2023年1月18日水曜日

Ад үзэгдэх зориг3

Зураггүй шүү. Хэ хэ. Ном унших болгондоо гоё гоё амттан идээд л, хоол идээд л байдаггүй л дээ. Заримдаа 00 орохдоо авч орно, заримдаа банкинд дарааллаа хүлээнгээ уншина, заримдаа машиндаа хүн хүлээнгээ уншина, заримдаа кассанд дарааллаа хүлээнгээ уншина гэх мэт. 

Жижиг ном бол гадуур дотуур авч яваад уншихад амар байдаг. Том ном боломж тааруу, ном уншдаггүй хүнд бол нэг их зузаан ном тэвэрчихээд дүр эсгээд байгаа юм шиг санагдах байх гэж "айдаг" байснаа больсон. Хо хо. 

Тэр хүн юу гэж бодох нь тэр хүний л асуудал. Би эмзэглээд байх шаардлагагүй. Сүүлийн үед айлгүй номоо гаргаж ирээд 5 мөр ч байсан хамаагүй уншдаг болсон. 

Ингэж уншихдаа наадаг цаас ашигладаг. Зогссон мөрнийхөө дээхэн хэсэгт нь аваачаад наачихдаг. Дараа нь шууд тэр мөрнөөсөө эхлэнэ. Хаана зогслоо гэж хайхгүй амар...

За энэ удаагийн "Аз үзэгдэх зориг"-н 2 дахь шөнийн ярианаас бичнэ ээ. 

"Бүхий л зовлонгийн үндэс нь хүн хоорондын харилцаа" гэжээ. 

Туйлын үнэн тийм ээ. Ах дүү амраг садан, найз нөхөд, үр зулзага гээд л бидний харилцаа асар адармаатай. Өөрийн юм гээд нэг юм хэлчихдэг цаадах нь гомдчихдог, гомдоохгүй гээд дуугай явахаар их зантай, тоосонгүй, хөндий хүйтэн болчихдог. Яг яалтай? 

Мөн би энд суугуул хотод шинээр ирж сурах гэж байгаа, ажиллах гэж байгаа хүмүүсийг тоохгүй байхаар шийдсэн. Нэг хэсэг ч нэг их тусч хүн болоод унаа тэргээрээ үйлчлээд, япон хэлээ гаргаад гүйдэг байсан. Ха ха. 

Сүүлдээ тэгж тусалж гүйсэн нь хамгийн адгийн амьтан нь болж дуусдаг шиг байна лээ. Бүр би өөр дээрээ баталсан туршлага шүү. Одоо анх уулзаж учирч байсныгаа мартаад танихаа байсан улс бий бий. 

"Хүлээн зөвшөөрнө гэдэг өөрөө эрхэм суртал".

Зээ бусдыг хүлээн зөвшөөрөх, өөрийгөө хүлээн зөвшөөрөх чухал гэж сүүлийн үед их сонсож, уншиж байна өө. Бага багаар хэрэгжүүлж л байна. Зулзагуудаа, хань ижлээ хүлээн зөвшөөрч, ихийг шаардахгүй байхыг зорьж байгаа. Заримдаа ч ноён нуруу хугарчих гээд, үглэчихсэн л сууж байдаг. Хи хи. 

"Дутуугийн мэдрэмж өөрөө хэрхэвч муу зүйл биш". 

"Биеэ магтах нь дутуугийн мэдрэмж тээж буйн шинж".  

"Дутагдсан хэсгээ хэрхэн яаж нөхөх вэ? Хамгийн эрүүл арга хэмжээ бол хүчин чармайлт гаргаж, өсөж дэвжих замаар нөхөхийг хичээх. Эрдэм номд шамдах ч юм уу, бэлтгэлээ сайн базаах ч юм уу, ажилдаа сэтгэлээсээ хандах гэх мэт". 

Гэх мэтээр бичсэн байна лээ. Энэ хэсэгт бас "Давуу чанарын эрэлхийлэл" гэдэг нэр томъёо гарж ирдэг. 

Сонирхож байвал өөрсдөө уншина биз дээ? 

"Эрүүл дутуугийн мэдрэмж гэдэг бол бусадтай харьцуулсан харьцуулалтаас үүсэх бус, зорьж буй "төсөөллийн төгс өөртэй"-гөө харьцуулсан харьцуулалтаас үүсдэг". 

"Одоогийн өөрөөсөө ахин хөгжихөд л гол үнэ цэнэ оршиж байдаг". 

Зээ хө, энэ харьцуулалт гэхдээ их байх гээд байдаг тийм ээ. Жишээ нь энэ хэл усны асуудал дээр бол байнга шахуу шүү дээ. Ажлаар энд тэнд явж байхад, сэнпай нар, коохай нарын дунд гээд л чадалтай хүмүүс зөндөө. 

Тэгэхээр өөрийн эрхгүй л өөрийгөө харьцуулчихсан сууж байдаг дөө. Ойрд коронагаас болоод ажлаар орж гарахгүй болохоор энэ харьцуулалт харьцангуй бага байна. Хэ хэ. 

Та нарт ийм тохиолдол байдаг л биз дээ? Үгүй бол маш сурхий байна шүү...

"Хүмүүсийг өөрийн найз гэж мэдэрч чадвал ертөнцийг харах өнцөг тэс өөр болно". 

"Бурууг хүлээн зөвшөөрөх нь ялагдал биш". 

"Уур гэдэг эмоцыг ашиглалгүйгээр асуудлыг шийдэх аргад суралц". 

Энэ хоёр дахь шөнийн ярианд нь "Амьдралын даалгавар" гээч зүйл гарч ирдэг. Уншихаар бас их хөөрхөн. Та нар өөрсдөө уншина биз дээ? 

"Адлерын сэтгэл судлал гэдэг бол бусдыг өөрчлөхийн төлөөх сэтгэл судлал бус, өөрөө өөрчлөгдөхийн төлөөх сэтгэл судлал юм". 

Энэ их зөв хэлсэн байгаа биз? Бид бусдыг л өөрчлөх гээд байдаг тийм ээ. Зулзагуудаа, хань ижлээ, хадмуудаа гэх мэт. Хэ хэ. 

Би ч нэг хэсэг хань ижилдээ их үглэдэг байсан. Эндээ бичдэггүй л болохоос. Ха ха. Яг юу гэж үглэдэг нь нууц хэвээрээ үлдэг дээ. Хо хо. 

Сүүлийн үед, сүүлийн хэдэн жил бол үглэхээ бараг больсон. Тэр энергээ ном уншихдаа зардаг болсон. Чимээгүй номоо бариад өөр өрөөнд 5 минут суухад л хангалттай. 

Номондоо ороод, үглэх гэж байсан сэвдээ мартчихдаг. Ккк. Харин зулзагууддаа бол үе үе гарцаагүй үглэж таардаг. Энэ яваандаа багасах байх аа. Томроод ирэхээрээ угаасаа гайгүй болох гэж бодном. О. зулзага шиг. Эсрэгээрээ ч байж магад. 

Нэг иймэрхүү, үргэлжлэлийг бичих эсэхээ сайн шийдээгүй байна аа. Зав гарвал, бишээ сэтгэл төрвөл бичнэ ээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿