо бэлдэнэ шүү дээ. О.зулзага удахгүй л найз залуу, нөхөр сүүдэр гээд ирэх биз? Ккк

Нэг хөөрхөн нь шүдний эмнэлэг нь хүүхдүүдэд зоос өгөөд, тэр зоосоороо нэг тийм тоглоом байдаг хайрцагнаас тоглоом авдаг юм. Гарч ирсэн нь жижигхэн, хуванцар бөөрөнхий саван дотор жижигхээн тоглоом байдаг юм. 

Өнөөх маань тэрэнд нь амташчихсан, эмчилгээ дуусав уу үгүй юу зоосоо нэхээд. Сувилагч хүүхнүүд сандраад, зоосоо хайж гүйгээд, эмч нь өөрөө зоос барьж ирж, эргүүлж өгөөд. 

Жаахан маамаа, дунд маамаа, том маамаа нартай ээж аавууд минь анхаарлаа жаахан ч гэсэн сарниулж болохгүй шүү. Байнга, үе үе анзаарч байгаарай гэж хэлье дээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿