2023年1月14日土曜日

Ад үзэгдэх зориг





Зээ энэ "алдарт" номыг өнгөрдөг жил эх хэлээр нь уншиж эхлээд, дуусгалгүй орхисон. 

Монголоос орчуулга нь ирэнгүүт барьж аваад, уншсан. Уламжлал ёсоороо наадаг цаасаа наагаад л, шар тодруулагчаар тодруулаад л сүрийг бадруулж уншсан. 

Хэд хэдэн зүйлийг сүрхий ойлгосон. Хэрхэн ойлгож, тунгааж, өөртөө хэрэгжүүлэхийг амьдралдаа, өдөр тутамдаа үйлдэж буй үйлдэл минь харуулах байх даа. 

Одоогоор нэг их дэвшил алга. Гэхдээ нэг хөөрхөн ажил эхлүүлсэн. Жил гаран болж байна. Ямар ажил вэ гэдэг нь их гэгээлэг ээ. Хэ хэ. Хэлэх, бичих дур хүсэл төрвөл бичнэ ээ. Тэр болтол та нар минь хүлээгээрэй. 

Зээ тэгээд энэ ном өөрөө бүхэл бүтэн философийн ухаан шүү дээ. 10 жилийн нийгмийн хичээлээр л нэр усыг нь сонсоод, үзэл бодлыг нь хальт цээжилдэг байсан дэлхийн философичдийн нэр ус хаа нэгтээ гарна. Одоо гэхдээ тэр онол, үзэл санаанаас нь нэг нь ч толгойд үлдээгүй байдаг юм байна өө. 

Амьдралд нухлагдаад тэр үү? Эсвэл угаасаа уншаад л дуусдаг, тухайн үедээ л номоороо амьсгалаад, дараагийнхаа номыг эхлүүлчихээр өмнөх уншсан номоо мартчихдаг миний муу зангийх уу? Бүү мэд. 

Бичнэ дээ гэж явсаар жил дамначихлаа. Тэгсэн харин элссэн  номын клубынхан маань энэ номыг уншиж ярилцах санал гаргаад, би ч уншчихсан юм чинь гэж маадгар байснаа бас тэсэлгүй номын сангаасаа гаргаж ирсэн. 

2 дахь удаагаа уншихад бас л хөөрхөн хөөрхөн санаа оноо авсан. Хамгийн гол нь хүмүүс чинь уншсан номоо маш сайн өөрийн болгодог, ярилцдаг, ойлгодог, ухаж төнхдөг юм байна гэж мэдэж авсан. 

Угаасаа номын тэмдэглэл бичдэг сүрхий сүрхий бүсгүйчүүд байдаг даа, та нар ч  андахгүй байх тийм үү? Би ч тэд нарын бичсэнийг алгасалгүй уншдаг тул өөрөө бичихээс ичээд, санаа зовоод, залхуураад, хувь болон хувьсгалын ажилдаа түүртээд гээд олон л шалтаг тоочдог хүн болчихожээ. 

Ямар сайндаа ойрд блогоо бичих хүсэл ч дундарчихаад байна...

Гол ойлгосон зүйлээ бичихэд байна шүү дээ, "Хорвоо ертөнц чинь асар энгийн, тэр энгийн зүйлийг бид өөрсдөө адармаатай болгоод байдагт, тэр адармаат юмсыг нь бид өөрсдөө очоод сонгочихоод байдаг юм байна. Өөрсдийн минь сонголтоос үүдээд бид аз жаргалтай амьдарч чадах юм байна" гэдэг өнцөг.

Бодоод байсан үнэн л байна. Миний өдөр тутмын сонголт л өдөр тутмын минь амьдралыг сонирхолтой, энгийн, хэвийн, аз жаргалтай, гунигтай гэх мэт хэв маягт оруулаад байна. 

Ямар нэгэн алдаандаа өөрийгөө биш, өрөөлийг буруутгах, өрөөл л миний аз жаргал, амжилтанд нөлөөлөөд байна гэж бодоод байна, Ихээхэн танил байгаа биз? Би ч энэ номонд гардаг залуу шиг л сэтгээд, бодоод бухимдаад байх үе зөндөө, зөндөө ч гэж дээ байнга шахуу...

Зээ тэгээд гоё гоё ишлэл зөндөөг тодруулсан, дараагийн бичлэгт ганц нэгээс нь бичнэ ээ. Үе үе номоо гаргаж ирж харж байх, мөн Алфред Адлерийн тухай, бусад бичсэн номнуудаас нь унших гээд л олон олон санаа төрсөн. 

Гол нь гүйцэтгэх чухал... 2023 онд өмнөх жил авчирсан бүх номоо уншиж дуусгана даа. Ад үзэгдсэн ч хамаагүй. Хэ хэ.

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿