2023年3月15日水曜日

Гүйгээд л 2

"Гүйгээд л" бичвэрийн үргэлжлэл шүү. 

Эмнэлэг орохдоо зулзагаа гутлыг нь өмсүүлэлгүй тэвэрч машинд суулгаад, тэврээд буугаад байсан юм. Харьж ирээд гутлыг нь бусад цүнх энэ тэртэйгээ хамт оруулна даа гээд хойд талаас нь аваад доорх зураг шиг машин дээрээ тавьлаа. 

Урдах суудал дээрх цүнх энэ тэрээ аваад машинаа түгжээд орлоо. 

Маргааш нь буюу бүтэн сайны өглөө би ажилтай, өдөр хоёр зулзагаа пианика хөгжмийн концертонд хүргэж өгөхөөр тохироод, баахан үүрэг даалгавар өгөөд ажилдаа явлаа. 

Байшингууд дундаа хурд багатай явж давхиж байсан чинь алхаж явсан эмээ өвөө хоёр над руу хараад л байна. Булан тойрсон ч хараад л байлаа. Би хальт толгой дохил өнгөрөв. 

Ажлаа хийгээд сууж байсан тэр эмээ өвөө хоёр л бодогдоод болдоггүй ээ. Масктай болохоор нь би таньсангүй юу? Хэрэв таньдаг бол мэнд мэдээгүй ёс алдлаа даа гээд л...

Цайны цаг ч болов. Гэр лүүгээ жирийлгэв. Зулзагууддаа аваад гарах боллоо. Багынхаа гутлыг хайгаад олдоггүй. Хааччихав аа болоод л дуу минь чангараад ирлээ. 

Тэгснээ гэнэт саналаа. Гарч машиныхаа оройг харлаа. Яаж байхав дээ, тийм ээ?  Зуны сандаал байсан тулдаа аминд орлоо. Өглөө явсан замаараа аажуухан давхилаа. 

Зүүн хойд хаалганы дээр тавьсан байсан тул зүүн тийш хараагаа бэлчээгээрэй гэж үүрэгдээд, өөрөө ч хальт бас хараад л явлаа. Байдаггүй. 

Ингээд нэг гэрлэн дохион дээр ирлээ. Бид зүүн эргэнэ. Өглөө ажилдаа явахдаа баруун эргэсэн юм. За энэ хүртэл алга, буцахдаа л амжвал тэр замаар явна даа гэж байтал дунд зулзага:
-Ээж ээ, нэг юм харагдлаа. Гэхдээ хэрээ ч байж магад шдээ. 
-Хэрээ нисээд явчихна биз дээ? Өнгө нь ямар байна? 

Хоёрыгоо буулгаж өгчихөөд буаад л давхилаа. Тэгсэн хөөрхөн ингээд торойгоод байж байдаг байгаа. 

Мэдээж унахдаа ингэж зэрэгцээд л унаагүй нь лавтай. Ард явсан машинь эсвэл өөр нэг машины жолооч буугаад л цуглуулж ингэж өрж тавьсан байх. Баярлалаа гэж хэлмээр байдаг. Хэ хэ. 

Ар хэсэг нь жаахан шамшийсан байсан. Бодвол арын машин унахад нь амжаагүй дайрсан байж магад. Тэр ч одоо дүүрч. 

Би өөрөө сайхан хэлбэрт нь оруулаад хэд хэд "илчихсэн". Буцаад хэвэндээ орчинхо лээ. Удахгүй багадхын хооронд бас шинээр гутал авч илүү зардал гаргамааргүй байсан. 

Ашгүй олоод санаа амарсан. Тэгээд л бодлоо. Монголд бол хүүхдийн гутал, оймс олох сайн гээд л аваад явчихсан байх даа гэж...

Яагаад л ойрдоо бид паян ихтэй байна аа, эх оронд минь Богд тодроод сүйд болж байна, ном зом уншуулах уу? гэж бодож байтал хонх дуугарч шуудан ирэв. Юу байсан гээч? 

"Айраг". Булганых. Шууд задлаад уув. Сэтгэл сэргээд л явчихсан. Айраг явуулсан дүүдээ болон ээж аавд нь баярлалаа. 

Хань ижил эзгүйд дээж энэ тэрийг өгнө гэсэн явдалгүй шууд л задлаад уучихсан. Хэ хэ. Тэртэй тэргүй хоёр байсны нэгнийх нь дээжээс л өгөхөд болно тийм үү? 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт, хайрыг хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿