За ойрд юм л бол ном барьж авч байна. Юун төлөө баахан ном худалдаж аваад, хүмүүст төвөг удаж нааш нь зөөлөө дөө. Гэснээс дахин баахан ном ирнэ. Наашаа ирэх хүмүүсийн тухай сураг сонсвол шууд л хэн хэнтэй найз байна гэж нүүрномноос хайж байгаад л дундын найзуудаасаа гуйдаг болсон. Хо хо.
"Сэргэлээн хүүхээн шүү". Яг энэ мөрийг та нар кинонд гардаг хэсгээр нь уянгалуулж хэлээрэй. Хэ хэ.
Хэтэрхий сэргэлэнтээд байгаад уучлаарай, мөн маш их баярлалаа. Буянаа нэм.
Энэ "Үлгэр дуустал хайрлана" номыг Монгол дахь дүүдээ эрхлээд нэг номны оронд бэлгэнд авсан. Х.Болор-Эрдэнэ зохиолчийн хэд хэдэн номыг уншсан. Бүгд тун догь. Блог нь ч амттай байсан. Бич гэж хэлмээр л байдаг.
Сентиметаль зохиол гэсэн. Би энэ гадаад үгийг мэддэггүй ээ. Толь бичгээс харж мэдэж авлаа.Эхэндээ гайхаад, яагаад тэгж аашлаад байгааг нь мэдэхгүй. Тэгсэн нэг япон хүүхэн сэтгэл санааны, сэтгэцийн өвчин байх гэж хэлэхээр нь нээрээ юу билээ? гэж бодон тийм өвчны талаар уншсан.
Тоохгүй орхигдуулбал маш их хор хөнөөлтэй, уг хүндээ ч, эргэн тойрныхондоо ч...
Үлгэр, Тусгал, Хүрмэн, Гэхдээ, Инээмсэглэл, Чагт, Хавар, Зун, ээж эмээ, охин, аав, хойт аав, хамаатан, шөнө дөлөөр хээр гадаа оролддог хамаатны ах, морины хүүхдүүд, үсчний газрын солонгос эзэн, аарц...
Үнэхээр аймшигтай дүр зураг, уншиж байх явцад нэг тийм айдастай, түгшүүртэй байсан. Яах бол? Зэвүүн юм бэ? гэж бодон бодон уншина. Хамгийн гол нь бодит амьдралаас сэдэвлэсэн гэхээр бас л аюумшигтай нийгэмд амьдраад байна аа бид...
Мөн багадаа авсан тэр сэтгэлийн айдас, эмгэг нь үүрд ямар нэгэн байдлаар бидэнд нөлөөлөөд, дагаад байдаг гэж бодохоос надад ч бас тийм нэг айдас, хүйдэс, мэдрэмж байдаг л байх...
Эмчлүүлмээр санагдав...
Гол баатар Үлгэр бүсгүй сэтгэлд нь бах бөх шингэчихсэн тэр нэгэн айдаснаасаа салах гэж эмчид хандан, мартахыг хүссэн, мартагдсан дурсамжуудаараа аялан, жаахан бяцхан охиноос уучлал эрэн буй тухай гарна.
Алсдаа бүх зүйл сайхан болж, ээж, нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай бүсгүй болно. Гялалзана.
Энэ л их сайхан байлаа.
Маш их таалагдсан мөртөө бичлээ. Бусдад өгч болно гэхдээ өөртөө үлдээ гэдгийг нэлээд олон жилийн өмнө мэдэрч, амсаж билээ. Юутай үнэн үг вэ гэж бодон шар өнгөөр тодруулаад, цаас наасан. Эндээ ч бас бичлээ.
"Бусдад өг. Гэхдээ өөртөө ч бас үлдээ. Бусдыг сонс. Гэхдээ өөрөө ч бас ярь. Бусдыг хайрла. Гэхдээ өөрийгөө бүү дэвсэл".
Амтархан, салалгүй, цаашид яах бол гэж бодон бодон хоёрхон хоногт уншсан зохиол байлаа. Ер нь зохиолчийн зохиолууд тийм, төгсгөлийг нь хурдхан шиг мэдмээр санагдаад, асар богино хугацаанд уншдаг, хэзээ ч уйдаадаггүй.
Бодит амьдралаас сэдэвлэсэн болохоор би ч бас үсчин Үлгэрт толгойгоо угаалгаж үзмээр санагдав. Тэр бүр үсчин ороод байдаггүй тул үсчинд толгойгоо угаалгаж буйгаар өөрийгөө төсөөлөн төсөөлөн уншив.
Мөн зохиолчийн хань ижил Б.Эрдэнэсолонгынх нь бичсэн шүлэг таалагдсан. Нэг тийм даруухан хэрнээ час хийсэн шүлэг бичээд байдаг тийм ээ?
Хойшид ч Х.Болор-Эрдэнэ зохиолчийн шинэ зохиолыг гарсан даруйд нь ямар зохиол болсон бол гэж эргэлзэж тээнэглэзэлгүй захиалж унших болно.
Түр баяртай, бүгдэд нь амжилт болон хайрыг хүсье.
0 件のコメント:
コメントを投稿